Бакей.А 2016.11.30 | Сонин: Үндэсний Шуудан

А.Бакей: Намын даргад өөрийгөө зарласан дөрөв, таван хүн л нэр дэвших биз дээ

А.Бакей: Намын даргад өөрийгөө зарласан дөрөв, таван хүн л нэр дэвших биз дээ
УИХ-ын гишүүн асан А.Бакей

УИХ-ын гишүүн асан А.Бакейтэй ярилцлаа.

-АН-ын ҮЗХ-ны өмнө “Шинэчлэлийн хороо”, “МоАН”, “Шонхор”, “Нэг ардчилал” гэсэн автортой дүрмийн төслүүд яригдаж байсан. Тэднээс хэдийг нь АН-ын үндсэн дүрмийн шинэчлэлийн ажлын хэсэг дээр хэлэлцэж байгаа бол. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Миний төслөөс өөр хэвлэмэл, нарийвчилсан юм байхгүй” гэсэн. Хэр олон талын санаа оноо орж байгаа бол?

Миний хувьд өмнө нь тодорхой саналуудаа боловсруулаад өгчихсөн болохоор ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ороогүй. Гэхдээ ер нь бүгд ажлын хэсэг дээр очсон. Ажлын хэсэг дээр очсон хувилбаруудын зарим нь иж бүрэн бол зарим нь хэсэгчилсэн саналын шинжтэй байна.

Эднийг ажлын хэсэг нэлээд нухацтай хэлэлцээд, нэгтгэж байгаа. Намын дүрмийг хэдхэн хүн ширээ тойрч сууж байгаад боловсруулаад намын Их хуралд оруулах нь учир дутагдалтай. Тийм учраас харин ч олон ургальч үзлийн үүднээс олон дүрмийн төслийн хувилбарууд, саналууд тал талаас ирж байгаа нь ач холбогдолтой юм.

-Нийтлэг санал нийлж байгаа зүйлс нь юу байна вэ?

Миний авч байгаа мэдээллээр нийтлэг санал нэлээд байна. Энэ саналуудыг базаж хэлбэл АН-ын өдөр тутмын амьдралд дотоод ардилалыг бэхжүүлэх, дотоод ажилд хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэсэн зарчмын шинжтэй өөрчлөлтүүдэд санал нийлж байгаа. Өнгөрсөн хугацаанд тодорхой харагдсан засч залруулах зүйл бий шүү дээ.

Жишээлбэл, намын Их хурлыг дүрмийн дагуу тодорхой хугацаанд зарлаж хуралдуулах ёстой байтал хуралддаггүй. ҮЗХ-ны хурлыг зарлачихаад цагт нь хуралдуулахгүй хойшлуулаад байдаг асуудал гарч байлаа. Тэгэхээр энэ нам хурлаа зарлачихаад яагаад хийхгүй байна гээд жирийн гишүүд төдийгүй олон нийт хүртэл харж байгаа шүү дээ. Хурлыг хуралдуулах уу, үгүй юу гэдэг бол өдийг хүртэл намын удирдлагын үзэмжийн асуудал байсан.

Тиймээс бүх шатны хурлыг жилд хоёр удаа ч гэдэг юм уу хуралдуулах тодорхой хугацаатай болгож байгаа. Мөн тусгай хурал хариуцсан субьекттэй болгож, тэр нь тогтоосон хугацаанд хуралдуулахгүй бол автоматаар огцорч байдаг өөрчлөлт оруулж байх жишээтэй. Ингэхээр ядаж хурлаа цагт нь хариуцпагатай хийж чаддаг болно гэсэн үг. Тийм учраас хөндлөнгийн хурал зохион байгуулах субьекттэй байх нь зүйтэй гэсэн санал гарч ирж байгаа.

-Намын даргыг сонгох тухайд?

