• logo
  • search
    user
Санаачлагч
Сүлд
Монгол Улсын Их Хурал

Өргөн барьсан

Н.ЭнхболдХаянхярваа.ДОюундарь.НЗ.НарантуяаБатзориг.Б

Батлагдсан огноо

2017.01.20

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай

Бие даасан хууль
Өргөн барьсан: 2016.12.27

Байр суурь

Н.Амарзаяа: Хууль зөрчсөн төрийн албан хаагчдад хүлээлгэх сахилгын шийтгэлийг чангаруулах хэрэгтэй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.01.05/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа хууль санаачлагч, ажлын хэсэгт гурван асуулт тавьсан юм. Н.Амарзаяа: Сонгуулийн тухай хуулиар Ерөнхийлөгчийн сонгууль явуулах амаргүй байсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг УИХ, аймаг, нийслэл, сүм дүүргийн ИТХ-ын сонгуулиас тусад нь бие даасан хуультай болгохоор оруулж ирсэнийг туйлын ач холбогдолтой гэж бодож байна. 2009, 2013 онуудад Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлж, аймаг орон нутагтаа Ерөнхийлөгчийн сонгуулийг удирдан зохион байгуулах явцад хуулийн санкци, хуулийг хэрэглэхэд хуулиудын уялдаа холбоо сул, зарчмын зөрүүтэй асуудлууд, хэрэгжүүлэхэд амаргүй нөхцөл байдал үүсч байсан. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эв нэгдэл, тусгаар тогтнолын баталгаа болсон Монгол Улсын Ерөнхийлөгчөө ард түмэн сонгоно гэдэг бол маш хариуцлагатай, түүхэн сонголт байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг дангаар нь оруулж ирсэнд хувьдаа талархаж байна. Уг хуулийн төслийн хүрээнд гурван асуулт байна. Нэгд, хуулийн төслийн 94,2 дахь хэсэгт "Хэрэв төрийн албан хаагчид уг хуулийг зөрчсөн тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулна" гэсэн хариуцлагын механизмыг оруулж ирсэн байна. Бүх шатны сонгуулийг зохион байгуулж буй сонгуулийн салбар, хэсгийн хороонд төрийн албан хаагчид ажилладаг. Төрийн албан хаагчид хувь нэр дэвшигч, намд үйлчлэх зэрэг хуулийн тодорхой зүйл, заалтыг зөрчсөн тохиолдол өмнөх сонгуулиар удаа дараа гарч байсан. Уг асуудлаар Улсын дээд шүүхэд хандахад шүүхийн шийдвэрээр төрийн албан хаагчид хууль зөрчсөн нь илэрч, ажлаасаа хүртэл чөлөөлөгдсөн байдаг. Үүнээс улбаалан хууль зөрчсөн төрийн албан хаагчдад зөвхөн сахилгын шийтгэл ногдуулаад зогсохгүй хариуцлагыг улам чамбайруулж, тухайн хүн төрийн хуулийг зөрчвөл ажлаа хэдэн жилийн хугацаанд чөлөөлөгддөг байх ёс зүй, сахилга батыг сахиулах зүйл заалт оруулж ирэх нь зүйтэй болов уу. Хоёрт, Сонгуультай холбоотой олон маргаан үүсдэг. Ард түмний саналыг мөнгөөр худалдаж авах механизм нилээд дэлгэрсэн, өргөн хүрээг хамарсан байдаг шүү дээ. Хэрэв тухайн хүний саналыг мөнгөөр худалдаж авахыг оролдвол иргэн нууцаар энэ тухай хууль, хяналтын байгууллагад мэдэгдсэн урамшуулах механизмыг хуулийн төсөлд тусгасан уу? Гуравт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг дагалдан Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл оруулж ирсэн байна. Уг нэмэлт, өөрчлөлтөөр гол гол ямар зүйл, заалтуудыг тусгасан бэ? 2016 оны УИХ-ын сонгууль шиг Монгол Улсын хэмжээнд олон нийтэд сонгуулийн үр дүнг ил тод, нээлттэй харуулах уу? Бүхэлд нь уг хуулийн төслийг дэмжиж байна. Н.