УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль болон УИХ-ын тогтоолын төслүүд, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ төрийн өмчит үйлдвэрийн газруудыг хувьчлах талаар өөрийн саналыг хэллээ. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Сүүлийн үед орон нутагт тэр тусмаа хувийн хэвшил эрхэлж болох салбаруудад төрийн өмчит үйлдвэрийн газрууд ажиллаж байна. Хувийн компаниуд, төрийн өмчит үйлдвэрийн газрууд хоорондоо өрсөлдөж, ажлаа булаацалдаж байна. Энэ талаар авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээ бий юу? Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас гурван төрийн өмчит үйлдвэрийн газрыг хувьчлахаар оруулж ирсэн байна. Ер нь хувийн хэвшил хийж болох үйл ажиллагааг эрхлээд явж буй төрийн өмчит үйлдвэрийн газруудыг хувьчлах нь зүйтэй УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар: "Монгол Улсын төр хувийн хэвшлийн хийж чадах салбар руу ормооргүй байна. Махны экспортын талаар яриа хэлцэл хийгдээд эхлэнгүүт нь яамны дэргэд махны компани байгуулдаг. Ингэхээр махны салбарт бизнес эрхэлж буй хувийн компаниудад тодорхойгүй байдал үүсдэг. Төр өөрөө бизнест оролцох, бизнес эрхлэх гэсэн санаархал, тодорхой бус байдал нь хөрөнгө оруулагчдыг тодорхой салбарт хөрөнгө оруулахад нь чөдөр тушаа болж байна. Энэ нь эргээд эдийн засгийн хямрал үүссэн нэг шалтгаан юм. Төр бизнесийн үйл ажиллагаанд оролцож болохгүй. Нэн ялангуяа төрийн оролцоогүй хөгжих боломжтой, чадамж бүхий салбарт төр огт оролцоод хэрэггүй. Өрсөлдөх чадваргүй, алдагдалтай төрийн өмчит үйлдвэрийн газрууд нь тухайн салбарт хувийн хэвшил үйл ажиллагаа явуулах боломжийг хаадаг. Ингэснээр хувийн хэвшлийнхэн өсөж хөгжиж чадахгүй байна. Төр оролцохгүй салбараа албан ёсоор зарлаж, төр илүү ачаагаа нуруун дэрээсээ авч хаях хэрэгтэй. Хэрэв ингэвэл чөлөөт зах зээлийн зарчмаар тодорхой салбаруудад хувийн хэвшил нэвтрэн орж, бизнес эрхлэх боломжтой. Ингэвэл ажлын байр шинээр бий болно. Төрийн албанд ажиллаж байсан хүмүүс хувийн хэвшилд ажиллах боломжийг бүрдүүлж өгөх ёстой. Тиймээс энэ чиглэлд Төрийн өмчийн хорооноос нилээд тодорхой саналууд орж ирэх байх гэж бодож байна. Төрийн өмчийн хороотой зөвшилцсөний дагуу хугацаа алдахгүйгээр 2017 ондоо багтаан тодорхой ажлууд хийхээр болсон."
УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар /2016.11.03/ Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна. Хуулийн төслүүд болон тогтоолын төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин УИХ-ын дэгийн тухай хэдэн асуудал хөндлөө. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: УИХ-ын дэгтэй холбоотой хэдэн үг хэлмээр байна. З.Энхболд УИХ-ын дарга байх үедээ гишүүдийг үг хэлүүлэхгүй хаагаад байдаг байсан. Өөрт нь таалагдсан үгийг л хэлүүлнэ, таалагдсан хүнээ л дуугарна. Одоо болохоор хэлэлцэж буй асуудалдаа оролгүй хальж байна. Хэн үг хэлнэ гэнэ, тэрийг яриулаад байна. Төсөв хэлэлцэж байхад Эрдэнэтийн 49 хувийг ярьж л байдаг, “Эрдэнэт”-ийн Д.Эрдэнэбилэгийг сайн хүн л гэнэ, барьж хорих хэрэгтэй л гэнэ. Гол асуудлаасаа хазайж байна. Тиймээс УИХ-ын даргад хандан хэлэхэд хэлэлцэж байгаа асуудлаар үг хэлэх, асуулт асуух гишүүдэд микрофон нээж өгмөөр байна. Энэ байдал цааш үргэлжилбэл УИХ-ын чуулганы танхим чөлөөт ярилцлагын талбар болох нь. Төгсгөлгүй маргааны индэр болох гэж байна. Чуулганы хуралдаан цаг хугацаатай, хэлэлцэх асуудал их байна. Төсвөө 11 дүгээр сарын 15 гэхэд баталсан байх ёстой. Өнөөдөр хоёр дахь хэлэлцүүлэг нь болж байна. Тиймээс чуулганы дэгээ бариад хэлэлцэх асуудлаа үг хэлэх, асуулт асуух гишүүдэд боломж олгож, саналаа хураагаад явъя. Асуудлаас хальсан тохиолдолд шууд тасалдаг байх нь зөв гэж бодож байна.