Бүх шатны намын даргыг аль болох нийт гишүүдээс сонгох нь чухал гэж үзэж байгаа. Жишээлбэл, намын даргыг зөвхөн Их хурлын төвшинд сонгоод, баталгаажуулах, эсвэл орон даяар АН-ын гишүүдийн дунд сунгаагаар нэр дэвшигчид нь өөрсдийнхөө мөрийн хөтөлбөрөө танилцуулаад, үзэл бодлоо уралдуулах зөв үү. Хэрвээ намын дарга болбол АН гэсэн нийгмийн том улс төрийн хүчнийг авч явж чадах эсэхээ намын хамт олонд таниулаад санал аваад гараад ирсэн хүнийг Их хурлын төвшинд баталгаажуулах хувилбар нь зүйтэй гэсэн санал давамгайлж байгаа.

Энэ бол яах аргагүй АН гэсэн нэртэй ардчилсан үйл явцыг хэрэгжүүлэхэд гарцаагүй чухал асуудал гэж бодож байна. Нэгэнт намын сунгаагаар тодруулаад Их хурлаар баталгаажуулсан намын даргыг дөрвөн жилийн хугацаанд тогтвортой ажиллуулахаар анхаарсан. Мөн намаа зөв удирдаж, улс төрийн том сонгуульд ялалт байгуулсан тохиолдолд Ерөнхий сайдын албан тушаалд ажиллах асуудлуудыг дүрэмд илүү тодорхой тусгахаар төлөвлөж оруулсан. Үүний зэрэгцээ аймаг, нийслэлийн намын дарга байна.

Аймгуудын намын хорооны дарга гэхэд үндсэндээ аймгийн намын хорооноос сонгогдоод баталгаажиж байгаа шүү дээ. Гэтэл аймгийн намын хороод гэхэд зуугийн наана, цаана цөөхөн тооны гишүүдтэй байдаг. Тэгэхээр мөн ялгаагүй тухайн аймгийн намын гишүүдийн дунд сунгаагаар тодруулаад аймгийн намын хороогоор баталгаажуулах нь зүйтэй. Ингэж аль болох намын олон гишүүний итгэлийг авч сонгогдож гарч ирсэн хүн чинь эргээд хариуцлага хүлээж илүү сайн ажиллахыг чармайх боломжтой болно шүү дээ.

-Танай намын зарим гишүүд намын шинэ дүрмээр сонгогдсон үүрийн дарга нарын хуралд намын даргад нэр дэвшигчид очоод тэдний дунд сунгаагаар сонгогдох нь зүйтэй гэсэн хувилбар хэлж байсан?

Мэдээж намын даргад нэр дэвшигчдийн сунгааг зохион байгуулах журам гарна. Тэр журам дээрээ үүнийг илүү тодорхой зааж өгөх ёстой л доо. Үүний төслийг зарим талаар боловсруулсан анхны хувилбарууд байх шиг байгаа юм. Зарим намын гишүүд бидний хэлж заншсан хар машин буюу сонгуулийн санал тоолох төхөөрөмжийг ашшлаад ч гэсэн намын гишүүдийн саналыг хурааж болно гэж байгаа. Энэ дашрамд хэлэхэд, АН-ьш даргыг аль болох цөөхөн гишүүдийн дундаас сонгох юм бол тэр хүн эргээд явцуу ажиллах, хариуцлага нь ч сул байх шинжтэй байна шүү дээ.

Тиймээс аль болох намын гишүүдийн дунд, тэр тусмаа дор хаяж 10, 20 мянган хүний дундаас сонгох юм бол бараг УИХ-ын сонгуулийн нэг тойргийн адил хариуцлагатай ажил болно. Ер нь том намын даргын сонгууль гэдэг чинь явж, явж цаанаа төрийн ажлын бас нэг бүрэлдэхүүн хэсэг юм. Намыг төлөвшүүлж байж төрийг төлөвшүүлэх хэрэгтэй болно. Энэ утгаараа их хариуцлагатай, зохион байгуулалттай хандах ёстой гэж бодож байгаа.

