“Аюулгүй, гамшгийг даван туулах чадавхтай хотыг бий болгох нь” уриалгад нэгдлээ
2016.10.14

“Аюулгүй, гамшгийг даван туулах чадавхтай хотыг бий болгох нь” уриалгад нэгдлээ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотболон Дархан, Эрдэнэт хот нь НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын “Аюулгүй, гамшгийг  даван туулах чадавхтай хотыг бий болгох нь” уриалгад нэгдлээ. Энэ ёслолд Шадар сайд У.Хүрэлсүх, Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкман болон албаны бусад хүн оролцов.

Одоогийн байдлаар таван тивийн нийт 3,368 хот энэхүү уриалгад нэгдэн орсон байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын гамшгийн эрсдэлийг бууруулах тусгай төлөөлөгч хатагтай Маргарета Волстром Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн урилгаар 2015 оны 05 дугаар сард айлчлал хийх үеэр уг уриалгад Улаанбаатар хотыг нэгдэн орох санаачилгыг анх тавьж байсныг өргөжүүлэн Шадар сайдын санаачилгаар Улаанбаатар, Дархан, Эрдэнэт гурван хот уг уриалгад нэгдэн орж, гэрчилгээгээ хүлээж авлаа.

Уг уриалга нь гамшигтай тэмцэх чадавхийг дээшлүүлэх үйл ажиллагааг дэмжин, орон нутгийн түвшин дэх гамшгийн эрсдэлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх замаар хот суурин газрын тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэхэд оршиж байгаа юм.

Сүүлийн 2 жилийн хугацаанд нийслэл хотод 6,600 гаруй, Дархан, Орхон аймагт 800 гаруй гаруй аюулт үзэгдэл, осол тохиолдсон нь бусад аймагтай харьцуулбал нийслэл хот 30 дахин, Дархан, Орхон аймаг 2 дахин их гэсэн үг юм.

Гамшгийн аюул, ослоос шалтгаалан 373 хүн нас барж, 328 хүн бэртэж гэмтсэнээс 70 хувь нь Улаанбаатар хотод, 10 орчим хувь нь Дархан, Орхон аймагт тохиолдсон байна.Иймд нийт хүн амын 80 гаруй хувь нь хот, суурин газар амьдардаг манай улсын хувьд хотуудын гамшгийн эрсдэлийг бууруулах, аюулгүй байдлыг хангах, аливаагамшгийг даван туулах чадавхтай болгох, ард иргэдийн аюулд өртөх эмзэг байдлыг багасгах нь төв, орон нутгийн удирдлага, төр засгийн анхаарах чухал асуудлын нэг болоод байна.