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Үдээс хойш хуралдаанаар Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд хүүхдийн мөнгийг алагчлалгүй олгох тухай өөрийн байр сууриа илэрхийлж, асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Л.Болд: "Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгоё гэдэг саналыг дэмжсэн гэж гүтгэж байна. Би тийм санал оруулж байгаагүй. УИХ-ын чуулганы хуралдаанд хүүхдийн мөнгийг ялгавартай олгох асуудлыг хэзээд эсэргүүцэж ирсэн. Герман, Швейцарь зэрэг олон улсад хүүхдийн мөнгө олгодог. Монгол Улсын Их хурал хүүхдийн мөнгийг амьжиргааны түвшнээс нь хамааруулан олгож, хүүхдийн тэтгэмж болгон хувиргаж байна. Эхний ээлжинд нийт хүүхдийн 60 хувьд олгож байгаад 40 хувьд олгохгүй орхигдуулах гээд байна. Ард түмнээ хуурч байна. 2 жил банкинд хадгаламж хэлбэрээр хадгалж байгаад олгоно гэж хуурч байна. Сүүлийн өдрүүдэд ам.долларын ханш 400 төгрөгөөр хөдөллөө. Энэ хурдаар явах юм бол 2 жилийн дараа үлдсэн 40 хувь нь хэдэн төгрөг авна гэж бодож байна? Одоо авах мөнгөнийхөө 30 хувийг авна гэсэн үг. Ингэж болохгүй. Тиймээс энэ асуудлаар битгий улстөр хий, битгий бухимд. Хүүхдийн мөнгийг бүгдэд нь ялгаварлалгүй олгох хэрэгтэй. Хүүхдийн мөнгөнд чихээ битгий тагла. Хүүхдийн мөнгийг бид хамтран санаачилсан. Энэ санаачилгаасаа ухрахгүй, бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох хэрэгтэй. Банк, санхүүгийн салбарт хохиролтой гэж яриад байна. Хүүхдийн ирээдүйд итгэх итгэл, ард иргэдийнхээ амьжиргааг бодсон ч тэр арилжааны банкууд хүнд байдалд орно гэдгийг ойшоох хэрэггүй. Аж ахуйн нэгжүүдээ дэмжих өөр бодлого баримтлах хэрэгтэй. Хүүхдийн мөнгийг битгий хасаач гэдгийг олон удаа гуйж байна."
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Үдээс хойш хуралдаанаар Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд хүүхдийн мөнгийг алагчлалгүй олгох тухай өөрийн байр сууриа илэрхийлж, асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Л.Болд: "Хийж буй өөрчлөлт нь Хүүхдийн мөнгийг “Хүүхдийн мөнгөн тэтгэмж” гэж нэрлэсэн байна. Эхлээд мөнгөн тэтгэмж гэж байсан бол дараа нь алтан тэтгэмж олгох юм байна л даа. Хөрш айлууд хөргөгчтэй, хөргөгчгүйгээр нь ялгаж хүүхдийн мөнгө олгох гээд байна. Тухайн үед өрхийн орлого, амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаа хийсэн байж болно. Энэ судалгаагаа ашиглаад хүүхдэд ов мэх хэрэглэх хэрэггүй. Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд ялгаваргүй олгоход маш бага мөнгө шаардлагатай. УИХ-ын чуулган завсарлах үеэр 5 аймаг, 10 гаруй сумдаар орлоо. Маш олон иргэдтэй уулзлаа. Ахмадууд, бизнесүүд, цэцэрлэгүүд, төрийн албан хаагч зэргээр бүгдийг ялгаварлаж байна. Хүүхдийг ялгаварлах хэрэггүй. Монгол Улсын 400 гаруй мянган хүүхдийг битгий ялгаварлаач. Энэ том бодлогоосоо битгий татгалз. Эдийн засгийн хүндрэлээс бид давж чадна. Эдийн засгийн асуудалд улстөржих хэрэггүй. Өнгөрсөн дөрвөн жилд хийсэн алдаа, оноотой шийдвэр та биднийх. Ганцхан зүйл гуйж байна. Бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгоё."
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Үдээс хойш хуралдаанаар Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өөрийн байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: 2017 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-аар дэмжиж, УИХ-ын гишүүд 7 хоног тойрогтоо ажиллаач гэсэн хүсэлт тавьсан. Төсвийн төслийг ард иргэдэд танилцуулж, ямар санаа бодолтой байгааг тандах боломжийг УИХ-ын 76 гишүүнд олгосон. Улаанбаатар хотын хүн амын дундаж наслалт орон нутагтай харьцуулахад харилцан адилгүй байна гэдгийг тогтоосон. Хөдөө орон нутагт ахмад настнууд харьцангуй бага байна. Тиймээс Засгийн газраас оруулж ирсэн 70 гэсэн насны босгыг наашлуулах хүсэлтийг гишүүдийн олонх гаргасан. “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ” гэдгийн адилаар Засгийн газраас оруулж ирсэн хуулийн төслийн дагуу баталлаа гэхэд 78 816 ахмад настан “Насны хишиг” авахаар байна. Насны босгыг бууруулснаар хуулийн хүрээнд 121 905 ахмад настан хамрагдах юм. “Насны хишиг” гэдэг бол тэтгэврийн нэмэгдэл биш. Гол санаа нь өндөр насалж буй, өндөр наслахын тулд өөрийн эрүүл мэндэд анхаарч буй, цаашид ч урт наслах хүмүүсийг дэмжиж буй төрийн бодлого юм. Тиймээс тэтгэврийн нэмэгдэл, насны хишиг хоорондоо ялгаатай. Цаашид тэтгэврийн зөрүүг арилгах, тэтгэврийн доод хэмжээг нэмэх арга хэмжээ авна.