Өнөөдөр /2017.10.05/ УИХ-ын ээлжит чуулганаар 2017 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр асуулт асуулаа. Б.БАТТӨМӨР: ӨР БАГАСГАХ ЧИГЛЭЛЭЭР ЯМАР АЖИЛ ХИЙЖ БАЙНА? Манай төсвийн ерөнхий байдлыг авч үзэхээр их буруу бүтэцтэй. Тухайлбал, нийгмийн халамжийн хуулийн дагуу 583 тэрбум төгрөгийг энэ жил татаас болгож авна. Ирэх жил 606, 2019 онд 618 тэрбум байхаар байна. Энэ тоо цаашдаа өсөх үү? Нийгмийн даатгалын санг бие дааж ажиллуулж, алдагдалгүй болгох чиглэлээр ямар арга хэмжээ авах вэ? Олон сургууль, цэцэрлэг нь барьж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ эдгээрийн урсгал зардлыг тооцож байгаа юу? Миний тооцож байгаагаар 2020 оноос эхлээд төсөвт их том ачаа ирэхээр байна. Засгийн газрын өрийн хэмжээ 23,3 их наяд болсон байна. Гадаад болон дотоод өр яг хэд байна? Өр багасгах чиглэлээр ямар ажил хийж байна? Засгийн газрын санд байгаа хөрөнгө мөнгийг арилжааны банкинд бага хувиар хувааж хийгээд, Засгийн газар өөрсдөө өндөр хувьтай бонд гаргаад байгаа нь зөв арга уу? Цаашаа хэр удаан үргэлжлэх вэ? Шүүхийн шийдвэрт төлөх 8,8 тэрбум төгрөгний задаргааг хармаар байна. Үүний цаана сахилга батын асуудал явагдаж байгаа. Хэрэглээний үнийн индекс, инфляци эхний 8 сарын байдлаар 5,1 хувь байна. Яагаад инфляцын түвшин нэмэгдээд байна вэ? 2017 оны эхний 8 сарын байдлаар экспорт нь 4,1 тэрбум төгрөгний бараа бүтээгдэхүүн экспортлогдсон байна. Энэ мөнгөний хэдэн хувь нь монголд орж ирж байгаа вэ? Татварын байгууллагад тооцоо байна уу? Банк, татварын байгууллагын хоорондын мэдээлэл солилцох систем бий болсон уу? Б.ЧОЙЖИЛСҮРЭН: ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ААЖМААР НЭМЭГДҮҮЛЭХИЙГ СОНГОСОН Сургууль, цэцэрлэгийг нэмэгдүүлэх нь намын мөрийн хөтөлбөрт суусан. Хувьсах зардал болон бусад зардлууд нэмэгдэнэ. Сая эргүүлэн татсан 2018 оны төсөвт 2018-2019 оны хичээлийн жилд сургууль, цэцэрлэгийн хангамжийг бүрэн шийднэ гэсэн бодлого барьсан. Бид дандаа алдагдалтай төсөв баталж байгаа учраас Засгийн газрын өр багасөхгүй байгаа нь үнэн. Бидний хувьд өрөө багасгахын тулд төсвөө огцом агшаах эсвэл аажмаар өсөлтийг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг сайжруулах гэсэн хоёр сонголт байсан. Манай Засгийн газар сүүлийнхийг сонгосоныг та бүхэн дэмжсэн. Нийгмийн даатгалын сангийн үлдэгдлийг өмнөх Засгийн газрын үед дундаа хэд хэдэн жилийн хугацаатайгаар арилжааны банкуудад байршуулсан. Үүний хугацаа нь дуусаагүй байгаа. Өнгөрсөн жил манай Засгийн газар байгуулагдаж байх үед Засгийн газрын үнэт цаасны хүү жилийн 17 орчим хувьтай. Нэг жил ажилласны үр дүнд Засгийн газрын үнэт цаасны хүү 5 функтээр унаад, 22 орчим хувьтай байна. Инфляци 7,7 хувь болж өснө гэсэн тооцооллыг хэлсэн. Энэ нь бизнесийн идэвхжил сэргэж байгаа учраас инфляци, мөнгөний бодлогыг зохиомлоор сулруулахгүй байхад гаднаас орж ирж байгаа валютын урсгал нэмэгдэж байгаа учраас мөнгөний бодлого суларч байгаа.
