Л.Энхболд 2016.08.25 | Сонин: Өдрийн сонин

Л.Энхболд: Эдийн засаг, санхүүгийн сахилгагүй байдал их байна

Л.Энхболд: Эдийн засаг, санхүүгийн сахилгагүй байдал их байна
УИХ-ын гишүүн Л.Энхболд

УИХ-ын гишүүн Л.Энхболдтой ярилцлаа.

-Эдийн засгийн хямралаас гарахын тулд цалин хөлсийг багасгаж, халамжуудыг зогсоогоод эхэллээ. МАН амласнаасаа эсрэгээр хөдлөөд байна уу даа?

-Сонгуулиас өмнөх Монгол Улсын эдийн засгийн байдлын ойлголт, өнөөдрийн эдийн засгийн байдлын ойлголт хоёрын хооронд маш их зөрүүтэй асуудал бий болчихлоо.

Сонгуулиас өмнө аль аль нам нь ард түмнээ хуураад явчихсан байгаа байхгүй юу. Яагаад гэвэл мөрийн хөтөлбөрүүдэд нь маш их халамжийн бодлогуудтай, сайхан сайхан төсөл хөтөлбөрүүд багтсан байсан.

 Жишээ нь,  АН гэхэд “Сайн” хөтөлбөрүүдтэй, МАН уламжлал болгон хэрэгжүүлж байсан хүүхдийн мөнгө, оюутны тэтгэлэг, зээлийн сангууд бүрдүүлэх зэрэг санхүүтэй холбоотой олон асуудлыг мөрийн хөтөлбөртөө дэвшүүлж оруулж ирсэн.

Эдийн засгийнхаа байдлыг зөв оношлоогүйгээс аль аль нам нь ард түмнээ хуурах асуудал руу орчихож байгаа байхгүй юу. АН хэрэв тэр “Сайн” хөтөлбөрөө ярьсаар байгаад ялсан бол тэдгээр хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг  эргээд асуудал болох байж.

Үүнтэй адил МАН буруу мэдээлэл дээр тоглож, буруу статистикийн мэдээлэлд тулгуурлаж мөрийн хөтөлбөрөө боловсруулж сонгуульд орж ялалт байгуулсан нь эргээд хүнд байдалд оруулчихаж байна.

Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх гэтэл бодит байдал нь хүнд байна. Ийм л байдал үүсчихлээ. Би саяхан орон нутагт ажиллаад ирсэн.

Одоогийн нөхцөл байдалд сонгуулиар бидний ярьж байсан юм худлаа болж таарах гээд байна. Муу нуухаар сайн илчил гэгчээр эдийн засгийн үнэн бодит байдлыг ард түмэнд хэлэхгүйгээр мянга сайхан юм яриад цаана нь хэрэгжүүлэх үндэслэл байхгүй байна.

Тэгэхээр тэрийг хэрэгжүүлэх нь цаашдын зорилго болж үлдээд ямар нэгэн шийдвэртэй алхмыг яаралтай хийхгүй бол Монгол улсын эдийн засаг хүнд байгааг бүгд мэдэж байгаа.

УИХ-ын гишүүд Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгчийн мэдээллийг сонсоцгоосон. Монгол Улсын эдийн засаг ирэх жил улам хүндэрнэ. Жил хагас эсхүл хоёр жилийн дараагаас гэрэл гэгээ гарах үндэслэл бий.

-Ямар үндэслэлүүд вэ?

-Мэргэжлийн Засгийн газраас хэрэгжүүлж эхэлж байгаа ажлуудыг харахад зөв бодлого эхлүүлэх гэж байна гэж харж байгаа.

Ээлжит бус чуулганаар эдийн засгийн төсөл хөтөлбөрүүдээ танилцуулах байх. Засгийн газрын болоод МАН-ын мөрийн хөтөлбөрийн заалтууд ч орж ирнэ. Дэвшүүлсэн хөтөлбөрүүдээсээ ч татгалзах зүйл гарч болзошгүй.

Оюутны 70 мянган төгрөг, МСҮТ-ийн суралцагчдад олгодог тэтгэлгээ зогсооё, хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт нь өгье гэж байна. Ийм халамжийн бодлогуудыг жаахан ч гэсэн хойшоо тавиад эдийн засгаа зөв голдирол руу оруулахгүй бол болохгүй байна. Энэ нь  өнөөгийн нөхцөл байдалд мэргэжлийн Засгийн газрын авах арга хэмжээ байхыг үгүйсгэхгүй.

Гэхдээ миний хувийн бодлоор энэ улс орныг хямралаас гаргахын тулд мөрийн хөтөлбөртөө тусгасны дагуу томоохон мега төслүүдээ явуулах хэрэгтэй .Монгол улсад ашигтай Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд явуулах хэрэгтэй шүү дээ.

Хоёрдугаарт, үйлдвэржилтийг яаравчлуулах хэрэгтэй. Өөрсдөө экспортлогч болж, дотоодын хэрэгцээгээ хангахгүй бол импортлогч байгаад байвал эдийн засгаа тэтгэх бололцоогүй болчихно.