Энхболд: Төрийн албан хаагчид хүлээлгэх хариуцлагыг чангатгаж болно Хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын механизмыг хуулийн төслийн 14 бүлэгт оруулж өгсөн. УИХ-ын гишүүн Н.Амарзаяагийн хэлсэн жишээ бол төслийн 94,2 дахь хэсэгт орсон заалт юм. Үүнээс гадна хоёр заалт бий. 94,3-т "Сонгуулийн хуулийг зөрчсөн үйлдэл, эс үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй бол гэм буруутай этгээдэд бусад холбогдох хуульд заасан хариуцлагыг хүлээлгэнэ ", 94,4-д "Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль тогтоомжийг зөрчсөний улмаас бусдад эдийн болоод эдийн бус хохирол учирсан бол мөн гэм буруутай этгээдэд энэ хуульд болон бусад хуульд заасан хариуцлагыг хүлээлгэнэ" гэж заасан. Уг хуулийн төслийг оруулж ирэхдээ өмнөх парламентаар хэлэлцэж, баталсан Сонгуулийн тухай хуулийн гол зарчмуудыг баримталсан. Тухайн үед сахилгын хариуцлагатай холбоотой асуудлаар ярьж байсан зүйлс бий. Тухайлбал, Төрийн албан хаагч нь сонгуулийн ажилд оролцохдоо хууль зөрчсөн бол төрийн албанаас халах, хэдэн жилийн хугацаанд төрийн албанд ажиллуулахгүй байх зэрэг заалт байсан. Энэ бүхнийг харгалзан үзээд ямартай ч хуулийн төсөлд 94,2 дахь хэсэгт туссан заалтыг оруулаад байна. Хууль санаачлагчид нь одоогийн Сонгуулийн тухай хуульд заасан сахилгын шийтгэлийг улам чангатгах юм бол хатуурхсан хэрэг болно гэж үзсэн. Гэхдээ хэлэлцүүлгийн явцад, сахилгын шийтгэлийг чангатгах санал оруулж ирэх нь нээлттэй. Сонгуулийн тухай хууль нь өмнөх парламентад 5 нам, улс төрийн хүчин байлцаж баталсан учраас аль болох ял, шийтгэлийг хүндрүүлэхгүй байх хэмжээнд оруулж өгөх нь зүйтэй гэсэн агуулгыг ч уг хуулийн төслийг боловсруулахдаа баримталсан юм шүү. Ч.Содномцэрэн: Мэдээлэл өгсөн иргэнд мөнгөн урамшуулал олгоно Сонгогчдод хууль бусаар мөнгө, эд зүйл тараасан этгээд захиргааны хариуцлага хүлээсэн бол тухайн зөрчлийг мэдээлсэн иргэнд сонгуулийн төв байгууллага тараасан бэлэн мөнгө, эд барааны үнийн дүнг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгоно гэж хуулийн төсөлд заасан. Энэ заалт нь Сонгуулийн тухай хуульд байгаа заалтаараа өөрчлөгдөөгүй орсон. Өмнөх хуульд 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний урамшуулал олгоно гэж заасан байсныг Сонгуулийн тухай шинэчилсэн хуульд 20 дахин гэж оруулж өгснийг энэ хуулийн төсөлд яг хэвээр нь тусгасан. Энэ жилийн УИХ-ын сонгуулийн хувьд, 2 иргэнд бэлэн мөнгө, эд барааны үнийн дүнг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгосон. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг дагалдан Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага тулгарсан. Гэхдээ зарчмын том өөрчлөлт хийгээгүй, нэр томьёоны хувьд өөрчилсөн. Үүнд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль гэсэн үгийг нэмсэн. Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг шууд дэлгэцээр Сонгуулийн ерөнхий хорооны төв серверээс шууд дамжуулж үзүүлнэ. Гэхдээ 2016 оны УИХ-ын сонгуулиас арай дэвшилттэй нь сонгуулийн онцлогоос хамаарч цөөхөн нэр дэвшигчтэй учраас дэлгэцийн талбайг ашиглан, намын нэр, нэр дэвшигчийн зургийг харуулна.

2017.01.07

Л.Болд: Аль ч талын субьектэд гомдолгүй хууль батлах нь чухал юм

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд асуулт асуусан юм. УИХ-ын гишүүн Л.Болд: Бид аль ч Сонгуулийн хуулийг хэлэлцэх үедээ 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдлыг дурдаж, тооцоолон бодож, хэлэлцэх асуудалдаа сэрэмжлэх байдлаар санаж байх ёстой. Энэ үйл явдал Монголын түүхэнд хар толбо үлдээсэн аймшигт явдал байсан. Ард түмнийг басаж доромжилсон мэт Сонгуулийн хууль гаргах нь туйлын муу үр дагавар авч ирдэг гэдгийг санах хэрэгтэй. Миний хэлэх гээд байгаа санаа бол ямар ч Сонгуулийн тухай хуулийг бүх тал нь хүлээн зөвшөөрсөн байх учиртай. Өөрөөр хэлбэл ялсан, ялагдсан, сонголт хийсэн ард түмэн нь хүлээн зөвшөөрч байж тухайн сонгуулийн үйл ажиллагаа үнэн зөв, маргаангүй болох юм. Сонгуулийн дараа ч гэсэн энхтайван байх боломжтой. Уг нь бид долдугаар сарын 1-ний үйл явдлаас хойшхи сонгууль бүрт сэрэмжлэх үүднээс ахиц дэвшилттэй зүйл хэлэлцэж ирсэн. УИХ, Орон нутгийн сонгуультай харьцуулахад Ерөнхийлөгчийн сонгууль хамгийн асуудал багатай эргэлзээ ч багатай болдог сонгууль. Энэ хуулийг боловсруулахад маргаад байх зүйл байхгүй юм. Үндсэн хуулийн дагуу сонгох, сонгогдох эрхийг нь өгчих л хэрэгтэй. Сонгуулийн дүн гарах мөчид айх, сандрах юмгүй, амар шүү дээ. Ерөнхийлөгчийн сүүлийн сонгуулиар 2000 саналаар асуудал ямар ч маргаангүйгээр шийдэгдсэн. Яг л түүн шиг өмнө нь болж байсан хуулийн хүрээнд маргаангүй боловсруулах чухал асуудал болж байна. Энэ хууль 73 хуудас, 106 зүйлтэй том хууль. Гэтэл сая УИХ-ын гишүүн Ц.Нямдорж эхний хэдэн хуудсыг нь эргүүлж харж байгаад "Өө боломжийн хууль болсон байна" гэх жишээний. Ийм зүйл байж болох уу? нөхөд өө! УИХ-ын гишүүн Ц.Нямдорж шиг хуулийг амар хялбар судалж, дүн шинжилгээ өгч чадах чадвартай хүн ховор шүү дээ. Тиймээс бусад гишүүдэд хуулийн төсөлтэй бүрэн танилцаж, судлах боломж өгөх хэрэгтэй. Хуулийн төслийн талаар бүрэн мэдлэггүйгээр ямар нэг шийдэлд хүрэх эрх бидэнд байхгүй. Эцэст нь хэлэхэд Үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь С.Жавхлан гишүүнд, намын эрхээр нэр дэвших боломжийг О.Баасанхүү гишүүнд нь өгчих л хэрэгтэй. Энэ бол сонгуулийн дараа ялсан, ялагдсандаа гомдолгүй, маргаангүй болох зөв гарц гэж харж байна. Өөрөөр хэлбэл бид аль ч талын субьектэд гомдолгүй хууль батлах нь чухал юм.

2017.01.05

О.Баасанхүү: Энэ хуулийн төслийн заалтууд Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхгүй байхад зориулагдсан нь илт байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асууж үг хэллээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Би энэ хуулийг дэмжихгүй байна. "Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ" гэсэн үг байдаг. 1990 оноос өмнө бүгд МАХН-ын гишүүн байсан. Түүнээс хойш зарим нь энэ намаас гарч Ардчилсан намыг байгуулж нөгөө хэсэг нь өөр нам байгуулаад Үндсэн хуулийг баталсан түүхтэй. Гэтэл одоо Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн заалтууд энэ хуульд оруулж ирсэн байна. Уг нь Ерөнхийлөгчийн сонгуульд аль нам байх нь хамаагүй үндсэн гурван субьектэд өрсөлдөх учиртай. Энэ сонгуульд нэр дэвших гэж намаасаа гарч эсвэл өөр нэг намд элсэх шаардлагагүй юм. Уг хуулийн төслийн заалтуудыг харж байхад МАХН-д зориулж оруулж ирсэн нь тодорхой байна. Тэр дундаа намын дарга Н.Энхбаяр гэдэг хүнийг нэр дэвших байх гэсэн шиг маш их өөрчлөлтүүд оруулж ирж байгааг бид харж байна. Ингэж Үндсэн хуулийг уландаа гишгэж болохгүй! нөхөд өө. Нэртэйгээр нь Ерөнхийлөгчийн сонгуульд зөвхөн МАН-аас нэр дэвшүүлнэ гээд оруулчихмаар юм. УИХ-ын гишүүн дэвшихээс өөр аргагүй гэдэг нь Н.Энхбаяр гэдэг хүнд л зориулж хийсэн зүйл байна л даа. Та бүхний бодож буйгаар Н.Энхбаяр дарга нэр дэвшихгүй байж болно. Аль болох тэр хүнийг л нэр дэвшээд ороод ирэх вий гэсэн шиг ял, шийтгэлгүй байх гэх зэрэг байж болох бүх заалтуудыг оруулчихсан байна. Одоо нэг хүнтэй зууралдаж ханахгүй байна уу та нар? Ард түмэн хэнийг сонгох сонгохгүйгээ мэднэ. Ерөнхийлөгчид нэр дэвших хүн бол Монголын 3 сая иргэнийг төлөөлж чадах хүн хэрэгтэй болохоос аль нэг намыг төлөөлсөн хүн байх учиргүй. Энэ хуулийн төслийн ажлын хэсэгт намайг оруулсан гэж байгаа. Харамсалтай нь өөрсдөө эрх мэдлээ ашиглаж, хуулийн цоорхойгоор хулгайн заалтууд оруулж ирчихээд дараа нь та өөрөө энэ хуулийн төслийн ажлын хэсэгт байсан хүн гэж "ам хаах" гэж байгаа юм. Тэгвэл ажлын хэсэгт байгаа надад тэгш оролцоотой байх боломж олго л доо. Эсвэл АН-аас арай олон хүн оруулж ирүүлэх саналтай байна. Ард түмэн та бүхнийг хэтэрхий үнэмлэхүй олноор нь гаргачихсандаа одоо харамсаад тэнцвэржүүлье гэхээр боломжийг нь хаасан үйлдэл хийж байна. Ингэж ард түмний сонголтыг хуулиар боомилж байгаагаа болих хэрэгтэй. Эсвэл 1990 оноос хойш барьж ирсэн жишгээ барих хэрэгтэй. О.Дашбалбар гэж цогтой тэмцэгч байсан гэнэт нас барсан. Ер нь манай олон эр зоригтой, цог хийморьтой тэмцэгч нарын үхэлд ард түмэн эргэлзэж ирсэн. Тэгэхээр одоо та бүхнээс Үндсэн хуулийн заалтыг мушгиж тайлбарлаж суухаар ард түмэндээ сонголт хийх эрхийг нь нээж өгөхийг хүсэх байна. Үндсэн хуулийн хоёрдугаар заалтын дагуу аль нэг намаас үл хамааран нэр дэвших эрхийг нь л олгох ёстой.

2017.01.05