• logo
  • search
    user
Санаачлагч
Сүлд
Монгол Улсын Засгийн Газар

Өргөн барьсан

Номтойбаяр.Н

Ажлын хэсэг ахалсан

Undraa

Батлагдсан огноо

2017.02.02

Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай

Шинэчилсэн найруулга (Ижил төрлийн тусламж, хөнгөлөлтийг нэг хуулиар зохицуулах зорилготой)
Өргөн барьсан: 2016.11.11

Байр суурь

А.Ундраа: Ардын Их Хурлын депутат, Улсын бага хурлын гишүүдэд нэмэгдэл, хөнгөлөлт олгохоор санал нэгдлээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Монгол Улсын баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн А.Ундраа танилцуулсан юм. УИХ-ын гишүүн А.Ундраа: Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Монгол Улсын баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг УИХ 2017 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлсэн билээ. Байнгын хороо хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг 2017 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаараа хийж, танилцуулгыг УИХ-ын нэгдсэн хуралдаанд танилцуулж байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгээр гишүүдийн олонхийн дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэлээ. Байнгын хорооны хуралдаанаар төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хуулийн төсөлд ардчилсан хувьсгалын анхны ахмад зүтгэлтнүүдийг хамруулах зарчмын зөрүүтэй санал гаргасныг Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 23,2,3-т зааснаар санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй дэмжлэгийг аваагүй болно. Мөн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр Улсын Бага хурлын гишүүдэд нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай санал дэмжигдсэн тул төслийн 7,1,3 дахь заалт, 10,2 дахь хэсэгт Монгол Улсын Их хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 23,2,3-т зааснаар дахин санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар дэмжигдлээ.

2017.02.02

Ё.Баатарбилэг: "Ахмад настан" гэж онцлолгүй бүх алдар цолтныг хуулийн үйлчлэлд хамруулах боломж бий гэж харж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх" асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг "Ахмад настан" гэж онцлолгүй "Алдар цолтонд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай" гэж хуулийн төслийн нэршил, хамрах хүрээг өөрчилж болохгүй юу гэсэн санал гаргаж, хуулийн төсөл санаачлагчаас асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: "Уг хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байна. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байх үеэр нилээд судалгаа хийсэн. Хуулийн төслийг "Ахмад цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай" гэж нэрлэх нь хэр зүйтэй вэ? Олимп, тив дэлхийн чанартай уралдаан, тэмцээнд амжилт гаргасан тамирчид, урлаг соёлын алдартнуудыг уг хуулийн төсөлд хамруулах боломжтой гэж харж байна. Тиймээс Алдар цолтнуудад төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай гэж өөрчилж болохгүй юу? Өнөөдөр олимп, тив дэлхийн медальтай тамирчдад өндөр нэмэгдэл, урамшуулал олгож байна гэж үзэж байгаа бол Үндсэн хуульд заасны дагуу хүнийг ажил, албан тушаал, боловсрол, мэдлэг зэргээр нь ялгаварлан гадуурхаж болохгүй гэж заасан байдаг шүү дээ. Энэ утгаараа дэлхийд Монгол Улсынхаа нэрийг гаргаж буй урлагийн салбарынхныг ч гэсэн хэдэн саяар урамшуулах нь зүйтэй. Тийм боломж, бололцоо Засгийн газарт бий юу? Хэрэв тийм боломж, бололцоо байхгүй бол энэ асуудлыг нэг мөр болгох хэрэгтэй. Улсын хэмжээнд 156 хөдөлмөрийн баатар нэмэгдэл авч байна. Энэ нь дунджаар 30 сая төгрөг болж байна. Тэгвэл 51 тамирчинд 110 сая төгрөг урамшуулал олгож байна. Тэгсэн атлаа төсөв хүнд байна гэдэг. Тамирчдад олгох урамшууллын хэмжээг тогтоохдоо тэдний гаргасан амжилтыг урамшуулж, цаашид амжилт гаргахыг нь хөхиүлэн дэмжих гэдэг утгаараа урамшууллын хэмжээг тогтоолоо гэж тайлбарлаж байсан санагдана. Тамирчдад өгсөн урамшуулал үр дүнгээ өгч байгаа эсэхийг амжилт гаргаж байгаагаар үнэлж дүгнэнэ шүү дээ. Засгийн газар яг ямар хуулийн хүрээнд тогтоол гаргаж, насан туршийн нэмэгдэл, хөнгөлөлт олгохоор болж байна вэ?" УИХ-ын гишүүн, Нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр: "Уг хуулийн төслийг өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэх нь дэмжигдсэн Ахмад настны тухай шинэчилсэн найруулгын төсөл, одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуультай уялдуулан боловсруулсан. Хуулийн төслийн хамрах хүрээ нь ахмад настнууд. Тамирчид гэхээр ахмад настан гэсэн томъёололд орохгүй. Тамирчдад олгож буй нэмэгдэл нь ахмад настнуудынхаас өндөр байдаг нь ар гэр, нийгмийн асуудалдаа санаа зоволгүй бэлтгэл сургуулилтаа базааж, амжилт гаргахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой байдаг. Тамирчдад олгож буй нэмэгдлийг насан туршад нь олгоно гэж тухайн үедээ шийдсэн байсан." УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: "Уг хуулийн төсөл нь ерөнхийдөө алдар цолтнуудад чиглэсэн байна. Тиймээс "ахмад настан" гэж онцлох хэрэг байна уу? Тэртэй тэргүй алдар цолтон гэдэг томъёолол дотор ахмад настнууд ч бас орно. Тиймээс уг хуулийн төслийн хүрээнд "ахмад" гэлтгүй жил бүр шинээр алдар цол хүртэж буй хүмүүсийн нийгмийн асуудлыг ч шийдэх боломжтой гэж харж байна." УИХ-ын гишүүн, Нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр: "Ийм зарчмын хоёр асуудал дэвшүүлж буй хоёр гишүүн байна. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг олимпийн тамирчид гэж байгаа бол УИХ-ын гишүүн Н.Оюундарь Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар ажиллаж байсан дипломатчдыг хуулийн үйлчлэлд хамруулах хүсэлтэй байна. Н.Оюундарийн хөндсөн асуудал бол хуулийн төслийн үндсэн агуулгатай нийцэж байна гэж хэлж болохоор. Хэлэлцүүлгийн явцад нэмэлт, өөрчлөлт оруулаад шийдэж болохоор асуудал. Ё.Баатарбилэг гишүүний хөндөж буй асуудал нь хуулийн төслийн үндсэн агуулгатай уялдахгүй үзэж байна."