-Намын дарга болсон хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдэг дээр тогтож байна гэсэн. Хэр дэмжигдсэн бол?

Одоо манай намын өмнө хоёр том зорилт тавигдаж байна шүү дээ. Нэг нь ямар ч байсан намынхаа Их хурлыг сайн зохион байгуулж, намын шинэчлэлийг бодитой эхлүүлэх гэдэг ойлгомжтой. Нөгөөх нь ирэх онд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах юм. Энэ хоёр хоорондоо их холбоотой асуудал. Өөрөөр хэлбэл нам хэр шинэчлэгдэж байна, намын даргаар хэр зөв манлайлагч, намыг ялалтад хөтлөх хүн сонгогдож байна гэдгээсээ хоёр дахь асуудал бас хамаарна.

Тиймээс өөрийн чинь ярьж байгаа хувилбар байж болно л доо. Өөрөөр хэлбэл нам удирдаж байгаа хүн намаа ялалтаас ялалтад авчраад, дараа нь Ерөнхий сайдын албан тушаалд очих боломж байгаа шүү дээ. Тийм тохиолдолд магадгүй Ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн ялалт авчрах боломжтой, олон түмний итгэлийг авч чадах хүнийг дэвшүүлэхийн төлөө нам дотроо зөвшилцөж болно. Энэ бараг зөв хувилбар гэж бодож байна.

-АН-ын даргад нэр дэвшинэ гээд зарлачихсан хүмүүс байгаа. Ер нь намын сунгаанд хэчнээн хүн нэр дэвших эрхтэй байх юм бэ?

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарим хүн би дэвшинэ гээд нэрээ тодруулчихсан байж байна. Мэдээж тэр улсууд АН-ын гишүүн учраас нэр дэвших эрхтэй. Ер нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дөрөв, таван хүний нэр л яригдаж байгаа шүү дээ. Түүнээс олон хүн нэр дэвшихгүй байх гэж бодож байна. Тэр хүрээндээ нэр дэвшээд, дүрэм журмынхаа дагуу сайхан шударга өрсөлдөөд энэ ажил явагдах ёстой.

-АН их хагаралтай харагдах юм аа. “МҮДН”, “Шонхор”, “Алтангадас” нь нэг тал “МоАН”,“Нэг ардчилал” нь нөгөө талд гарчихаад ҮЗХ-ныхоо хурлыг хойшлуулсан тохиолдол байлаа. ҮЗХ-ны хурлыг фракцууд хайрцаглачихсан байдаг. Харин Их хурлыг хайрцаглах боломжтой болов уу?

Ер нь яагаад АН-д фракцууд оршин тогтноод байна гэвэл энэ дүрмийн цоорхойгоос үүдэлтэй. Дээр нь хэтэрхий явцуу эрх ашигт нийлсэн тодорхой бүлэглэл байдаг учраас энэ оршин тогтноод байгаа шүү дээ. Үүнийгээ энэ удаагийн намын шинэчлэлийн хүрээнд үзэл баримтлал, дүрмийн өөрчлөлтөөр фракцлахгүйгээр асуудалд зөв хандаж шийдэх тийм хэлбэр рүү оруулах ёстой.

Дээр дурдсан бүх шатны намын дарга нарыг сунгаагаар марафоноор тодруулъя гэдэг чинь өөрөө фракц байгаад ч нэмэргүй болгоно шүү дээ. Үүний нэгэн адил Их хурлын төлөөлөгчийг сонгох журмыг баталсан. Тэр дагуу Их хурлын төлөөлөгчид одоо яг ид сонгогдох шатандаа явж байна. Тодруулбал, бүх аймаг, нийслэлийн иргэдийн төлөөллөөр олны итгэлийг хүлээсэн хүмүүс сонгогддог.

Цаана нь сум болгоноос нэг нэг төлөөлөгч орж ирэг. Тухайн сумын намын хамт олон өөрсдөө тодруулаг гэдэг ч юм уу. Ийм маягаар дээр нь намын дэргэдэх эмэгтэйчүүд, ахмадууд, залуучуудын байгууллагууд өөрсдөө тодорхой квотод багтааж төлөөлөгчөө сонгож ирэг гэж байгаа. Энэ олон хүнийг фракцаар хайрцаглаж чадахгүй шүү дээ. Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд, УИХ, орон нутгийн сонгууль аль алинд нь байдаг чадлаараа хүчин зүтгээд ялагдал хүлээсэн намын жирийн гишүүд аль нэг фракцын явцуу эрх ашигт хөтлөгдөж санал өгөхгүй байх гэж би найдаж байгаа.

-АН анхнаасаа өөр өөр намын нэгдэл болохоор фракцалдаг гэж тайлбарладаг гишүүд бий. Фракцын асуудал дүрэмд хэрхэн тусч байгаа бол?

Хуучин нэгдэн нийлсэн намуудын суурь байгаа учраас фракц байгаад байна гэж тайлбарладагтай би санал нийлдэггүй. Яагаад гэхээр, тэгвэл анхнаасаа л нэг үзэл бодлын төлөө л нэг тоонот гэрт нэгдсэн бол хажуугаар нь өмнө тусдаа байсан гэр нь хэвээрээ байх ёстой гэж хэлэх ёсгүй. Тийм учраас заавал тэнд уягдаад фракцаа амь бөхтэй байлгах нь буруу гэж бодож байгаа. Яахав фракц байлаа гэхэд цэвэр ажил төрлийн төлөө байх ёстой.

Жишээ нь, намын шинэчилсэн дүрмийн төсөлд гол фракцууд бараг бүгд дүрмийн төслөө боловсруулж танилцуулсан. Энэ бол байж болох ажил хэргийн асуудал. Түүнээс биш албан тушаал хуваарилах, “бялуу хуваах” гэдэг дээр дээд зэргийн идэвхтэй ажиллаад, бусад үед ажил хэрэг ярихгүй бол фракцын зорилго нь ойлгомжтой болж байна шүү дээ. Тэгэхээр фракц байлаа гэхэд цэвэр бодлогын, ажил хэргийн шинжтэй ийм зүйлүүд дээр байх ёстой юм.

-МоАН нэгдэл тийм гэж хэлж болохуу?

МоАН санаачилгыг анхнаасаа тавьсан зорилго нь ардчиллын үнэт зүйлсийг хамгаалах, хөгжүүлэх юм. Өнгөрсөн үед ардчиллын зарим зүйлс ухрах шинжтэй болсон байгаа. Үүнийгээ сэргээе, хүний эрхийг хамгаалъя гэдэг үүднээс намын шинэчлэлд тодорхой дуу хоолой, хувь нэмрээ оруулъя гэж гарч ирсэн. Яг энэ зарчмынхаа дагуу л ажиллаж байгаа.

-Өнгөрсөн ҮЗХ-ны хурал дээр Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаахад хуралдаан хаяж гарсан гишүүдтэй хариуцлага тооцох ёстой гэдэг асуудал ширүүн яригдсан гэсэн. Тэгэхээр хариуцлагын асуудалд танай намын үндсэн дүрэмд хэр тусч байгаа бол?

Одоо мөрдөж байгаа АН-ын дүрэм бас ч муу дүрэм биш л дээ. Асуудлын гол нь тэр дүрмээ баримталж ажиллаагүй. Баримтлаагүйд нь намын жирийн гишүүд дургүйцэж байгаа юм. Нэгэнт дүрэм баталсан л бол мөрдөж ажиллах нь хариуцлага, намын дотоод үйл явдлын хамгийн гол шалгуур байх ёстой.

Гэтэл үүнийг зөрчөөд тодорхой асуудалд хариуцлага хүлээхгүй явахаар намын дүрмийг зөрчиж болох юм байна гэсэн ойлголт гарч ирнэ ээ дээ. Тийм учраас үүнээс хойш нэгэнт дүрэм баталсан бол түүнийгээ заавал биелүүлэх нь намын дарга ч бай, жирийн гишүүн ч бай ижил үйлчлэхийг дүрэмдээ хуульчилж өгөхөөр болж байгаагаар ач холбогдолтой. Өөрийнхөө байгуулсан Засгийн газрыг огцруулахын төлөө кноп дарсан, эсвэл санал өгөлгүй гарсан гишүүдийн хувьд ҮЗХ-ны өмнөх хоёр, гурван ч хурал дээр тодорхой хэмжээнд яригдсан.

Гэхдээ үүнд олон талаас нь тайлбар хийсэн л дээ. Зарим нь дүрэмд байгаа учраас хариуцлага тооцох ёстой гэж байсан. Нөгөө нь тухайн хэлэлцэж байгаа асуудал дээр саналаа өгөх, өгөхгүй нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал гэж байлаа. Олон өнцгөөс тайлбарлаж байгаа. Хамгийн гол нь Засгийн газрын тэргүүнийг сонгох, томилох асуудлыг ч тэр, эргээд огцруулах асуудлыг ч ҮЗХ-ны хуралдаанаараа хэлэлцээд нэгдсэн журмаар чиглэл өгөх ёстой шүү дээ. Энэ шат нь бас бүрхэгдүү өнгөрсөн.

-Таны дээр дурдаад байгаа өөрчлөлтүүд намын дүрэмд хэр туссан бол. Эхний ээлжид дүрмийн төслийг бэлэн болгоод намын үүрүүддээ тараах ажил эхлээд явж байгаа гэсэн мэдээлэл байна?

Миний дурдсан зүйлүүд бүгд дүрмийн төсөлд орчихсон байгаа. Яагаад гэхээр ширээ тойрсон хэдхэн хүн сууж байгаад энэ дүрмийг л батлах ёстой гээд зүтгүүлэх биш, олон ургальч үзлийн үүднээс хамгийн сайныг нь тэр тусмаа нийтлэг зүйлийг нь дүрэмдээ тусгаж өгснөөрөө сайн болсон. Тийм учраас АН-ын дүрэм гэдэг өөрөө миний, чиний дүрэм гэж талцах явдал гарахгүй. Дүрмийн төслүүд дээрх аль боломжтой, нийтлэг хувилбаруудыг үндсэн дүрэмд суутгаж өгөх байгаа шүү дээ. Ажлын хэсэг бол яг энэ дагуу ажиллаж байгаа.

-Их хурал дөхсөнөөс ч тэр үү, намынхаа гадна талаас намаа шүүмжлэх явдал ихэслээ. Таны хувьд ямар байр суурьтай байдаг вэ?

Цэвэр өөрийнхөө хувь хүний ёс зүйг бодсон ч, олон жил энэ намын эгнээнд явсан гишүүний хувьд ч, мөн энэ. намын нэрээр УИХ-д нэр дэвшиж сонгогдоод олон түмний итгэл найдварыг хүлээсний хувьд ч намын гишүүд ийм хүнд үед намын шинэчлэлийг хийхдээ нэг зүйлд онцгой анхаарах ёстой. Энэ бол намын эв нэгдэл.

Өөрөөр хэлбэл өнгөрсөн хугацааны бүх юм муу, муухай байсан гэж нулимсны үндсэнд тодорч гарч ирэх гэсэн ийм асуудал байж болохгүй гэж бодож байгаа. Эсвэл өнгөрсөн хугацаанд байсан бүх зүйл сайхан байсан гэж тэр болгоныг нуун дарагдуулах нь буруу. Өөрөөр хэлбэл үнэхээр намд байсан дутагдлыг намын хамт олны өмнө илэн далангүй ажил хэрэгч байдлаар шинэчлэлийн эрх ашгийн үүднээс ярьж энэ асуудлаа засч залруулах ёстой байгаа юм. Энэ зарчим бол зарим талаар алдагдсан буруу зүйл гэдгийг шууд хэлмээр байна.