Өнөөдөр /2017.10.05/ УИХ-ын ээлжит чуулганаар 2017 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл байр сууриа илэрхийллээ. Д.САРАНГЭРЭЛ: ХУУЧИН СОЦИАЛИЗМИЫН ҮЕИЙН ТЭГШИТГЭЛИЙН АРГА БАРИЛААР БИШ, АРДЧИЛАЛ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАРЧМААР ЯВАХ НЬ ЗҮЙТЭЙ Төсвийн орлого 900 тэрбумаар давж, 400 гаруй тэрбумыг зарцуулах боломж нээгдэж байгаа юм байна. Төсвийнхөө асуудлыг тодотголоор шийдэхдээ асуудлыг шийдэх эрэмбэ дараалалд бид их сайн анхаарах ёстой гэж бодож байна. Тэр дундаа зам барилга гэхээсээ илүүтэй хүн рүүгээ чиглэсэн, сургууль, цэцэрлэгийн цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудал хүлээлт үүсгээд байна. Төсвийн тодотголыг батлахдаа энэ асуудлыг шийдвэрлэхэд илүү анхаарч, зардлаа тэр чиглэлд нь тавих ёстой юм уу гэсэн саналтай байна. Концесстой холбоотой тодотголд орсон зарим нэг заалтыг харж байхад хийд рүү зам татахад 6 тэрбум, сумаас сум руу зам барихад 20 гаруй тэрбум гээд өнөө, маргаашдаа яаралтай биш зарим хөрөнгө мөнгө суусан зүйл харагдаж байгаа учраас төсвийн байнгын хороо энэ тодотголыг хэлэлцэхдээ энэ асуудлыг анхаараасай гэж хүсч байна. УИХ-ын гишүүд бүгд эмч, багш нарынхаа цалинг нэмэхэд татгалзахгүй. Гэхдээ боломж нь хэр байгааг би сайн мэдэхгүй байна. Өргөн боломж байгаа талаар манай гишүүд дор бүрдээ санаа оноо хэлж байна. Үнэхээр тэр боломж нь байгаа юм бол үүнийг нэмэхэд хэн нэгэн татгалзаад байгаа зүйл байхгүй. Гэхдээ цалинг нэмэхдээ ажлын үзүүлэлтэй, чанартай шууд уях хэрэгтэй. 30 хувь, 50 хувь нэмье гэж ярьж байна. Миний хувьд ингэж тэгшитгэж нэмж болохүй гэсэн бодолтой байна. Ажлын үзүүлэлт, чанар багшид ч, эмчид ч ялгаа байхгүй үйлчлэх ёстой. Тэр дундаа бид эмнэлгийн тусламж үйлчилгээний хуулийг өнгөрсөн парламентад баталсан. Үүгээр эмнэлгийн удирдлагуудад эрх мэдлийг нь өгчсөн. Үүн шиг хүүхдийн төлөө чин сэтгэлээсээ ажиллаж байгаа багш нарын цалинг нэмэх боломжийг нь бид нээж өгөх ёстой. Хуучин социализмын үеийн тэгшитгэлийн арга барилаар биш, ардчилал зах зээлийн зарчмаар хэн сайн ажилласан нь илүү авдаг боловсролын болон эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлбэл хамгийн зөв алхам болно.
Өнөөдөр /2017.10.05/ УИХ-ын ээлжит чуулганаар 2017 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал санал хэллээ. Н.УЧРАЛ: БАГШ ЭМЧ НАРЫН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДАЛ БОЛ УЛСТӨРЖИЛТ БИШ Багш нарын цалинг 01 сарын 01 хүртэл үлдсэн хугацаанд төсвийн тодотголоороо 10, 20 хувь ч болов нэмж өгөх болов уу гэсэн хүлээлт их байсан. Байнгын хорооны хурал дээр ЗГХЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч өөрөө багш, эмч нарын цалинг нэмэх бүрэн боломж байгаа гэж хэлж байсан. Өөрөө хэлж байсан болохоор тодотголоор оруулаад ирэх болов уу гэж би харсан боловч тусгаагүй байна. Бидэнд гарц байгаа. 50 хувийг нь нэмчихэд жилдээ 100 тэрбум төгрөгний л зардалтай. Ядаж 30 хувиар нэмсэн бол 2018 он хүртэлх үлдсэн хэдхэн сард 10 тэрбум тавих боломжтой л байсан. Төрийн албан хаагчийн үндсэн цалинг нэмж болохгүй гээд ОУВС-тай тохирсон гэдгийг ойлгож байна. Гэхдээ цалигийн санг нэмэгдүүлээд эрх мэдлийг нь сургуулийн захиргаанд өгөх боломж байна. Цалингаас гадна долоон нэмэгдэл авдаг гэж зарим гишүүд ойлгоод байна. Далан хувийн нэмэгдэлтэй цалин авдаг багш монголд байхгүй. Сайндаа л хорин хувийн нэмэгдэл авч байгаа. Дээрээс нь зэрэг ахихад 10-20 хувь нэмнэ гэснийг 20-40 хувь болгож ч болно. Нэг жил ажилласан багш, олон жил ажилласан багш хоёрын цалингийн зөрүүг тодорхой болгож өгч болно. Өнөөдөр бол багш нарын баярын 51 дэх өдөр. Багш нар баярлахгүйгээр өөр арга хэмжээ зохион байгуулж байна. Багш, эмч нарын цалин хөлс нэмүүлэхийг улстөржүүлдэг зүйл биш.
