Гантөмөр.Л 2016.12.21 | Сайт: Vip76.mn

Л.Гантөмөр: Намын эв нэгдэлд ан цав үүсчээ

Л.Гантөмөр: Намын эв нэгдэлд ан цав үүсчээ
Ардчилсан намын гишүүн, Ардчилсан намын даргад нэр дэвшигч

Ардчилсан намын өнөөгийн байдалд өгөх дүгнэлт

Ардчилал, шинэчлэлийн түүчээ болж, нийгмийн дэвшлийг манлайлах олон бодлого, үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлж ирсэн Ардчилсан нам дотоодын зөрчил, удирдлагын хомсдол, бодлого, үйл ажиллагааны доголдлын улмаас уруудан доройтож, иргэдийн дэмжлэг буурч УИХ болон орон нутгийн сонгуулиудад хүнд ялагдал амслаа.

Үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрөөсөө гажсан бодлого хэрэгжүүлэх гэж оролдсон нь АН-ыг МАН-аас ялгагдах зүйлгүй болгож, нийгмийн дэвшлийг авч ирсэн улс төрийн хүчний дүр төрхийг улам бүр бүдгэрүүлж байна.

Намын эв нэгдэлд ан цав үүсчээ. Нэгдмэл үнэт зүйлс, намын үзэл баримтлалаа умартаж, нэгдсэн бодлогогүй болж, намын дүрмээ хэрэгжүүлэхээ больсон нь эе эвдрэхийн суурь шалтгаан болсон байна.

Намын удирдлагын хомсдол, удирдан чиглүүлэх алсын хараа, ур чадвар, сэтгэл дутсанаас намын байнгын үйл ажиллагаа, улс төрийн сонгуулиудыг нэгдмэл удирдлагаар хангах, гишүүдийнхээ оролцоог урамшуулж, тэдний мэдлэг чадвар, хүч, нөөц бололцоог нэгэн зүгт залж, томоохон сорилтыг хамтын хүчээр давах намын зохион байгуулалтын суурь бүтэц эвдэрчээ.

Намын удирдлага, бодлого шийдвэрийг тодорхойлж ирсэн цөөн тооны улс төрчид намын гишүүд, олон нийтээс тасарсан, дур зоргын шийдвэр гаргадаг болж, улс орон, нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар нам дотор аливаа хэлэлцүүлэг өрнүүлэхгүйгээр тус тусын хувийн байр суурь, сонирхолдоо хөтлөгдсөн гэнэтийн шийдвэр гаргаж ирсэн тэдний өөр хоорондын зөрчил тэмцлийг хурцатгаад зогсохгүй намын эв нэгдлийг сарниулах үндсэн шалтгаан болж ирлээ.

Намын дээд түвшинд хэт фракцлагдаж нэг, хоёр фракцын эрх ашгийг намд, намын гишүүдэд тулгаж ирсэн нь Ардчилсан нам доройтох гол үндэс суурь болж ирлээ.

Төрийн яамд, байгууллагууд, ажил албан тушаалыг фракцын харьяаллаар хуваарилж эхэлсэн буруу хандлага Ардчилсан нам өөрийн зорилго болгож ирсэн хууль дээдэлдэг, эрх зүйт төрийн зарчмыг алдагдуулахад хүргэсэн ноцтой алдаа байсан гэж үзэж байна.

Ардчилсан намын дэвшилтэт үзэл санаа, бодлогыг нийгэмд тайлбарлан ойлгуулах, нийгмийн дэмжлэгийг нэмэгдүүлэх, нийгэмд байгаа сор хэсгийг өөртөө татаж хүчээ зузаатгах, дэмжлэгийн сууриа бататгах стратеги, бодлого, хүсэл зориг Ардчилсан намын удирдлагад дутагдаж ирлээ.

Ардчилсан намыг нийгэм дэмжих биш, буруутгах, үзэн ядах хандлага улам өргөжиж байна.

Энэ бүх байдал Ардчилсан намд улс төрийн орон зай үгүй болох, Ардчилсан намыг босгосон үе үеийн гишүүдийн хүсэл мөрөөдөл, хичээл зүтгэл талаар болох, цаашилбал Ардчилсан намын гишүүн байсныхаа төлөө эрх нь зөрчигдөх, шахалт дарамтад орох аюулыг ч дагуулж байна.

Ардчилсан намын доройтлыг дагаад ардчилал баталгаагүй болж, улс оронд доройтож, улс орноо авч явах улс төрийн хүчин үгүй болоход хүрч байна.

Ийм нөхцөлд Монгол Улсын улс төрийн томоохон хүчин болсон Ардчилсан намын өмнө дараах зорилтуудыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тулгамдаж байна.

Ардчилсан намын өмнөө тавих зорилтууд

1. Ардчилсан хувьсгалаас хойш хорин зургаан жилийн дараа буй болсон Монгол Улсын гадаад, дотоод нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж, хүндрэлээс гарах гарц, арга замуудыг оновчтой тодорхойлох

2. Үндэсний эрх ашиг, улс орны ирээдүйн хувь заяаны асуудлыг намын болон хувийн эрх ашгийн дээр тавьж, Монгол Улсын өмнө тулгамдаж байгаа бодит хүндрэлийг шийдвэрлэх, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа бататгах, эдийн засгийн тогтвортой хөгжлийг буй болгоход чиглэсэн улс төрийн бодлогын суурь үзэл баримтлал, хэрэгжүүлэх бодлогоо намын нийт гишүүд, иргэд, олон нийтийн оролцоотойгоор дахин тодорхойлох

3. Нэгдмэл үзэл баримтлал, бодлого, хөтөлбөрөө хэрэгжүүлэх, намын эв нэгдэл, тогтвортой үйл ажиллагааг хангаж, улс төрийн зорилгодоо хүрэх оновчтой зохион байгуулалт, үйл ажиллагааны зарчмыг тодорхойлсон намын дүрэм, журмыг нийт гишүүдийн оролцоотойгоор шинэчлэн боловсруулж, тууштай хэрэгжүүлэх

4. Намын гишүүдийнхээ идэвх, оролцоог дэмжсэн, гишүүддээ сонгох, сонгогдох тэгш боломжийг нээсэн, дотоод ардчилалтай, улс төрийн алсын хараа, бодлого, зорилгынхоо төлөө нэгдэн нягтарч, амжилтад хүрч чадах дотоод сахилга хариуцлага, зохион байгуулалттай улс төрийн намыг шинэ гараанаас дахин төлөвшүүлэх

5. Намын гишүүддээ төдийгүй, нийгэмд нээлттэй байж, нийгмийн өндөр боловсролтой, идэвх санаачлагатай хэсгийг татаж, эгнээндээ нэгтгэх нөхцлийг бүрдүүлсэн, дотоод ардчилалтай, итгэл даах, ёс зүйтэй улс төрийн хамгийн дэвшилттэй хүчин болон төлөвшиж, Монгол Улсын оршин тогтнол, хөгжил дэвшлийн гол ачаа, хариуцлагыг үүрэх

Сэтгүүлч

"Vip expert" сэтгүүлийн редактор Г.Мөнхтуяа