Болд.Л 2016.10.12 | Сонин: Өглөөний сонин

УИХ-ын гишүүн Л.Болд тойрогтоо ажиллаж байна

УИХ-ын гишүүн Л.Болд тойрогтоо ажиллаж байна

Сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль хаяанд ирсэн энэ үед УИХ-ын гишүүн Л.Болд намаа төлөөлөн оролцож байгаа гишүүдээ дэмжиж Хан-Уул дүүрэгт ажиллалаа.

Тодруулбал, Л.Болд гишүүн тус дүүргийн VI хороонд нэр дэвшиж буй О.Батхуяг, Г.Золбаяр, V хороонд АН-аас нэр дэвшигч Б.Батзаяа, Г.Ууганбаяр нарын сонгуулийн штабаар зочилохоос гадна иргэдтэй уулзсан юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд “Өнгөрсөн хугацаанд Хан-Уул дүүргийнхэн бүх шатандаа зангидсан гар шиг ажиллаж олон амжилтын эзэд болсон. Бидний ажлын үзүүлэлтэд тоо ч бий, чанар ч бий. Цаашид ч ажил, амжилтаа ахиулахад нэгдмэл байр суурь, нэгдсэн бодлого хэрэгтэй.

Тиймээс өнгөрсөн хугацаанд ажил урагшлуулсан хүмүүстээ итгэл хүлээлгэж, амалснаа умартаж ард иргэдийг хуурах явдалд хяналт тавьж, таслан зогсоох нь бидний үүрэг” хэмээн онцлов. Харин иргэд “2015-2016 оны хооронд л гэхэд Хан-Уул дүүрэгт есөн сургууль, 14 цэцэрлэг ашиглалтад орсон.

Гэртээ харих зам дардан бас гэрэлтэй болсон”, “2008, 2012 онд АН-д итгэл хүлээлгэсэн цөөхөн цэнхэр дүүргүүдийн тоонд Хан-Уул орж тэр хэрээрээ дүүргийн хөгжилд хувьсал өөрчлөлтийг авч ирсэн. Гурван хүү төрүүлсэн ээжийг “Дархан бэр” гэж өргөмжилдөг бол “Дархан дүүрэг” болгохын төлөө дуу хоолой, үзэл бодол, сонголтоо нэгтгэнэ” гэдгээ илэрхийлж байв.