Ганц дайчин ганцаардахгүй
2017.01.12

Ганц дайчин ганцаардахгүй

О.Баасанхүү гишүүн парламентад эхний удаа тангараг өргөхдөө бүлэгтэй байсан бол энэ удаа цор ганцаараа намаа төлөөлж байгаа. Гэсэн ч тэрбээр ганц дайчин ганцаардахгүй гэгчээр намаа төлөөлөн байр сууриа илэрхийлсээр байна.

Түүний хувьд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг анхнаасаа л эсэргүүцэж, биднийг шахах гэсэн оролдлого хийж байна гэх утгатай үгсийг “чулуудаж" байсан. Харин өчигдөр МАХН-аас мэдэгдэл гаргасныг О.Баасанхүү гишүүн хэвлэлийнхэнд танилцуулж, мэдээллээ.

Тэрбээр хэлэхдээ “Нийт олноос сонгогдож гарах төрийн тэргүүнийг улс төржүүлж. намжуулсан, хэтэрхий нэг талыг барьсан байгааг бид хариуцлагатайгаар эсэргүүцнэ. Бид Үндсэн хуулийн цэцэд хандана. Бүх төрийн байгууллагыг МАН гартаа авсан байгаа энэ үед ардчилал, шударга ёсонд аюул учирч байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийг МАН-тай нийлэхгүй байж, энэ хуульд хориг тавих байх гэж найдаж байна. Хуулийн төслийг өргөн барьсныхаа дараа дэндүү шуурхайлан, нэг намын хэт давамгайлсан байдлаар түрэмгийлж байна гэдэг асуудал яримагц УИХ-ын даргын нэр дээрх захирамж гаргаж, ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг хоёр удаа хурал зарлаж, энэ хурлаар ажлын хэсэгт саналаа танилцуулалгүйгээр шууд Байнгын Хорооны хурлаар 70 гаруй саналыг хураасан байгаа. Үүгээр өөрсдийнхөө давуу эрхийг баталгаажуулж авсан гэж бид үзэж байна" хэмээж байлаа.

Юутай ч ганц болов гишүүн нь парламентын танхимд торойж байгаа гэсэндээ намынхаа мэдэгдлийг дамжуулаад, бага ч болтугай үүргээ гүйцэтгэж байгаа бололтой.