Гурав дахь асуудал нь хариуцлагагүй асуудалтай тэмцэхгүй бол болохгүй байна. Эдийн засаг, санхүүгийн сахилгагүй байдал их байна. Цаашлаад энэ оффшор дансны асуудлыг сөхөж гаргаж ирэхгүй бол болохгүй болчихоод байна.

Магадгүй Монгол Улсын эдийн засгийн нэлээд хэсэг нь оффшор дансанд явж байгааг үгүйсгэхгүй. Төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг бууруулж болж байна. Энэ бол тэвчиж болох зардал байхгүй юу.

Цаашид янз бүрийн татварын бодлогуудыг оруулж ирээд бизнес эрхлэгчдэдээ дарамт учруулах гэдэг ч юм уу ийм байдлаар эдийн засгаа сэргээх бололцоогүй. Санхүүгийн хариуцлагын асуудлыг чандалж гаргаж ирэхгүй бол болохгүй. Сангийн яамны мэдээллээр орлогын дөрвөн эх үүсвэртэй явж байна гэсэн. Дөрвөн баланстай гэсэн үг.

Дөрвөн эх үүсвэртэй, дөрвөн зарлагатай явж байна. Үүнийг нэгтгэж нэг ойлголттой болохгүй бол эдийн засаг ямар байдалтай явахыг нь сая урьдчилаад гаргачихлаа. Өнөөгийн Засгийн газраас хийж хэрэгжүүлэх хэрэгжүүлэх асуудлуудыг ээлжит бус чуулганаар нэлээд ярина. Эдийн засгийн байдлыг цаашид хэрхэн даван туулах асуудлыг ярих байх.

Нэн тэргүүнд барих ёстой бодлого бол үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчид буюу баялаг бүтээгчдийн татварын бодлогыг зөв болгож гаргаж ирэх ёстой. 1.5 тэрбумаас доош орлоготой бол нэг хувь болгоно гэж буй. Үүнийг яаралтай хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй.

 Санхүүгийн хариуцлагын тухайд Хөгжлийн банк төдийгүй төрийн өмчит томоохон байгууллагуудад ч шаардлагатай гэвэл шалгалт оруулах хэрэгтэй байх. Гэх мэтчилэнгээр зөв зүйлээр гаргаж ирэхгүй бол дан гадаадын өр зээлтэй холбоотой асуудлаар явбал хүнд. ОУВС-гаас “Стэнд бай" хөтөлбөрийг ярьж байна. Манайх ч бодолцож үзэж байгаа.

-Хүүхдийн мөнгө, оюутны 70 мянгаар голоо зогоодог айл өрх олон бий. Эдгээр халамжуудыг багасгаж, түр зогсоож байна. Энэ байдал хэр үргэлжлэх вэ?

-Үргэлжлэх хугацааг богинохон байгаасай гэж хувийн зүгээс бодож байгаа. Төв орон нутгийнхан эдийн засгийн хямралд өртөөд байгаа юм биш.

Хөдөө орон нутгийнхан ч ялгаагүй хямарч байна. Малын гаралтай түүхий эдийн үнэ навс уначихсан байгаа байдал нь хөдөөний малчдын амьдрал ахуйд шууд нөлөөлж байна.

Өмнөговь аймаг эдийн засгийн хямралд илүүтэй өртөнө. Яагаад вэ гэвэл уул уурхайгаас хэт хамааралтай аймаг. Уул уурхай зогслоо. Бүх ажилчид нь ажилгүй болсон.

Уурхайн ажилчид харьцангуй өндөр цалинтай учир түүнийгээ барьцаалаад маш олон төрлийн зээлд хамрагдчихдаг. Ингэхээр эдийн засгийн хямралд хамгийн их өртөж байгаа аймаг нь Өмнөговь ч хамгийн хурдан хөл дээрээ босох нь Өмнөговь аймаг. Оюу толгой төсөл, Таван толгой төсөл гээд стратегийн томоохон ордууд Монгол Улсад ашигтайгаар хэвийн ажиллаад явахад ажлын байр бий болно.

Саяхан шат дарааллаар нь уурхайнуудаар явж ажил байдалтай нь танилцлаа. Одоо уурхайн удирдлагуудтай уулзахаар төлөвлөчихөөд байгаа.

Улсын хэмжээнд халамж, хүүхдийн мөнгөөр амьдардаг айлууд олон бий. Тиймээс зорилтот бүлэг рүү чиглэсэн энэ халамжыг зогсоож болохгүй.  Аль болох хурдлуулах.

Гэхдээ ямар нэгэн байдлаар бүсээ чангалахгүй бол болохгүй нөхцөл байдал үүсчихээд байгаа байхгүй юу.

Ирэх жил улам хүнд байна. Бондуудын үндсэн зээлийг төлөөд эхэлнэ. Одоо бол зээлийн хүүний асуудал л яригдаад байгаа. Сонгуулийн өмнө хэлж байсан эдийн засаг өнөөдөр бодит хэлбэр рүүгээ орчихлоо. Тэрнээс гарах арга замыг мэргэжлийн Засгийн газар яаралтай гаргаж ирж хамтын шийдвэр гаргах хэрэгтэй.

