Намын даргын сонгуулийн өмнөх санал асуулгад Л.Гантөмөр тэргүүлжээ
нэр дэвшигч Л.Гантөмөр
2017.01.03

Намын даргын сонгуулийн өмнөх санал асуулгад Л.Гантөмөр тэргүүлжээ

GoGo.mn сайтаас Ардчилсан намын даргад нэр дэвшигчдээс та хэнийг дэмжиж байна вэ? гэсэн санал асуулгыг уншигчдынхаа дунд явууллаа. 14 хоногийн турш явуулсан асуулгад хүмүүс идэвхтэй оролцож 8341 хүн саналаа өгснөөс нэр дэвшигч Л.Гантөмөр тэргүүлж, нийт уншигчдын 29 хувийн санал авсан байна. 

Түүний араас АН-ын дарга асан Н.Алтанхуяг 27 хувийн санал авч удаалжээ. Намаа удирдан гурван шатны сонгуульд ялалт байгуулсан түүнд олон нийт итгэл алдаагүй байгаа бололтой. Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэн ч Ардчилсан намд алдарсан ард түмний итгэл, намын нөхдийнхөө алдагдсан эв нэгдлийг сэргээхийн тулд намын даргын сонгуульд өрсөлдөхөөр сунгаанд орохоор шийдсэн.

Харин Ардчилсан намын удирдлагуудыг хурц шүүмжилж, шинэчлэхийг уриалж буй УИХ-ын гишүүн Ж.Банзандан 23 хувийн санал авч, гуравдугаарт эрэмбэлэгджээ.

Ардчилсан намын лидерүүдийн нэг, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат 17 хувийн санал авсан бол УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хамгийн бага буюу гурван хувийн саналаар сүүл мушгиж байна.

Хэдийгээр энэ нь Ардчилсан намын гишүүдийн дунд явагдах нам доторх сонгууль боловч Монголын улс төрийн хоёр дахь том хүчнийг хэн удирдах нь олны сонирхол татаж байгаа. Намын даргын сунгаа нэгдүгээр сарын 19-ний өдөр орон даяар явагдаж, ардчилагчид анх удаа жирийн гишүүдийнхээ саналаар даргаа сонгохын өмнөх олон нийтийн санаа бодол ийм байна.