Гантөмөр.Л 2016.12.20 | Сайт: Vip76.mn

Авлигын хэргээр гэм буруутай нь тогтоогдсон, үзэл баримтлал, бодлогоосоо буцсан албан тушаалтанд хариуцлага тооцдог болгоно

Авлигын хэргээр гэм буруутай нь тогтоогдсон, үзэл баримтлал, бодлогоосоо буцсан албан тушаалтанд хариуцлага тооцдог болгоно
Ардчилсан намын гишүүн, Ардчилсан намын даргад нэр дэвшигч Л.Гантөмөр

Л.Гантөмөр Ардчилсан намын гишүүд, дэмжигчиддээ мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна. Тэрээр Ардчилсан намаа түүхтэй, туршлагатай, эрчтэй, мэдлэгтэй, мөрөөдөлтэй, тэмүүлэлтэй гурван үеийн төлөөллөөс бүрдсэн нам байна гэж тодорхойлжээ. 

Үзэл санаа, үнэт зүйл, алсын хараатай Ардчилсан нам

- Ардчилсан нам нь үндэсний эрх ашиг, бахархал, түүх, соёлоо дээдлэгч, үдэсний тусгаар тогтнол, Монгол улсын бүрэн эрх, Монгол хүний аюулгүй байдал, хувь хүний эрх, эрх чөлөө, өмчийн эрхийг хамгаалагч, иргэний идэвхи, санаачилга, оролцоонд тулгуурласан ардчиллын үйл хэргийг түгээн дэлгэрүүлэгч, хуулийн засаглал, шударга ёсыг бэхжүүлэгч, зах зээлийн харилцаанд суурилсан мэдлэгийн эдийн засаг, байгаль орчноо хамгаалсан тогтвортой хөгжлийг дэмжигч, үр ашигтай, цомхон, мэргэшсэн төрийн албыг эрхэмлэгч алсын хараа, чигч бодлоготой улс төрийн хүчин байна.

- Намын үндсэн үзэл санаа, үнэт зүйл, зарчмыг тодотгосон үзэл баримтлалын бие даасан баримт бичгийн төслийг боловсруулж, гишүүд, дэмжигч олон нийтээр хэлэлцүүлж, батлуулна.

- Үзэл баримтлалдаа нийцүүлж бодлого, үйл ажиллагаагаа тодорхойлдог болж, энэ соёлыг намын лидерүүдийг тодорхойлох хэмжүүр болгон төлөвшүүлнэ.

Үзэл баримтлал, бодлогоосоо буцсан, зөрчсөн албан тушаалтанд хариуцлага тооцдог болгоно.

- Ардчилсан нам төрийн аж ахуйн үйл ажиллагаан дахь оролцоог хязгаарлаж, хувийн хэвшил, иргэдийн бизнесийг дэмжиж, шаардлагагүй чиг үүрэг, эрх мэдлийг төрд төвлөрүүлэх, иргэний хяналт, оролцоог үгүйсгэхээс эрс татгалзана.

- Ардчиллын төлөвшилд эрсдэл учруулах цэрэгжсэн болон шашинжсан улс төрийн бодлого санаачлах, хэрэгжүүлэхээс сэргийлэх бодлого баримтална.

- Намын дэргэд улс төрийн боловсролын сургалтын бүтэц үүсгэж шинэ гишүүд, сонгуульт гишүүдэд зориулсан үнэт зүйлсийн сургалтыг намын бүх шатанд тогтмолжуулж, намын хүний нөөцийг тасралтгүй чадавхжуулах бодлого, үйл ажиллагаа хэрэгжүүлнэ.

- Гишүүд, дэмжигч, иргэд олон нийтэд зориулсан намын үзэл баримтлал, бодлогын чиглэл, сонгуулийн тогтолцооны талаарх сургалтын хөтөлбөрийг тогтмол хэрэгжүүлэх замаар ардчиллын үзэл санааны үндэс суурийг бэхжүүлж, нийгэмд манлайлагч, иргэдийн итгэлийг хүлээсэн дэвшилттэй улс төрийн хүчин болж бэхжинэ.

 Намын залуу халааг бэлдэх улс төрийн инкубаторын чиг үүргээ хариуцлагатай хэрэгжүүлнэ. АН-ын үнэт зүйл, үзэл санаа, зарчмыг манлайлан тээгч шинэ, залуу улс төрийн лидерүүдийг бойжуулах “Шинэ манлайлагч” хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ.

Бодлого, дүрэм, зарчмаар нэгдсэн Ардчилсан нам

- Ардчилсан нам нь судалгаанд суурилсан бодлого боловсруулах чадвар бүхий бодлогын институци, аливаа асуудалд шинжлэх ухаанчаар ханддаг, эрүүл саруул хэлэлцүүлгийн индэр хууль ёс, дүрэм, журмаа дээдлэгч, эвийг эрхэмлэгч улс төрийн хүчин байна.