2016.12.16

Н.Номтойбаяр: Алдар цолтон ахмад настнуудад сар бүр 150-200 мянган төгрөгийн нэмэгдэл олгож байна

Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн, Нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр: "2008 онд Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай хууль батлагдсан. Уг хуулийн дагуу улс эх орноо хөгжүүлэх, бүтээн байгуулах үйлсэд гарамгай хувь нэмэр оруулсан ахмадуудын алдар гавьяаг төр засгаас үнэлэн нийгмийн даатгал, нийгмийн халамжийн сангаас олгож байгаа тэтгэвэр, тэтгэмжээс гадна төрөөс сар бүр 150-200 мянган төгрөгийн нэмэгдэл олгож байна. УИХ-ын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Ач санах" хуулийг батлуулж, азай буурлууддаа "Насны хишиг" олгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэж тусгасан. Энэ хүрээнд ахмад настны амьдралын туршлага, мэдлэг, ур чадварыг нийгмийн баялагт тооцож, тэднийг халамжлахын зэрэгцээ нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулж, баялаг бүтээгч байлгах нь чухал гэсэн үзэл баримтлалын дагуу Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байна. Үүнтэй холбогдуулан хүчин төгөлдөр мөрдөж буй Ахмад настны нийгмийн хамгааллын хуулийн алдар цолтой ахмад настанд үзүүлэх мөнгөн тусламж, хөнгөлөлттэй холбоотой зохицуулалтыг Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай хуульд тусгах шаардлагатай байна. Иймд алдар цолтой ахмад настнуудад төрөөс үзүүлж байгаа дээрх тусламж, хөнгөлөлтийг нэг хуулиар зохицуулах зорилгоор Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсрууллаа."

2016.12.16