Өнөөдөр /2017.10.05/ УИХ-ын ээлжит чуулганаар 2017 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа асуулт асуулаа. Ц.ЦОГЗОЛМАА: 2017 ОНЫ ТӨСВИЙН ҮЛДЭГДЛИЙГ ЮУНД ЗАРЦУУЛАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА ВЭ? Монгол орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүндрэл бэрхшээлтэй цаг үе ирсэн. Гэхдээ өнгөрсөн нэг жилийн хугацаанд хасах үзүүлэлттэй эдийн засгийг авч, бүхий л нөөц бололцоогоороо засч сайжруулахын төлөө ажилласан. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар тодорхой зүйлүүд нааштай болж эхэлсэнд хувь хүнийхээ хувьд талархалтай байна. ОУВС-гийн хөтөлбөрийн хэрэгжилтийг цааш нь үргэлжлүүлээд явахад багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэх асуудлыг яаж зохицуулж авч явах бололцоо байгаа вэ? Магадгүй 2017 оны төсвийн жилийн эцсийн байдлаар тодорхой хэмжээний үр ашиг харагдаж байгаа бол түүнийг юунд зарцуулах урьдчилсан төлөвөлөлт байна вэ? Мөн ард иргэд маань орлогогүй, амьдрал нь хүнд байгаа учраас хүүхдийн мөнгийг 100 хувь олгох асуудлыг шийдэх боломж байгаа юу? Нэмж нэг санал хэлэхэд, төсөв гэдэг бол монголын нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй асуудлыг шийдэх том асуудал. Хэрэгцээ бол мэдээж хязгааргүй их. Төсөв хөрөнгө өөрөө хязгаарлагдмал. Тиймээс гишүүдийн ярьж байгаагаар бид ямар асуудлыг ирэх оны төсөвт анхаарвал ард иргэдийнхээ нуруун дээр байгаа ачааг хөнгөрүүлж чадах вэ? Энэ тал дээр ямар төлөвлөлт хийсэн бэ? Б.ЧОЙЖИЛСҮРЭН: 2017 ОНЫ ТӨСВИЙН ҮЛДЭГДЛЭЭР ХҮҮХДИЙН МӨНГИЙГ 100 ХУВЬ ОЛГОХ БОЛОМЖТОЙ Таны асуултууд дандаа дараагийн Засгийн газарт хаяглагдсан байна. Би үүнд хариулах зохимжгүй. Яагаад гэвэл 2018 оны төсвийн төслийг манай Загсийн газар 9 сарын 29-нд өргөн барьсан. Харин төслийг буцаагаад татсан учир дараагийн Засгийн газар энэ бодлогуудыг оруулж ирнэ. 2017 оны төсвийн тодотголыг харин бид боловсруулсан. Бид хүүхдийн мөнгийг 100 хувь олгох шийдвэртэй байгаа.
Өнөөдөр /2017.10.05/ УИХ-ын ээлжит чуулганаар 2017 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асуулаа. О.БААСАНХҮҮ: ӨМНӨХ ЗАСГИЙН ГАЗРЫГ ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ХУУЛЬ БУСААР ӨГЛӨӨ ГЭЖ БУРУУТГАСАН. ГЭТЭЛ ЯАГААД ТӨСӨВТ ТОДОТГОЛ БОЛЖ ОРЖ БАЙНА ВЭ? Багш нарын цалинг нэмэх асуудлаар ярьж байна. Хувийн сургуульд хичнээн хэмжээний мөнгийг улсын төсвөөс оруулсан бэ? 36 сарын цалин гээд хичнээн хэмжээний цалинг авч байгаа вэ? Энэ хоёрын нийлбэрийг 40,000-д хуваахаар автоматаар багш нарын цалин өснө. Хувийн сургууль надад дургүйцэх байх. Гэхдээ багш нар нь баярлана. 20 сая, 50 сая төгрөгний төлбөр авдаг сургуулиуд байна. Тэгэхээр хувьсах зардал өгөөд байдаг нь шударга өрсөлдөөний тухай хуулиар зөв юм уу? Энэ мөнгийг суутгах боломжтой эсэхийг тоогоор нь нарийн гаргаж өгөөч ээ. Илэн далангүй хэлэхэд өмнөх Засгийн газар хүүхдийн мөнгө өглөө гэж огцорсон. Хууль бусаар мөнгө өгсөн гэж буруутгагдсан. Гэтэл яагаад хууль бусаар өгсөн мөнгөө тодотгоно гэж оруулж ирж байгаа юм бэ? Хүүхдийн мөнгийг эсэргүүцэж байгаа биш танай намынхан хоорондоо гишүүдээс асуухгүйгээр хүүхдийн мөнгө тараалаа гэж асуудал үүсгэсэн. Концессыг бас буруутгасан. Тэгэхээр цэвэрлэх байгууламж яах вэ? Тэр хавьд амьдардаг хүмүүс маш хүнд байдалтай байна. Эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх үүргийг яагаад биелүүлэхгүй байна вэ? Энэ ажил тас зогссон уу? Манай Орхон аймгийн хэмжээнд нилээн хэдэн сургууль, цэцэрлэг дутуу байна. Тодотголоор орж ирсэн үү? Хүүхдийн эмнэлэг тохижолтоо хийж чадахгүй байна. Үүнийг зөвхөн 90,000 хүний хэмжээгээр хармааргүй байна. Ялангуяа эмнэлгийн тоног, төхөөрөмж, тохижилтын хувьд маш чухал. Б.ЧОЙЖИЛСҮРЭН: ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ХУУЛЬ БУСААР ОЛГООГҮЙ Төрийн албан хаагчдыг тэтгэвэрт гаргахад нь 36 сарын цалин урамшууллыг нэг удаа олгодог. Хувийн сургуулиудад мөн хувьсах зардлын татаас өгдөг. Манай яамны мэргэжилтэн миний дараа хэлнэ. Хүүхдийн мөнгөний талаар Засгийн газар хууль зөрчөөгүй. 2017.04.14-нд батлагдсан тодотгол 1-ээр 165,5 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд зарцуулахаар УИХ-аас баталсан. Өнөөдрийг хүртэл 161,5 тэрбум төгрөгийг гаргасан. Тодотгол батлагдчихвал он дуустал хэмжээний хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгохоор 105 орчим тэрбум төгрөгний төсвийг тодотголын төсөвт суулгаж ирсэн. Цэвэрлэх байгуулмажийн тухайд барилга ашиглан шилжүүлэх нөхцөлтэйгөөр концесс зарласан. Концесс жил орчим үргэлжлээд амижлтгүй болж эхэлсэн. Тиймээс Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг хувийн эх үүсвэрээс санхүүжүүлэхээр хэлэлцээрийг явуулж байна. Эхнийх нь Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас 300 орчим сая ам.доллараар цэвэрлэх байгууламжийг санхүүжүүлье гэдгээ урьдчилсан байдлаар илэрхийлсэн. Хэлэлцээр үргэлжилж байгаа. Хэрвээ Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас санхүүжүүлэхгүй гэвэл Хятадын банкнаас гарах 400 орчим сая ам.долларын санхүүжилтээс гаргаж асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцэж байна. САНГИЙН ЯАМНЫ МЭРГЭЖИЛТЭН: ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН 36 САРЫН 1 УДААГИЙН ТЭТГЭМЖ 2017 ОНД 87,6 ТЭРБУМААР ТӨСӨВЛӨСӨН Төрийн албан хаагч хууль тогтоомжийн дагуу тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн тэтгэмж болох 36 хүртэлх сарын тэтгэмж авдаг. Мөн багш, эмч нар хөдөө орон нутагт ажилласан тохиолдолд 5 жил тутамд нэг удаа 6-5 хүртэлх жилийн тэтгэмжийг олгодог. Энэ тэтгэмжийг 2017 онд 87,6 тэрбум төгрөг байхаар төсөвлөсөн. Мөн хувийн сургууль цэцэрлэгт хувьсах зардлыг төсвөөс олгодог. Үүнд боловсролын хуулиар ЕБС-ийг төсвөөс төлбөргүй болгоно гэсэн заалтын дагуу олгодог.