Намыг албан тушаал, эрх мэдлийн төлөөх зарчимгүй өрсөлдөөн, зөрчлийн талбар болгохоос аливаа буруу тогтолцоог засч залруулж, бодлогын чадавхийг тасралтгүй сайжруулна.

- Ардчилсан нам үзэл баримтлалынхаа хүрээнд шинжлэх ухаанч хандлага бүхий үндэсний хөгжлийн бодлогыг тодорхойлон хэрэгжүүлнэ.

- Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороог Бодлогын зөвлөлийн салбар бүтцээр хуваарилан зохион байгуулж, бодлого тодорхойлох, хэлэлцүүлэг өрнүүлэх, алсын хараатай, төлөвшсөн бодлоготой улс төрчдийг бэлтгэх индэр болгон төлөвшүүлнэ.

- Бүх шатны намын байгууллагуудад улс үндэсний хэмжээний болон орон нутгийн түвшний улс төр, нийгэм, эдийн засгийн бодлогыг хэлэлцэж, байр сууриа тодорхойлоход нь дэмжлэг үзүүлэх бодлогын судалгааны дэд бүтцийг үүсгэж хөгжүүлнэ.

- Улс төр, нийгэм, эдийн засгийн тодорхой томоохон асуудлаар намын нэгдсэн бодлого, шийдвэр гаргаж, түүнийгээ тууштай баримтлан хэрэгжүүлэх дотоод соёл төлөвшүүлнэ.

- Намын хэрэг эрхлэх газрын бүтцэд бодлогын байгууллагуудын уялдаа холбоог хангах нэгжийг байгуулж, бэхжүүлнэ.

- Намын бодлогын хэрэгжилтэд мониторинг хийх бүтэц, чадавхыг хөгжүүлж, мэргэжлийн болон иргэний нийгмийн байгууллагуудтай ажиллах хамтын ажиллагааг нэмэгдүүлнэ.

- Намын дэргэд улс төрийн санд түшиглэсэн Бодлогын хүрээлэн байгуулж, намын бодлого, үйл ажиллагааг нийгэмд таниулах, иргэдийн санаа бодлыг намын бодлого, үйл ажиллагаанд тусгах гүүр болгон төлөвшүүлнэ.

- Орон нутгийн намын ХЭГ-ын улс төрийн судалгаа хийх чадвахийг нэмэгдүүлэх механизм бий болгож, үүнд чиглэсэн тодорхой хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ.

- Хамтын шийдвэрээр гарсан намын бодлого, дүрэм журмаа хэрэгжүүлэх нь намын эв нэгдлийг хангах суурь зарчим хэмээн үзэж, ийм соёл, сахилга хариуцлагыг төлөвшүүлэхийн төлөө тууштай ажиллана.

- Намын бүх шатны байгууллага, албан тушаалтан, хуралдааны эрх хэмжээ, чиг үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, эрх мэдлийн давхардлаас улбаатай зөрчил, хуваагдал үүсэхээс сэргийлнэ.

- Намын удирдлагын дэргэд намын ахмад, туршлагатай гишүүдийг оролцуулсан “Зөвлөхүүдийн танхим” байгуулан ажиллуулж, намын бодлогын залгамж чанарыг бэхжүүлж, намын ахмад, дунд, залуу үе хамтран ажиллах зөвшилцөл, ойлголцол, эв нэгдлийг бэхжүүлэх хамтын ажиллагааны механизмыг хөгжүүлнэ.

- Аливаа шийдвэрийг зөвшилцлийн зарчмыг эрхэмлэн дүрмээ сахин гаргаж, цөөнх болсон тал нь олонхийн шийдвэрт хүлээцтэй хандан, олонхи нь цөөнхөө хүндэтгэн намын эв нэгдлийг хангана.

- Үзэл баримтлал, Үндсэн дүрэм, намын гишүүний ёс зүйг хянах үр дүнтэй тогтолцоог бэхжүүлж, намын гишүүдэд хяналтын эрх мэдлийг шилжүүлнэ.

Намын дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах Үндсэн дүрмийн хороог намын их хурлаас байгуулж, намын үе үеийн гишүүд, эмэгтэйчүүдийн төлөөлөл тэгш оролцож, дүрмийн хэрэгжилтийг хамтран сахиулах нээлттэй, шударга тогтолцоог төлөвшүүлнэ.

- Хувийн болон бүлгийн явцуу ашиг сонирхол, албан тушаалын төлөө фракцлахыг хориглож, үзэл санааны болон бодлогын салбар, чиглэлээр нэгдэн ажиллах боломжийг нэмэгдүүлнэ.

Нээлттэй, дотоод ардчилалтай, цахим Ардчилсан нам   

- Ардчилсан нам нь гишүүдээ сонсдог, оролцоог нь дэмждэг, сонгох, сонгогдох эрхийг нь хамгаалдаг, дотоод ардчилал, сайн засаглалыг эрхэмлэсэн, мэдээллийн технологийн дэвшлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн улс төрийн хүчин байна.

- Ардчилсан намын үнэт зүйлийг хүлээн зөвшөөрсөн иргэн намд сайн дураараа элсэхэд нээлттэй байх нөхцлийг бүрдүүлнэ.

- Бүх шатны дотоод сонгуульд намын гишүүдийн сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулж, сонгуульт гишүүдийн 30 хувь нь хоёр жил тутам ротацийн зарчмаар солигддог тогтолцоог хэвшүүлнэ.

- Намын бүх шатны ээлжит хурал тогтсон хугацаанд тогтвортой хуралдддаг байхыг Үндсэн дүрмээр нарийвчлан зохицуулж, хуралдах баталгааг тухайн шатны намын даргын хариуцлагатай холбож зохицуулна.

- Намын бүх шатны хурлын байгууллага болон удирдлагын бүрэлдэхүүнд жендерийн тэнцвэртэй оролцоог дэмжиж, залуучуудын оролцоог нэмэгдүүлнэ.

- Үндэсний Зөвлөлдөх Хорооны гишүүдийн тоог нэмэгдүүлж Үндэсний Зөвлөлдөх Хорооны гишүүдийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл, мөн 20-иос доошгүй хувь нь 36 хүртэлх насны залуучуудын төлөөлөл, 20-иос доошгүй хувь нь ахмад гишүүдийн төлөөлөл байх нөхцлийг бүрдүүлнэ.

- Намын хүний нөөцийн бодлогод мерит буюу мэдлэг, ур чадвар, туршлагыг эрхэмлэж, оролцоо, манлайллыг чухалчилах зарчмыг баримтална.

Намын хүний нөөцийн бодлогын баримт бичиг боловсруулж, хэрэгжүүлнэ.

- Улс төрийн албан тушаалын томилгоо хийх шийдвэрийг анхан шатны намын гишүүдээс санал авч, намын үүрүүдийн хурлын дүгнэлтийг үндэслэн гаргана.

- УИХ, орон нутгийн хурал, улс төрийн албан тушаалд нэр дэвшигчдэд намын үзэл баримтлал, бодлого, дүрэм журмыг сахин биелүүлдэг байх шалгуур тавина.

- Намын шийдвэр гаргалт болон дотоод сонгуульд нийт гишүүдийн төлөөллийг бүрэн хангахаас гадна шууд болон зөвлөлдөх ардчиллын механизмуудыг ашиглах замаар гишүүдийн оролцоог нэмэгцүүлнэ.

- Ардчилсан намын үзэл баримтлал, бодлогыг дэмжигч мэргэжлийн холбоод, олон нийтийн байгууллагуудтай тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлнэ.

- Ардчилсан намын бодлого, шийдвэрт гишүүд, дэмжигч олон нийт, иргэдийн санал бодлыг тусгах цахим хэлэлцүүлэг, тайлагнах үйл ажиллагааг тогтмолжуулах замаар намын эргэх холбоог сайжруулна.

- Намын цахим засаглалыг хэрэгжүүлэх захиргаа, технологийн нэгжийг намын Хэрэг эрхлэх газрын бүтцэд ажиллуулна.

Хүчтэй, хариуцлагатай, итгэл даах Ардчилсан нам

- Ардчилсан нам нь өөрийн төдийгүй улс орны өмнө тулгарсан сорилтыг даван туулах чадвартай, хариуцлагатай ардчиллыг түүчээлэх, нийтийн ашиг сонирхлын төлөө, олны итгэл даах улс төрийн хүчин байна.

- Ардчилсан намын дотоодод болон төрийн алба, улс төрийн ажил албан тушаалын бүх түвшинд иргэдийн мэдлэг мэргэжил, туршлага, ур чадварыг үнэлж дэмжих хүний нөөцийн бодлого баримтална.

Мэргэшсэн төрийн албыг төлөвшүүлж хөгжүүлэх чиглэлээр төрийн албаны шинэчлэлийг тууштай хэрэгжүүлнэ.

- Улс төрийн албан тушаалтан, намын сонгуульт гишүүний тайланг тодорхой хугацаанд тогтмол сонсож хэлэлцдэг байна.

- Үндсэн дүрмийн хэрэгжилт, намын төв байгууллагын үйл ажиллагаанд тайлагнал, хариуцлагын тогтолцоог хэрэгжүүлж улс төрийн албан тушаалтан, намын сонгуульт гишүүний тайланг холбогдох шатны хурлаар хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгөх, хариуцлага тооцуулах зарчимд шилжинэ.

- Ардчилсан намын дүрэм, шийдвэрүүд бүх гишүүдэд адил тэгш үйлчилдэг соёл, сахилга, хариуцлагын орчныг төлөвшүүлнэ.

- Бүх шатны төрийн сонгуульд нам болон намын нэр дэвшигчийн эсрэг ажилласан гишүүдэд хариуцлага хүлээлгэх журам бий болгоно.

- Улс төрийн сонгуульд ялагдсан тухайн шатны намын дарга, намын дэргэдэх байгууллагын удирдлагууд өргөдлөө өгч, намын дарга, удирдлагын сонгуульд нэг сонгуулийн бүрэн эрхийн хугацаагаар дахин нэр дэвших эрхгүйгээр огцорно.

- Сонгогч иргэд рүү чиглэсэн эргэх холбоо бүхий үйл ажиллагааны тогтвортой хэлбэрийг бий болгох зорилгоор тойргийн зөвлөлийг ажиллуулна.

- Намын дотоодод болон төрийн албанд авлигыг үл тэвчих соёлыг дэлгэрүүлсэн, авлигатай тууштай тэмцэгч улс төрийн хүчин байна.

Ёс зүйтэй, авлигагүй, шилэн данстай Ардчилсан нам

- Ардчилсан нам нь тайлагнал, хяналт, хариуцлагын тогтолцоо бүхий улс төрийн соёлтой, санхүүгийн ил тод байдал, ёс зүйг эрхэмлэгч, авлигыг үл тэвчигч улс төрийн хүчин байна.

- Ардчилсан намын улс төрийн эрх ашиг нь нийт иргэдийн эрх ашигт суурилж, улсаа хөгжүүлэх, дэлхийд Монголын орон зайг бататгахад оршино.

- Ардчилсан намын гишүүдийн дунд нэгдүгээрт улсын, үндэсний эрх ашиг, хоёрдугаарт нам, олон нийтийн эрх ашиг, гуравдугаарт хувь хүний өөрийн эрх ашгийг зөв эрэмбэлж, үзэл санаа, үйл ажиллагаандаа мөрдлөг болгох, төрийн хууль, намын дүрэм журмаа чанд мөрддөг байх ёс зүйн зарчыг мөрдлөг болгон хэрэгжүүлнэ.

- Намын гишүүний ёс зүйн дүрмийг бүх гишүүдээр хэлэлцүүлэн батлаж, Ёс зүйн хорооны үйл ажиллагааг төлөвшүүлж, намын дотоод сахилга батыг сайжруулна.

- Ардчилсан намын гишүүд намынхаа үнэт зүйл, зарчмыг үлгэрлэн хэрэгжүүлэгч байж, намын дотоод болон гадаад үйл ажиллагаанд зарчимч байдлаа алдалгүй гишүүний ёс зүйн дүрмээ сахин биелүүлэх улс төрийн соёлыг бий болгоно.

- Ардчилсан намыг цөөн тооны томоохон санхүүжүүлэгчдийн хараат байдалд орохоос сэргийлж олон нийтийн санхүүжилттэй нам болгохын тулд намын гишүүний татвар, хураамжын тогтолцоог “хариуцлагатай оролцоо”-ны механизмтай уялдуулна.

- Намын бүх гишүүний татварын 20% Ардчилсан намын бодлого боловсруулах чадавхид зориулагдана.

Намын 36 хүртэлх насны залуу гишүүн бүрийн татварын 20%-ийг тухайн гишүүний харьяалагдах орон нутгийн намын АЗХ-нд, намын эмэгтэй гишүүн бүрийн татварын 20%-ийг тухайн гишүүний харьяалагдах орон нутгийн намын АЭХ-нд, намын ахмад гишүүн бүрийн татварын 20%-ийг тухайн гишүүний харьяалагдах орон нутгийн намын ААХ-нд хуваарилан үйл ажиллагааг нь дэмжих санхүүжилтийн бодлоготой болно.

- Намын санхүүжилтийг ил тод, хариуцлагатай болгох зорилтын хүрээнд санхүүгийн дотоод хяналтын буюу шилэн дансны тогтолцоог Үндсэн дүрмээр зохицуулан бүрдүүлж, Ерөнхий санхүүч, Аудитын хороог намын Их хурлаас сонгож томилно.

- Авлигын хэргээр гэм буруутай нь тогтоогдсон намын гишүүнийг сонгуульт ажилд ажиллуулахгүй байх хариуцлагын тогтолцоонд шилжинэ. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn