Батлан хамгаалахын сайд зорилго чиглэлийнхээ талаар мэдээлэл хийв
УИХ-н гишүүн Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ
2016.12.20

Батлан хамгаалахын сайд зорилго чиглэлийнхээ талаар мэдээлэл хийв

УИХ-н гишүүн Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд  Б.Бат-Эрдэнэ энэ сарын 15-ны өдөр Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн бие бүрэлдэхүүн болоод удирдлагуудтай уулзалт хийж өнгөрсөн хугацаанд хийсэн ажил болоод цаашид барих бодлого үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

Тэрээр хэлэхдээ " Би Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар томилогдсоноос хойших багахан хугацаанд олон жилийн турш салбартаа хүлээлт үүсгээд байсан батлан хамгаалахын эрх зүйн орчны шинэчлэл болох Батлан хамгаалахын багц хуулийг батлуулах томоохон ажлыг Та бүхэнтэйгээ хамтран хийж чадсанаа тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Улс орныг батлан хамгаалах нь өөрөө өргөн цар хүрээтэй, улс орны бүхий л салбарыг хамрахын зэрэгцээ иргэн бүрийн оролцоонд тулгуурласан цогц арга хэмжээ болохыг Улсын Их Хурал анхааран үзэж "Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай" хуулиар Батлан хамгаалах яамыг Ерөнхий чиг үүргийн яам байхаар баталлаа. Энэ нь төр, засгийн зүгээс батлан хамгаалах асуудалд ач холбогдол өгч бидэнд хүлээлгэж байгаа томоохон үүрэг, хариуцлага мөн гэж үзэх учиртай.

Ажлаа хүлээж авснаас хойш "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр", түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Батлан хамгаалах яамнаас авч хэрэгжүүлэх бодлогын зорилт, арга хэмжээг оновчтой тодорхойлох, "Батлан хамгаалах яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийг боловсруулан батлуулах зэрэг ажлуудад голлон анхаарлаа.

Түүнчлэн Монгол Улсын 2016 оны төсвийн тодотгол, 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэлд батлан хамгаалах сайдын төсвийн багцад тусгах саналыг нэлээдгүй сайн боловсруулан шийдвэрлүүлж чадлаа. Миний хувьд сайдаар томилогдсоноосоо хойш ямар нэг халаа сэлгээ хийгээгүй зарим нэг байгууллагын удирдлагад дотроосоо томилгоо хийгдсэн. Одоогийн байдлаар 3 шатны шүүхийн шийдвэртэй нэг хүнийг , Прокурорын шийдвэртэй хоёр хүнийг томилсон байгаа.

Ер нь боловсон хүчний бодлогодоо дотроос нь ажил үйлс ур чадвараараа хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй, ямар нэгэн хувийн ашиг сонирхолгүй хүнийг томилох чиглэл баримталж байгаа гэдгээ хэлээд цаашид хийх ажлын талаар мэдээлэл өглөө.