Л.Болд: Хээрийн боохойтой нийлсэн гэрийн нохой илүү аюултай гэдэг
УИХ-ын гишүүн Л.Болд
2016.11.24

Л.Болд: Хээрийн боохойтой нийлсэн гэрийн нохой илүү аюултай гэдэг

УИХ-ын гишүүн Л.Болдоос цаг үе, улс төрийн нөхцөл байдлын талаар зарим асуултад хариулт авлаа. 

-Удтал дуншсан АН-ын ҮЗХ-ны хурал саяхан боллоо. Хэр үр дүнтэй хурал боллоо гэж та дүгнэж байна вэ?

Зуны амралт, хичээлийн шинэ жил, орон нутгийн сонгууль гэх мэт олон шалтаг шалтгаан хэлж хойшлуулж байсан хурал сая болох нь боллоо.Долоодугаар сард анх эхлээд хаагаагүй байсан энэ хурал дөрвөн сарын дараа үргэлжлүүлэн хуралдах хооронд манай намын толгойд байгаа нөхөд ҮЗХ-ны гишүүдийн намаа өөд татая, эрс өөрчилье гэсэн халуун сэтгэлийг царцаах, унтуулах, болохгүй бол залхаагаад явуулах бүх л ажлыг хийжээ.

Тэгээд сурсан зангаараа тэр манайх, тэр биш гэж тоо бодож байгаад хурал хийсэн болоод хүссэн шийдвэрүүдээ гаргаж аваад л бушуухан хаалаа. ҮЗХ бол АН-ын эрх барих дээд байгууллага, улсаар бол парламент нь. Гэтэл энэ бүтцийг маань миний жилийн өмнө анхааруулж сануулж байсанчлан хайрцаглагдсан сүрэг болгож хариулдаг хүмүүс хэвээрээ байгааг энэ удаагийн хурал харууллаа. Үндсэндээ З.Энхболд намын дарга хэвээрээ юм байна гэдгийг ойлгохын төлөө л дөрвөн сар дуншсан байна. 

-ҮЗХ-ны хурлаас хоёр чухал ажлын хэсэг томилсон шүү дээ?

Далан хүнтэй ажлын хэсэг гэж юу байх вэ дээ. Тус бүр далан хүнтэй ажлын хэсэг гэдэг маань 140 хүн. Гэтэл саяны ҮЗХ-ны хуралд 150 орчим л гишүүн оролцсон. Энэ олон хүнтэй ажлын хэсэг бүгдээрээ хэлэлцэж тунгаагаад үр дүнтэй ажиллана гэхээсээ илүү удирдаж байгаа цөөн хүний хүсэл зоригийг зөвтгөх шалтаг болж байна. Өөрөөр хэлбэл, өөрсдийнхөө хүслийг ажлын хэсэг нэрээр тулгах арга мэх.

Тэгээд ч эдгээр ажлын хэсэг бол их хурал зохион байгуулах, Дүрэм шинэчлэх асуудлуудыг шийдэх эрхтэй бүтэц биш. Намын дүрэм ёсоор их хурлыг ингэж зохион байгуулна, төлөөлөгчдийг ингэж бүрдүүлнэ, ийм ийм асуудал хэлэлцүүлнэ гэдэг саналаа боловсруулж ирэх л үүрэгтэй. Шийдвэр гаргах эрх зөвхөн ҮЗХ болон Их хуралд өөрт нь бий. Тийм учраас их хурлын өмнө ҮЗХ илүү ажил хэрэгчээр дахин хуралдах шаардлагатай. 

-Тэгвэл арванхоёрдугаар сарын 6-нд болох Намын их хурлаас та ч бас нэг их юм хүлээхгүй байна уу?

Одоо явж байгаа байдлаар, зарим хүний хүссэнээр их хурлыг зохион байгуулах юм бол арай олон оролцон тоглогчтой жүжиг л болно. Бод доо, хурал зохион байгуулахтай холбоотой ажлын хэсэг нь ч хуралдаж амжаагүй, төлөөлөгчийн тоо, сонгох журам нь ч тодорхойгүй байхад олон газар их хурлын төлөөлөгч тодорчихсон, фракциуд нь тэдэнтэй ажиллаад эхэлчихсэн байна шүү дээ. Энэ их цас зуднаар тэгж олон хүнийг цуглуулаад үр дүнгүй хурал хийх юм бол хийгээгүй нь дээр. 

Угтаа бол энэ удаагийн их хурал намын шинэчлэлийн төдийгүй Монголын ардчиллын төлөө Онц их хурал болох ёстой юм. Үүний тулд өөр хоорондоо наймаалцаж өвөр түрийдээ оронгоо, маргааш нь нэгнийгээ араар тавьж байгаа ашиг сонирхлын бүлэглэлүүдийн нөлөөллөөс ангид жинхэнэ ардчилсан, үзэл санааны хурал хийх ёстой. Юутай ч их хурлаа хэр үр дүнтэй хурал болж чадах нь харъя. Тэгээд болохгүй бол дараа нь намаа шинэчлэх илүү шийдэмгий үйл ажиллагаа явуулахаас өөр аргагүй болно. 

-Ашиг сонирхлын бүлэглэлүүд гэдэгт та хэнийг хэлж байна вэ?

Мөнгөний сонирхол болон зовлонгоороо нэгдсэн бүлэглэлүүд манай нам дотор байна. Бас Ардчилсан намыг хэвтрийн байлгаж Монголын ардчиллыг параличид байлгах сонирхолтой нам дамнасан бүлэглэлүүд ч байна. Тэдний хэн нь хэн бэ гэдгийг намынхаа халуун гал тогоонд ярилцах хэрэгтэй байх. Манай ард түмэн “хээрийн боохойтой нийлсэн гэрийн нохой илүү аюултай” гэж ярьдаг даа. Тэгвэл манай намын доторх зарим нохой “хээрийн боохойтой” нийлчихээд намаа хорлоод байгааг авч хэлэлцэхээс л онц их хурлын ажил эхлэмээр байна. 

-Ардчилсан намыг хэвтрийн байлгах сонирхолтой бүлэглэл бий гэж та нэг бус удаа ярьж байна. Хэнд, яагаад ийм сонирхол байгаа хэрэг вэ?

Нам дамжсан ийм бүлэглэл байгаа нь нэгэнт тодорхой болжээ. Тэд УИХ-ын сонгууль, Орон нутгийн сонгуульд АН-ыг ялагдуулахыг хүссэн, одоо Ерөнхийлөгчийн сонгуулийг ч бас өөрсдийнхөө сценариар хийх хүсэлтэй байгаа. Тэгсэн мөртөө АН-ыг бүр хаяад эсвэл сөнөөчихгүй өөрсдийнхөө хяналтад байлгах сонирхолтой. Учир нь наанадаж нам болж тоглон улс төрийн наймаагаа хийх цаанадаж Монголыг сөрөг хүчинтэй юм шиг харагдуулахыг хүсэж байгаа юм. Угтаа бол АН сөрөг хүчний үүргээ ч гүйцэтгэж чадахгүй байгааг хамгийн сүүлийн хоёрхон жишээнээс харж болж байна.

Орон нутгийн сонгуулийн зөрчил булхай, зарим дүүрэгт сонгуулийн дүнг улайм цайм луйвардаж байгаа явдлын талаар эсрэг нам ганц үг дуугарсангүй. Хуруу дарам цөөн газар АН ялснаас Сүхбаатар аймаг, Баянзүрх дүүргийн орон нутгийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч батламжлахгүй байгааг ч тоож байгаа юм алга. Ерөнхий сайд УИХ-д ажлаа тайлагнаж байхад асуулт асуух эрхтэй цорын ганц субьект болох цөөнхийн бүлэг дуугүй л байна гэх мэт. Сүүлдээ манай бүлэг хуралдахаа ч байсныг хэлэхэд ичмээр байна. 

-Бүлэг яагаад хуралдахгүй байгаа юм бэ?

Дүрмийн бусаар бүлгийн дарга болсон хүн л цөөнхийн бүлгийг идэвхтэй ажиллуулах сонирхолгүй байна гэж ойлгохоос өөр арга алга. Тэгсэн мөртөө бүлгийн гишүүдээ үгүйсгэх болохоор их л идэвхтэй бололтой юм. Сая Ж.Батзанданг ажлын хэсэгт орсны төлөө манай бүлэг биш шүү гээд бичиг шидэж байгаагаас харахад. 

-Таны ярьж байгаа нам дамжсан бүлэглэл гэдгийн талаар танай намын дарга бөгөөд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг сүүлийн үед ярих болсон. Харин түүний эргэн тойрны хүмүүсийг баривчилж буй асуудлаар та байр сууриа илэрхийлнэ үү.

Асуудал Н.Алтанхуягтай холбоотой гэдгээрээ ч биш. Ерөөс зайлшгүй шаардлагатай бус энэ их баривчилгаа, улс төрийнхний толхилцоонд иргэд, бизнесийнхнийг чирдэг явдлыг яавч зөвтгөх аргагүй. Хэрэг зарга байдаг бол шалгаж нягталж болно. Энэ бол хуулийн байгуулагынхны бүрэн эрх. Гэхдээ ингэж хүний эрхийг уландаа гишгэсэн арга барилаар байж болохгүй. Энэ асуудлаар ч гэсэн Ардчилсан нам дуугарч ардчиллыг, хүний эрхийг хамгаалах ёстой.