Нямдорж.Ц 2017.02.10 | Сайт: Vip76.mn

Ц.Нямдорж: Монголбанк ч тэр, Худалдаа хөгжлийн банк ч тэр хууль зөрчсөн

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авахтай холбогдох асуудлаар бүх талын оролцоог хангасан хэлэлцүүлэг өрнөлөө. 

Хэлэлцүүлгийн үеэр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг шалгах УИХ-ын ажлын хэсэгт орж ажилласан УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өөрийн байр сууриа илэрхийллээ.  

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж:

Ажлын хэсгийн санал, дүгнэлт дөрвөн хуудас юм. Эхний хэсэгт, хууль тогтоомж зөрчсөн тухай байгаа. Дөрөв, таван хуулийг ишлэж, зүйл заалт бүрээр нь дурдсан. Засгийн газар хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал нууц тушаал гаргаж, 360 тэрбум төгрөгийн зээл олгосон байдаг.

Н.Золжаргал өмнө нь Худалдаа хөгжлийн банкинд ажиллаж байсан. Ер нь Худалдаа хөгжлийн банк Н.Золжаргалыг шууд удирддаг байсан байх магадлалтай. Монголбанк зээл олгодоггүй гэдгийг бүгд мэднэ. Тиймээс Монголбанк хууль зөрчиж, хууль олгосон гэсэн үг.

Худалдаа хөгжлийн банкныхан Банкны тухай хууль тогтоомжийг зөрчсөн тухай маш тодорхой үндэслэлүүд бий. Одоо мөрдөж буй Банкны тухай хуулиар банк нь 12 төрлийн санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа явуулдаг. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрлөөр долоон төрлийн нэмэлт үйлчилгээ үзүүлж болдог.

Харин эдгээр хууль, журманд зааснаас өөр төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж Банкны тухай хуулийн долдугаар зүйлд заасан байдаг. Энэ тухай илтгэх хуудсанд тодорхой дурдсан байгаа. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авах нэрийдлээр гол компаниудыг өөрийн эрхшээлдээ оруулж, цэвэр ашгийн үйл ажиллагаа явуулсан.

Эх үүсвэрийн тухайд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн гэрээнд өөрчлөлт оруулж, 2016 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр QSC компанид өгсөн 90 сая ам.доллар байна. 10 тэрбумаар тооцсон 18 вексель бичиж өгсөн байдаг. Одоо 14 хувийн хүүг Засгийн газар төлж байна. Энэ мөнгийг буцааж өгөх ямар ч үндэслэл байгаагүй. Албан тушаалаа урвуулан ашигласан. QSC компанид өгчихсөн 120 сая гаруй ам.доллар байгаа бөгөөд зээлээ төлөх хугацаа нь болчихсон, хугацааг 2020 он хүртэл сунгасан байдаг. Зээлийн эргэн төлөх хугацааг хойшлуулах Б.Шинэбаатар гэдэг этгээд Эрдэнэт үйлдвэрийн нэгдүгээр захирлаар ажиллаж байна.

Засгийн газрын баталгаа гаргасан 500 сая ам.долларын асуудал бий. Энэ 500 сая ам.долларыг хугацаанд нь төлж чадахгүй бол Засгийн газар төлөх хууль зүйн шаардлага үүсчихээд байна.

2012, 2013 оны ногдол ашиг гээд 58 сая ам.долларыг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан нөхдүүд авчихсан. ОХУ-д өгдөггүй байсан ногдол ашгийг араас нь хөөцөлдөж байгаад олоод авчихсан. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn