Ё.Баатарбилэг 2016.12.16 | Сайт: Vip76.mn

Ё.Баатарбилэг: "Ахмад настан" гэж онцлолгүй бүх алдар цолтныг хуулийн үйлчлэлд хамруулах боломж бий гэж харж байна

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх" асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг "Ахмад настан" гэж онцлолгүй "Алдар цолтонд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай" гэж хуулийн төслийн нэршил, хамрах хүрээг өөрчилж болохгүй юу гэсэн санал гаргаж, хуулийн төсөл санаачлагчаас асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: 

"Уг хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байна. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байх үеэр нилээд судалгаа хийсэн. Хуулийн төслийг “Ахмад цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай” гэж нэрлэх нь хэр зүйтэй вэ?

Олимп, тив дэлхийн чанартай уралдаан, тэмцээнд амжилт гаргасан тамирчид, урлаг соёлын алдартнуудыг уг хуулийн төсөлд хамруулах боломжтой гэж харж байна. Тиймээс Алдар цолтнуудад төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай гэж өөрчилж болохгүй юу?

Өнөөдөр олимп, тив дэлхийн медальтай тамирчдад өндөр нэмэгдэл, урамшуулал олгож байна гэж үзэж байгаа бол Үндсэн хуульд заасны дагуу хүнийг ажил, албан тушаал, боловсрол, мэдлэг зэргээр нь ялгаварлан гадуурхаж болохгүй гэж заасан байдаг шүү дээ.

Энэ утгаараа дэлхийд Монгол Улсынхаа нэрийг гаргаж буй урлагийн салбарынхныг ч гэсэн хэдэн саяар урамшуулах нь зүйтэй. Тийм боломж, бололцоо Засгийн газарт бий юу? Хэрэв тийм боломж, бололцоо байхгүй бол энэ асуудлыг нэг мөр болгох хэрэгтэй.

Улсын хэмжээнд 156 хөдөлмөрийн баатар нэмэгдэл авч байна. Энэ нь дунджаар 30 сая төгрөг болж байна. Тэгвэл 51 тамирчинд 110 сая төгрөг урамшуулал олгож байна. Тэгсэн атлаа төсөв хүнд байна гэдэг.

Тамирчдад олгох урамшууллын хэмжээг тогтоохдоо тэдний гаргасан амжилтыг урамшуулж, цаашид амжилт гаргахыг нь хөхиүлэн дэмжих гэдэг утгаараа урамшууллын хэмжээг тогтоолоо гэж тайлбарлаж байсан санагдана. Тамирчдад өгсөн урамшуулал үр дүнгээ өгч байгаа эсэхийг амжилт гаргаж байгаагаар үнэлж дүгнэнэ шүү дээ.

Засгийн газар яг ямар хуулийн хүрээнд тогтоол гаргаж, насан туршийн нэмэгдэл, хөнгөлөлт олгохоор болж байна вэ?"

УИХ-ын гишүүн, Нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр:

"Уг хуулийн төслийг өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэх нь дэмжигдсэн Ахмад настны тухай шинэчилсэн найруулгын төсөл, одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуультай уялдуулан боловсруулсан. Хуулийн төслийн хамрах хүрээ нь ахмад настнууд.

Тамирчид гэхээр ахмад настан гэсэн томъёололд орохгүй. Тамирчдад олгож буй нэмэгдэл нь ахмад настнуудынхаас өндөр байдаг нь ар гэр, нийгмийн асуудалдаа санаа зоволгүй бэлтгэл сургуулилтаа базааж, амжилт гаргахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой байдаг. Тамирчдад олгож буй нэмэгдлийг насан туршад нь олгоно гэж тухайн үедээ шийдсэн байсан."

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

"Уг хуулийн төсөл нь ерөнхийдөө алдар цолтнуудад чиглэсэн байна. Тиймээс “ахмад настан” гэж онцлох хэрэг байна уу? Тэртэй тэргүй алдар цолтон гэдэг томъёолол дотор ахмад настнууд ч бас орно. Тиймээс уг хуулийн төслийн хүрээнд “ахмад” гэлтгүй жил бүр шинээр алдар цол хүртэж буй хүмүүсийн нийгмийн асуудлыг ч шийдэх боломжтой гэж харж байна."

УИХ-ын гишүүн, Нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр:

"Ийм зарчмын хоёр асуудал дэвшүүлж буй хоёр гишүүн байна. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг олимпийн тамирчид гэж байгаа бол УИХ-ын гишүүн Н.Оюундарь Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар ажиллаж байсан дипломатчдыг хуулийн үйлчлэлд хамруулах хүсэлтэй байна.

Н.Оюундарийн хөндсөн асуудал бол хуулийн төслийн үндсэн агуулгатай нийцэж байна гэж хэлж болохоор. Хэлэлцүүлгийн явцад нэмэлт, өөрчлөлт оруулаад шийдэж болохоор асуудал. Ё.Баатарбилэг гишүүний хөндөж буй асуудал нь хуулийн төслийн үндсэн агуулгатай уялдахгүй үзэж байна." 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn