Ё.Баатарбилэг 2016.12.21 | Сайт: Vip76.mn

Ё.Баатарбилэг: Нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн салбарын асуудалд төвлөрч ажиллана

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг "76-аас асууя" буландаа урьж ярилцлаа.

Олон нийт ярьдаг биш хийж, бүтээдэг хүнийг хүсэх болж?

УЛСТӨРЧ ХҮН ЯРЬДАГ Ч, ХИЙДЭГ Ч БАЙХ ЁСТОЙ.

Хийхгүй яриад байж болохгүй. Хийснээ ярихгүй байж бас болохгүй. Улс эх орон, олон нийтэд тустай зүйл хийсэн бол түүнийг тайлбарлан, таниулах л хэрэгтэй.

Монгол төрийн түшээ ямар байх ёстой гэж боддог вэ?

Улстөрч хүнд байх ёстой эрхэм чанар бол хэлсэн, амласандаа эзэн болох гэж боддог. Ашиг сонирхлын эрэмбэ, дараагаа сайн мэддэг байх ёстой. Улс орны эрх, ашгийг нэн тэргүүнд тавих ёстой. Мөн улстөрч хүний үг, үйлдэл хоёр зөрдөггүй байх ёстой гэж үздэг. 

УИХ-д анх удаагаа сонгогдсон шинэ, залуу гишүүд энэ парламентад цөөнгүй байна. УИХ-ын гишүүнээр ажиллахад ямар байна?

Би төрийн албанд олон жил ажилласан. Тэр дундаа төрийн өндөр албан тушаалтнуудын удирдлаган дор ажиллаж байлаа. Тэр утгаараа Монгол төрийн бодлого, залгамж чанарыг сайтар судалсан, улс төр, нийгэм, эдийн засаг, үндэсний аюулгүй байдал зэрэг салбарын мэдээлэлтэй ойр, тодорхой ойлголттой явж ирсэн юм.

Шинэ гишүүний хувиар мэдэж, сурах зүйлс асар их байна. Хууль санаачлах, боловсруулах, өргөн барих, батлуулах зэрэг процедурын шинжтэй асуудлуудыг судалж, туршлагатай парламентчдаас суралцаж байна.

Төрийн түшээгийн өндөр, хүндтэй суудалд зөв сууж сурах хэрэгтэй гэсэн шаардлагыг өөртөө тавьсан. Зөв сууна гэдэг нь УИХ-ын гишүүний ёс зүй, хэм хэмжээ, үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлаж, улс төр, нийгмийн харилцаанд зүй зохистой оролцохыг хэлээд байгаа юм.

УИХ-ын гишүүнээр сонгогдвол хийж, хэрэгжүүлнэ гэсэн олон зорилго, зорилт байсан байх. Гишүүнээр ажиллаад 6 сар өнгөрлөө. Анх тавьсан зорилго, бодол хэр өөрчлөгдөв?

УИХ-ын гишүүнээр сонгогдохын өмнө төрийн албанд олон жил ажиллаж, улс төрийн тодорхой албан тушаал ч хашсан. Архангай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа иргэдийн өмнө тулгамдаж буй асуудал дунд орж ажиллан, шийдвэрлэхийн төлөө чадах чинээгээрээ зүтгэсэн юм.

Засаг даргын мэдлийн хүрээнд орон нутгийн иргэдийн асуудлуудыг шийдвэрлэе гэтэл хууль эрх зүйн зохицуулалт сул, боловсронгуй бус байдал ихээхэн саад болдог байлаа.

Энэ бүхнээс улбаалан Монгол Улсын иргэн бүрт хамааралтай нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэнд гэсэн чухал ач холбогдолтой салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэн, өөрчлөх, шинэ шатанд гаргах юмсан гэж хүсдэг байлаа.

УИХ-ын гишүүнээр сонгогдсон даруйдаа Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд харьяалагдах хүсэлтийг би өөрөө гаргасан. Тиймээс өмнө нь ч тэр, одоо ч тэр эдгээр салбарын асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллаж байсан, ажиллаж ч байна.

Яг одоо та ямар хуулийн төсөл дээр ажиллаж байна?

Хувь гишүүний хувиар нийгмийн хамгааллын чиглэлээр хоёр хуулийн төсөл санаачлан, боловсруулж байна. Мөн эрүүл мэндийн чиглэлээр 1, боловсролын чиглэлээр 2 хуулийн төсөл дээр ажиллаж байна. Эдгээр хуулийн төслийг 2017, 2018 онуудад өргөн барьж, хэлэлцүүлэх болно.

Ирэх онуудад Шинжлэх ухааны тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай, Шинжлэх ухааны паркийн тухай, Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, Эрүүл мэндийн багц хуулиуд батлагдана.

Мөн нийгмийн хамгааллын чиглэлээр Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр өөрийн саналыг нэмэрлэж байна.

Мөн түүхч, архелогич мэргэжилтэй учраас шинжлэх ухаан, түүх, соёл, уламжлалын асуудалд ч анхаарч ажиллана. Энэ хүрээнд Соёлын өвийн тухай болон холбогдох хуулиудыг шинэчлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага бий.  

Эдгээр хуулийн төслүүд энэ дөрвөн жилд батлагдана гэсэн итгэл үнэмшил хэр байна?

4 жилийн дотор эдгээр хуулийн төслүүдийн хэд нь батлагдах вэ гэдэг парламентын хууль батлах хурдаас шалтгаална. Гэхдээ хуулийг маш хурдацтай үйлдвэрлэх нь чухал уу, судалгаанд үндэслэн боловсруулж, нухацтай хэлэлцсэний үндсэн дээр гаргах нь зөв үү гэдгийг бодолцох хэрэгтэй.

Бүх хуулийн эцэг хууль болсон Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ парламентын үед л хийх боломж бүрдлээ гэж харж байна.

Нэгэнт Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан тохиолдолд түүнийг дагалдаж маш олон хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгтэй болно.

Аливаа хууль, тогтоолын төслийг санаачлан, боловсруулж, батлуулах явцад УИХ-ын гишүүд хамтран ажиллах, цагийн менежменттэй байх, бие биенээ хүндэтгэх, хүлээн зөвшөөрөх шаардлагатай гэдэгтэй хэр санал нийлэх вэ?

Парламентын гишүүдийн 85 хувь нь МАН-ынхан байна. Эдгээрийн 40-өөд нь шинэ гишүүн. Шинэ гишүүдийн 30-аад нь залуу гишүүн байна. Тэд сонирхож судалдаг салбараараа, залуучуудаараа, нэг нам гэдгээрээ хамтарч ажиллах өргөн боломж байна.

Миний хувьд хэнтэй ч баг болж, хамтарч ажиллахад асуудал алга. Нам, улстөрийн тавцанд багаар ажиллаж байж л амжилтад хүрдэг шүү дээ.

Би цаг сайн барьдаг. Цаг барина гэдэг бусдыг хүндэлж байгаагийн илрэл юм. Тиймээс бусад гишүүдийг нэг, нэгнээ хүндэлдэг байхыг хүсдэг, шаарддаг.

Ард түмэн биднийг сонгосон. Иргэдийнхээ итгэлийг хүлээлээ. Сонгуульд амлаж ялсан мөрийн хөтөлбөр бидэнд бий. Бид сонсогчдод цалинг үе шаттай нэмнэ, шинэ төрлийн татвар бий болгохгүй, татвар нэмэхгүй гэх зэргээр амласан. Энэ амлалтандаа хүрэх ёстой.

МАН-ын мөрийн хөтөлбөр бол УИХ дахь МАН-ын гишүүдийн энэ дөрвөн жилд барьж ажиллах бодлогын гол баримт бичиг юм.

МАН парламентад олонх болсон учраас бие биенээ хүлээн зөвшөөрөх, хүндэтгэх, хамтарч ажиллах тал дээр асуудал гарахгүй байх гэж бодож байна. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn