Болд.Л 2016.11.03 | Сайт: Vip76.mn

Л.Болд: Өөр ямар ч зардлыг танаж болох ч хүүхдийн мөнгийг бүгдэд нь олго

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Үдээс хойш хуралдаанаар Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд хүүхдийн мөнгийг алагчлалгүй олгох тухай өөрийн байр сууриа илэрхийлж, асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Л.Болд:

"Төсөв түүнийг дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 2017 оны төсвийн тухай хууль хэдий хэр хугацаанд хүчин төгөлдөр хэрэгжих юм бэ?

Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах, БНХАУ-аас зээл авах тухай ярьж байна. Зээлийн нөхцөл, баталгаа, барьцаа, цаашдын хувь заяа төсөвт яаж нөлөөлөх вэ? Эдгээр асуудлыг тодорхой болгоогүй цагт төсөв, мөнгөний бодлого, хүндрэлийг давах хөтөлбөр зэргийг ярих нь зүйтэй юу гэдгийг байнгын хорооноос асуумаар байна. Төсвийг түр зуурын шинжтэй баталж байна уу?

Хүүхдийн мөнгөтэй холбоотой ямар зохицуулалт оров? Монгол Улсын 1 сая гаруй хүүхдүүдэд бодитой хариу өгөх хэрэгтэй.

Өнгөрсөн дөрвөн жилд УИХ-д суудалтай бүх улс төрийн хүчнүүд хамтарч эрх барьж, шийдвэр гаргасан. Бондын төлбөр, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт буурсан, хүндрэл бий болсон гээд байгаа өнгөрсөн дөрвөн жилд эдгээр асуудал Сангийн сайдгүйгээр шийдэгдээгүй. Тухайн үед Сангийн сайдаар Ч.Улаан, Ж.Эрдэнэбат нар ажиллаж байсан. Тиймээс үүссэн нөхцөл байдалд ямар жин, нөлөөтэй байсан гэдгээрээ хариуцлага үүрэх хэрэгтэй.

Төв банкны бодлого, шийдвэрийн тухай ярихад, өнгөрсөн парламентын үед одоогийн УИХ-ын гишүүн Б.Жавхлан Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Тиймээс та бидний хамтын хариуцлага юм.

Өнгөрсөн дөрвөн жил рүү бүх буруугаа чихэж, хүүхдийн мөнгийн ялгавартай олгож болохгүй. Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олго. Улсын төсвөөс өөр ямар ч зарлагыг хасч болно. Гэхдээ хүүхдийн мөнгийг хасч, танаж болохгүй гэдгийг дахин дахин хэлье. "

УИХ-ын гишүүн Л.Болдын асуултад Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хариулсан юм.