-Та Өмнөговь аймгийн ИТХ-д сууж байхдаа говийн нэмэгдэл гэдэг зүйлийг санаачилж байсан санагдана?

-Би хувийн секторт ажиллаж байсан л даа. Өмнөговь аймгийн 100 гаруй тэрбум төгрөг батлагдаад улсын төсөвт 7-9 тэрбум төгрөгийн дэмжлэг өгдөг.

Өмнөговийн төсөв өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 100 гаруй тэрбум төгрөгөөр л батлагдаад яваад байсан юм. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 14 сумынхаа төсөвт байгууллагуудын буюу төрийн албан хаагчидтай уулзаж үзэхэд тэд бүгд банкны зээлтэй байсан.

Тэгэхээр нь говийн нэмэгдлийг санаачилж байсан юм. Түүгээр бол төсөвт байгууллагын ажилчинд жилдээ ойролцоогоор 600 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлчихэж байгаа юм.

Орон нутаг нь үүнийг шийдэх бүрэн бололцоотой. Тэр нь цалин, түүнтэй адилтгах орлого биш юм. Өмнөговьд зардал нь хэт их, дэд бүтэц рүүгээ яваад иргэд рүүгээ хандаагүй. Нийгмийн бодлогоо орхигдуулчихсан байсан.

ИТХ-д цөөнх байсныг хэлэх үү. Асуудлыг тэгж тавьж ирсэн. Одоо энэ асуудлыг цааш үргэлжлүүлэх боломжтой ч бас эдийн засгийн чадавхи ямархуу байх нь вэ харах ёстой байх.

-Хувийн сектор гэхээр та ямар чиглэлээр бизнес эрхэлж байв?

-Санхүү, үйлдвэрлэл, барилгын салбарт ажиллаж байсан. Улс орон минь дээр миний хэлсэн гурван үндэслэлээр л хөл дээрээ босно доо. Томоохон төслүүдээ явуулж, үйлдвэржилтийг эрчимжүүлж намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “21:100” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Ингээд сүүлд нь санхүүгийн хариуцлагыг сайжруулах хэрэгтэй байна Хариуцлага тооцохгүй бол луйвар хийгээд л мөнгө хамаг замбараагүй үрж зугтаагаад л алга болчихож байна.

Ийм л нөхцөлд байдал үүсэж байгаа учир хариуцлага тооцоод оффшор дансны асуудалтай холбогдуулан хуулийн төсөл өргөн барих тухай зарим гишүүн ярьж л байна.

Санхүүгийн хариуцлага, сахилга бат гэдэг бол үнэхээр чухал. Би эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй болохоор санхүүгийн сахилга батыг зайлшгүй мөрдөх ёстой гэж хардаг.

-Өнөөдрийн хувьд мэдээллийн орчин, цахим ертөнцөд хүүхдийн мөнгө, оюутны тэтгэлэг, 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж зэрэг халамжтай холбоотой асуудал анхаарлын төвд байна?

-36 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг бууруулахаас өөр аргагүй. Ямар зардлуудыг танах вэ гэж дүн шинжилгээ хийж байна. Тансаглал, томоохон удирдлагуудын зардлыг бууруулж байна.

Өнөөдрийн нөхцөл байдалд эдийн засгаа аврахын тулд ийм алхмаар эхлүүлэхээс өөр онол гарч ирэхгүй л дээ. Монгол Улс бол хөгжих бүрэн бололцоотой. Гуравхан сая хүн амтай, 56 сая малтай. Мал аж ахуйн том салбартай. Түүн дээр нь Монголыг байтугай дэлхийг тэтгэх уул уурхайн баялагтай.

Миний бодлоор хөгжлийн гурван хүчин зүйл байдаг юм. Нэгдүгээр хүчин зүйл нь эдийн засаг, хоёр дахь нь эрх мэдэл, гурав дахь нь сэтгэл. 1.5 тэрбум ам.долларын бонд босгож ирсэн.

Эдийн засаг, эрх мэдлийг нь өгсөөр байтал сэтгэл нь дутсан. 56 сая малаа яах вэ, гуравхан сая хүнээ яах вэ гэж бодоод уул уурхайгаа зөв менежментэд оруулж эдийн засгаа санхүүгийн сахилга баттай зөв явуулчих юм бол энэ чинь сэтгэл байхгүй юу.

Энэ удирдах гээд байгаа Засгийн газар, УИХ-ын гишүүд маань сэтгэл гаргаад зөв явуулчих юм бол ямар ч асуудал алга. Их л энгийн асуудал шүү дээ.

 Өнөөдрийн хувьд Засгийн газар ийм алхам хийхээс өөр ямар ч арга байхгүй байна. Маш олон талаас нь ярилцаж байгаа. Ээлжит бус чуулганаар бүр ч олон талаас нь ярилцана.

Ярилцсан Д.ГАНСАРУУЛ