Баасанхүү.О 2017.01.05 | Сайт: Vip76.mn

О.Баасанхүү: Энэ хуулийн төслийн заалтууд Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхгүй байхад зориулагдсан нь илт байна

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асууж үг хэллээ.  

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 

Би энэ хуулийг дэмжихгүй байна. "Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ" гэсэн үг байдаг. 1990 оноос өмнө бүгд МАХН-ын гишүүн байсан. Түүнээс хойш зарим нь энэ намаас гарч Ардчилсан намыг байгуулж нөгөө хэсэг нь өөр нам байгуулаад Үндсэн хуулийг баталсан түүхтэй.

Гэтэл одоо Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн заалтууд энэ хуульд оруулж ирсэн байна. Уг нь Ерөнхийлөгчийн сонгуульд аль нам байх нь хамаагүй үндсэн гурван субьектэд өрсөлдөх учиртай. Энэ сонгуульд нэр дэвших гэж намаасаа гарч эсвэл өөр нэг намд элсэх шаардлагагүй юм. Уг хуулийн төслийн заалтуудыг харж байхад МАХН-д зориулж оруулж ирсэн нь тодорхой байна.

Тэр дундаа намын дарга Н.Энхбаяр гэдэг хүнийг нэр дэвших байх гэсэн шиг маш их өөрчлөлтүүд оруулж ирж байгааг бид харж байна. Ингэж Үндсэн хуулийг уландаа гишгэж болохгүй! нөхөд өө. Нэртэйгээр нь Ерөнхийлөгчийн сонгуульд зөвхөн МАН-аас нэр дэвшүүлнэ гээд оруулчихмаар юм.

УИХ-ын гишүүн дэвшихээс өөр аргагүй гэдэг нь Н.Энхбаяр гэдэг хүнд л зориулж хийсэн зүйл байна л даа. Та бүхний бодож буйгаар Н.Энхбаяр дарга нэр дэвшихгүй байж болно. Аль болох тэр хүнийг л нэр дэвшээд ороод ирэх вий гэсэн шиг ял, шийтгэлгүй байх гэх зэрэг байж болох бүх заалтуудыг оруулчихсан байна. Одоо нэг хүнтэй зууралдаж ханахгүй байна уу та нар?  

Ард түмэн хэнийг сонгох сонгохгүйгээ мэднэ. Ерөнхийлөгчид нэр дэвших хүн бол Монголын 3 сая иргэнийг төлөөлж чадах хүн хэрэгтэй болохоос аль нэг намыг төлөөлсөн хүн байх учиргүй. Энэ хуулийн төслийн ажлын хэсэгт намайг оруулсан гэж байгаа.

Харамсалтай нь өөрсдөө эрх мэдлээ ашиглаж, хуулийн цоорхойгоор хулгайн заалтууд оруулж ирчихээд дараа нь та өөрөө энэ хуулийн төслийн ажлын хэсэгт байсан хүн гэж "ам хаах" гэж байгаа юм. Тэгвэл ажлын хэсэгт байгаа надад тэгш оролцоотой байх боломж олго л доо.

Эсвэл АН-аас арай олон хүн оруулж ирүүлэх саналтай байна. Ард түмэн та бүхнийг хэтэрхий үнэмлэхүй олноор нь гаргачихсандаа одоо харамсаад тэнцвэржүүлье гэхээр боломжийг нь хаасан үйлдэл хийж байна.

Ингэж ард түмний сонголтыг хуулиар боомилж байгаагаа болих хэрэгтэй. Эсвэл 1990 оноос хойш барьж ирсэн жишгээ барих хэрэгтэй. О.Дашбалбар гэж цогтой тэмцэгч байсан гэнэт нас барсан.

Ер нь манай олон эр зоригтой, цог хийморьтой тэмцэгч нарын үхэлд ард түмэн эргэлзэж ирсэн. Тэгэхээр одоо та бүхнээс Үндсэн хуулийн заалтыг мушгиж тайлбарлаж суухаар ард түмэндээ сонголт хийх эрхийг нь нээж өгөхийг хүсэх байна. Үндсэн хуулийн хоёрдугаар заалтын дагуу аль нэг намаас үл хамааран нэр дэвших эрхийг нь л олгох ёстой.