Я.Содбаатар: Хүүхэд харах үйлчилгээ, хорт хавдартай тэмцэх, шилдэг оюутнуудын тэтгэлэг зэрэгт мөнгө төсөвлөх саналтай байна
УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2016.11.04

Я.Содбаатар: Хүүхэд харах үйлчилгээ, хорт хавдартай тэмцэх, шилдэг оюутнуудын тэтгэлэг зэрэгт мөнгө төсөвлөх саналтай байна

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар /2016.11.03/ Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцсэн. 

Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газрын өргөн барьсан дээр дурдсан хууль болон тогтоолын төслүүдэд ажлын хэсэг гарган ажилласны дүнд гаргасан саналаа УИХ-ын гишүүдэд уншиж танилцуулсан юм. Танилцуулгыг УИХ-ын гишүүн Я.Содбаатар хийлээ. Түүний УИХ-ын чуулганы индэрээс хийсэн танилцуулгыг бүрэн эхээр нь хүргэж байна. 

УИХ-ын гишүүн Я.Содбаатар

"Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд явуулж ирсэн алдаатай бодлогын уршгаар Монгол Улсын эдийн засаг нэн хүндэрснийг амьдрал, тоо баримтын аль аль нь нотолж байна. МАН-ын УИХ-д цөөнхийн үүрэг гүйцэтгэж байхдаа энэ тухай байнга сануулж, төр засгийн алдаатай бодлогыг засч залруулахын төлөө явж ирсэн боловч тухайн үеийн эрх баригчид үнэнийг үл ойшоон, алдаатай бодлогоо үргэлжлүүлсээр Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байгаа туйлын хүнд нөхцөл байдалд оруулсан байна.

2011 онд 17,5 хувьд хүрсэн эдийн засгийн өндөр өсөлт жил дараалан саарсаар дөрвөн жилийн дотор 13 дахин уналаа. Хөрөнгө оруулагчдын итгэл алдарч, хөрөнгийн гадагшлах урсгал давамгайлах болсон байна.

Гадаад валютын цэвэр албан нөөц дөрвөн жилийн дотор 4 дахин буурч, төгрөгийн ам.доллартай харьцах ханш 60 гаруй хувиар унасан байна. Улсын гадаад өр 24 тэрбум ам.долларт хүрч, бизнес эрхлэх орчин хумигдаж, ажилгүй, орлогогүй, өрийн дарамтад орсон иргэд, ААН-үүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа зэрэг уруудан доройтсон үзүүлэлттэй улс орныг бид хүлээн аваад байна.

Хамгийн сүүлийн статистик мэдээгээр, улсад бүртгэлтэй 134 мянган ААН-ээс 66 мянга буюу 2 компани тутмын 1 нь үйл ажиллагаагаа зогссон гэсэн мэдээ байна. Олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог S&P агентлагаас Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 4 жилийн дотор 4 шатлал буурууллаа. Үүний улмаас Засгийн газар, үндэсний томоохон хэмжээний ААН-ийн бонд, хувьцааны ханш үнэгүйдэж, гадаад зах зээлээс таатай нөхцөлтэй, бага хүүтэй эх үүсвэр татах боломж эрс хязгаарлагдлаа.

Улс орныг удирдахдаа “хоноц”-ийн сэтгэлээр хандаж, улс орны санхүү, эдийн засгийн өнөөгийн хүнд байдалд оруулсан зарим хүн, улс төрийн хүчин 4-хөн сарын өмнөх байр сууриа хаврын тэнгэр шиг хувьсан өөрчилж, бүхнийг мэдэгч-аврагчийн дүрд тоглож байгааг манай ард түмэн сонсогч олон мэргэн ухаандаа тунгааж суугаа гэдэгт итгэж байна.

Засгийн газар энэ хүнд үед богино хугацаанд нөхцөл байдлаа зөв мэдэрч, уналтыг зогсоон, хүндрэлээс гарах гарцаа зөв тодорхойлон, Монгол Улсын 2017 оны төсвийн төслийг боловсруулахдаа төсвийн нэгдсэн бодлого баримтлан нэг төсөвтэй болох, төсвийн орлогын эх үүсвэрийг аль болох боломжит түвшинд дайчлах, төсвийн урсгал зардлыг танаж, төсвийн сахилга батыг чангатгах, төсвийн нэгдсэн үзүүлэлтийг сайжруулах талаар бодитой алхмууд хийж, дорвитой арга хэмжээ авч эхэлснийг сайшаан цохон тэмдэглэе.

Тухайлбал, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Монгол Улсын төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиудыг зөрчин, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нэрээр улсын төсвийн гадуур хяналтгүй шахам зарцуулж ирсэн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”, “Гудамж” төсөл, Хөгжлийн банкны зээл, Чингис, Самурай бонд зэрэг гадаад, дотоодын бондууд болон өндөр төлбөртэй зээлийн зарцуулалтыг хяналтандаа авч, нэгдсэн төсвийн бүрэлдэхүүнд оруулан, Монгол Улсыг нэгдсэн нэг төсөвтэй болгосон байна.

Төсвийн орлого, зарлагыг төлөвлөлтийг сайжруулж, төсвийн сахилга батыг чанд мөрдөн, урсгал зардлыг зохистой түвшинд хүргэн танах, төсвийн ерөнхийлөн захирагч нарын үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, тодорхой эрх олгох талаар санаачилга гарган, тодорхой арга хэмжээнүүд авахаар төлөвлөсөн байна.

Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр боловсруулан, УИХ-д өргөн барьсны дагуу хэлэлцэн эхлээд байгааг дурдъя.

Сүүлийн жилүүдэд төрийн өмчит компаниуд, улсын үйлдвэр, аж ахуйн газруудыг олноор байгуулж, жил бүр алдагдалтай ажиллан, улсын төсөвт ачаагаа үүрүүлж ирсэн нь тэдний ажлын хариуцлага, сахилга бат суларч, удирдлагын менежментийн хоцрогдолд оруулжээ.  Ард түмний татварын мөнгөөр нэг, нэгэндээ найр тавьж ирсэнтэй холбон үзэхээс өөр аргагүй.  Түүний бодит жишээ 2012 оны эцэст төрийн өмчит болон төрийн оролцоотой компаниудын өр авлага 3 их наяд төгрөг байсан бол өнгөрсөн оны байдлаар 10,5 их наяд төгрөгт хүрч, 3 дахин өссөн байна.

Одоогийн байдлаар төрийн өмчит 89 компани бүртгэлтэй байгаа бөгөөд 21 их наяд төгрөгийн хөрөнгө бүртгэгджээ. Эдгээр төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн 70 орчим хувь нь алдагдалтай ажиллаж байна гэсэн тайлан мэдээ бий. Иймд төрийн өмчит компаниудын менежментийг сайжруулан, ашигт ажиллагааг дээшлүүлэн, ногдол ашгийг нэмэгдүүлэх, ашиггүй ажиллаж байгаа болон төрийн өмчит байлгах шаардлагагүй болсон зарим ААН-үүдийг хувьчлах, бүтцийн өөрчлөлт хийх, татан буулгах зэргээр цаашид анхаарч ажиллах нь зүйтэй гэж үзэж байна.

Банк, санхүүгийн салбарын шинэтгэлийг хийж, гадаадын банк, санхүүгийн байгууллага орж ирэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох, банкны зээлийн хүүг бууруулах бодлого барьж, хэрэгжүүлэхийг нийгэм хүлээж байна. Эдийн засгийн хямрал нүүрлэсэн хүнд байгаа ч Засгийн газар уул уурхай, дэд бүтцийн томоохон төсөл хөтөлбөрүүд болох Оюу толгойн далд уурхайн төсөл, Тавантолгой, Гацууртын алтны ордын төсөл, Тавантолгойн 450мВт-ын цахилгаан станц, III цахилгаан станцын өргөтгөл, төмөр замын төсөл, ХАА-ын салбарыг сэргээн хөгжүүлэх зэрэг төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх болон эрчимжүүлснээр 2017 онд эдийн засгийн бодит өсөлтийг 3 хувьд хүргэхээр тооцжээ.

Өр, зээлийн бүтцийг сайжруулах, менежментийг боловсронгуй болгох, зээлийн хугацааг сунгах, бага хүүтэй, урт хугацаатай зээлээр солих бодлогыг баримталж байгаагаа дурдсан байна. Төсвийн санхүүжилтийг орон тоо, зардал санхүүжүүлдэг хэлбэрээс татгалзаж, аливаа ажил, үйлчилгээний үр дүнгээр санхүүжүүлдэг хэлбэрт шилжүүлэхээр тооцож байгааг ч дэмжиж байна.

Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 5 их наяд 974 тэрбум 800 сая төгрөг буюу ДНБ-ий 22,8 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 8 их наяд 564 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32,7 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 2 их наяд 589,2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 9 хувьтай тэнцэж байхаар оруулж ирсэн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагыг хангасан байна. Гэхдээ УИХ-аар төсвийн төслийг хэлэлцэж байх явцад төсвийн үзүүлэлтүүдийг улам сайжруулах, ялангуяа төсвийн алдагдлыг бууруулах чиглэлд гол анхаарлаа хандуулах нь зүйтэй гэж үзлээ.

Цаашид үүссэн нөхцөл байдлыг даван туулахын тулд бодлогын томоохон өөрчлөлтүүдийг хийх зайлшгүй шаардлага байна гэж УИХ дахь МАН-ын бүлэг үзэж байна. Намын бүлгийн зүгээс улс эх орны эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулж, авах арга хэмжээнүүдийн талаар дараах саналыг гаргаж байна.

Улсын төсвийн орлого талд дараах саналууд байна

- Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төслийг ажлын хэсгээс нягтлан судалж үзэхэд дотоод нөөц бололцоогоо дайчлан, төсвийн орлого, зарлагын төлөвлөлтийг боловсронгуй болгох

- Төсвийн орлого, зарлагын гүйцэтгэлийн сахилга батыг сайжруулах,

- Төсвийн хөрөнгө оруулалтын зардал болон төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг дахин хянах замаар төсвийн алдагдал ДНБ-ий 18 хувьтай тэнцэж байгааг ирэх онд 9,9 хувьтай тэнцэж байхаар оруулж ирсэн төслийг дахин бууруулах саналтай байна.

- 2017 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр барих барилга байгууламжийг эхлүүлэхгүй байх Засгийн газрын саналыг ч дэмжиж байгаагаа дурдъя.

- Төсвийн алдагдал, өрийг барагдуулах, өрийн удирдлага, менежментийг боловсронгуй болгох

- Зээлийн хүүг бууруулахад “Тогтворжуулалтын сан”-гийн үлдэгдэл 326 тэрбум төгрөгийг ашиглах эрх зүйн орчныг бүрдүүлэхийг дурдъя.

- Концессийн барьж, шилжүүлэх нөхцлөөр хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, барилга байгууламжийн жагсаалтыг нягтлан үзэж, 100 хувийн гүйцэтгэл хийгдсэн, улсын комисс хүлээж авсан ажлын мөнгийг олгож байх нь зүйд нийцнэ.

- Төрийн өмчийн компаниудын ашигт ажиллагааг сайжруулж, ногдол ашиг, өмч хувьчлалын орлогоос төсөвт төвлөрүүлэх орлогыг 50 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх санал гаргаж байна.

- Алт олборлолтын биет хэмжээг нэмэгдүүлэх

- Уул уурхайн үүсмэл ордыг ашиглах эрх зүйн орчныг боловсронгуй болгох замаар төсвийн орлогыг 10 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх

- Монгол Улсын 2017 оны төсвийн төсөөллийн төсөлд эрүүл мэнд, соёл урлаг, спортыг дэмжих сангуудад нийт 5 тэрбум төгрөгийг суулгахыг орлого талдаа санал болгож байна.

Улсын төсвийн зарлага талд нэмэгдэх дараах саналууд байна.

- Улсын төсвийн зарлагад бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарын Хүүхдийн мөнгө, өндөр настны тэтгэвэр, тэтгэмжээс бусад төсвийн зарлагыг нэг хувиар хэмнэх

-Дэлхийн шилдэг 100 их, дээд сургуульд суралцагсдад төрөөс үзүүлэх дэмжлэгт 11, 5 тэрбум төгрөг байгааг 3 тэрбум төгрөгөөр нэмэх

- Хүүхэд харах үйлчилгээний эрх зүйн орчныг тодорхой болгож, төсөвт 5,8 төгрөг шинээр тусгах

- Хорт хавдартай тэмцэхэд шаардлагатай компьютер томографийг аппарат авахад зориулж 1,6 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн сайдын багцад тусгах

- Орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөний хуваарилалтыг нэмэгдүүлэх боломжийг судалж, 2016 онтой ижил хэмжээнд төлөвлөх

Эдгээр саналуудыг гаргаж, олонхийн дэмжлэг авсан болохыг уламжилж байна.

УИХ-ын эрхэм гишүүд ээ! Та бид сонгогдсон тойргийнхоо ард иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэнд байгаа тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллаж, анхаарлаа тавих нь зүйн хэрэг. Гэвч нэн тэргүүнд уг асуудлуудыг шийдвэрлэх гол үндэс, улс төр, эдийн засгийн илэрхийлэл болсон улсын төсвөө эрүүлжүүлэх, паразит шинжтэй зардал давамгайлсан, зарлага, зээлийг хэт шүтсэн бүтэцтэй төсвөөс үйлдвэрлэлийг дэмжиж, орлого давамгайлсан зөв бүтэцтэй төсөв болгоход санал бодлоо нэгтгэн, гол анхаарлаа хандуулж, шинэ гарц олж ажиллахыг та бүхэнд уриалж байна.

Эрхэм гишүүд ээ! Ард түмэн биднийг хоосон улс төр хий гэж сонгоогүй. Эдийн засгийн хямрал, хүндрэлийг хурдан хугацаанд даван туулах бодитой ажил хийж эхлэхийг хүсэн хүлээж, шаардаж байна.

Өнгөрсөн жилүүдэд хийсэн бодлогын алдааг засч чадсанаараа төсөв эрүүлжиж, төсөв, мөнгөний бодлогоор бодит эдийн засгаа дэмжих бололцоо бий болж байгаа нь 2017 оны төсвийн нэг онцлог болж байна. Тиймээс нүүр тулан ирсэн эдийн засгийн хүндрэлийг эв нэгдэлтэй, нэг зорилготой, хамтран зүтгэж байж хохирол багатай даван туулах болно. Үүний төлөө хамтран ажиллахыг уриалж байна.