Цөмийн энергийн чиглэлээр 10 оюутанг ОХУ-д сургана
Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газар, ОХУ-ын "Росатом" Улсын корпораци хооронд мэргэжилтэн бэлтгэх тухай хамтын ажиллагааны "Харилцан ойлголцлын санамж бичиг"-ийн дагуу цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн чиглэлээр ОХУ-д 2014 оноос эхлэн суралцах оюутны сонгон шалгаруулалтыг зохион байгуулж байна.
Сонгон шалгаруулалтын бүртгэл энэ долоо хоногийг дуустал Цөмийн энергийн газарт явагдах бөгөөд тодорхой шаардлагыг хангасан сурагчид хамрагдах боломжтой. Тодруулбал, сурлагын голч дүн 3-аас дээш байх, суралцахыг хүссэн мэргэжлийн “Бүрэн дунд боловсролын гэрчилгээ”-ний дүн А, В байх, 21 хүртэлх насны Монгол Улсын Иргэн байх гэсэн шаардлагууд байгаа аж. Гуравдугаар сарын 22, 24-ний өдрүүдэд шалгалт авснаар шилдэг 10 хүүхдийг ОХУ-д суралцуулах юм байна.