Эрдэнэт үйлдвэр: Талуудын байр суурь
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авахтай холбогдох асуудлаар бүх талын оролцоог хангасан хэлэлцүүлэг өрнөлөө.
Хэлэлцүүлгийн үеэр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг шалгах УИХ-ын ажлын хэсгийн ахлагч Ш.Раднаасэд оролцогч талуудаас асуулт асуусан юм.
Ш.Раднаасэд: Яагаад зээл төлөх чадваргүй компаниудад зээл олгов?
Нэгд, Худалдаа хөгжлийн банкнаас зээл авсан, Монголын зэс корпораци руу дамжуулан зээлсэн компаниуд төлсөн татвар, үндсэн хөрөнгийн хэмжээг харахад их хэмжээний зээл авах чадваргүй харагдаж байна. Үүнийг Худалдаа хөгжлийн банк, Монголын зэс корпораци тайлбарлах хэрэгтэй. Яагаад эдгээр компанид зээл олгов?
Банкны тухай хууль гэж бий. Барьцаа, баталгаа гээд банкны бүх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдах ёстой.
Хоёрт, Засгийн газар худалдаж авах эрхээсээ татгалзаагүй байхад хууль бус шийдвэр гарсныг та бүхэн мэдэхийн дээдээр мэдэж байсан. Түүнд ямар байр суурьтай байна?
Да.Ганболд: Засгийн газар хөрөнгө, санхүүгийн боломжгүйгээс болж, давуу эрхээсээ татгалзсан
Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн Да.Ганболд
Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1,15 дахь хэсгийг зөрчсөн гэж Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг шалгах УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтэд дурдсан байна. “Засгийн газрын өргөн мэдүүлснээр Монгол Улсын олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах, гадаад улстай дипломат харилцаа тогтоох, цуцлах...” гэж Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1,15 дахь хэсэгт заажээ.
Эндээс үзэхэд, Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлсэн тохиолдолд УИХ онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд олон улсын гэрээг соёрхон батлах эсвэл цуцлах шийдвэрээ гаргадаг. Тиймээс бидний үзэж байгаагаар Үндсэн хуулийн 25,1,15 дахь хэсэг нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авах асуудалтай холбоогүй буюу энэ заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна.
Харин бид хуулийг мөрдлөг болгосон бэ гэвэл Засгийн газрын тухай хуулийн 38,2,9 дэх заалтыг үндэслэл болгосон. Үүнд, "Засгийн газрын бүрэн эрхийн дотор Засгийн газар хоорондын гэрээг байгуулах, цуцлах тухай" бий.
Өөрөөр хэлбэл Засгийн газар өөрийн эрх мэдлийн хүрээнд ОХУ-тай гэрээ байгуулсан, энэ гэрээгээ цуцлах эрх дээрээ үндэслэн эдийн засгийн нөхцөл, боломжгүйгээсээ болж, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн давуу эрхээсээ татгалзсан. Тиймээс Засгийн газар олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй гэж бид үзэж байна.
Зөвхөн бид ингэж үзэж байгаа юм биш. Олон улсын нэр бүхий хуулийн фирмүүд худалдаж байгаа ОХУ-ын талд, худалдан авч буй Монголын талд зөвлөгөө өгч, Засгийн газрын энэ шийдвэр нь Монгол Улсын зохих хууль тогтоомжийг зөрчөөгүй байна гэж үзсэн учраас энэ гүйлгээ, борлуулалт, худалдан авалт явагдсан.
М.Мөнхбаатар: Д.Эрдэнэбилэг, Ц.Пүрэвтүвшин нар ямар ч хамааралгүй, хамаатан саднууд биш
Монголын зэс корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар
ОХУ-ын Ростех компаниас Засгийн газарт ямар мэдэгдэл ирсэн талаар асуулаа. 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр УИХ-аас баталсан ОХУ-ын Ростех улсын үйлдвэрийн корпораци болон нэмэлт, өөрчлөлтийг зөвшөөрсөн прокотолыг Засгийн газар хоорондын 2015 оны зургадугаар сарын 16-ны өдөр байгуулсан прокотолыг соёрхон баталж, Ростех корпораци Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төлөөлөх бүхий этгээд болсон. Засгийн газар хоорондын хэлэлцээрийн гуравдугаар зүйлд “Хэлэлцэн тохирсон талууд хамтын ажиллагаагаа энэхүү хэлэлцээрийн хүрээнд үйлдвэрийн хувьцаа эзэмшигчдээр дамжуулан хэрэгжүүлнэ” гэж заасан.
Хэлцэл хийх үед Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмент ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь ОХУ-ын Ростех улсын корпораци бөгөөд Ерөнхий захирал С.В.Чемезов нь дээрх хоёр хамтарсан үйлдвэрийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан болно.
Дээрх хууль зүйн үндэслэлийг баримтлан өндөр технологийн “Ростех” корпорациас 2016 оны зургадугаар сарын 1-ний өдөр Монгол Улсын Засгийн газарт албан ёсоор бичиг ирснээр 2016 оны зургадугаар сарын 13-ны өдрийн 330 дугаар тогтоол гарсан гэсэн хууль зүйн үндэслэл бий.
Сая УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд ч асуулаа, О.Баасанхүү ч асуулаа. Худалдаа хөгжлийн банктай манай компани ямар холбоотой вэ гэж. Нэгдмэл сонирхолтой этгээдүүд гэж та хэллээ.
Компанийн тухай, Иргэний хуулийн дагуу Худалдаа хөгжлийн банк, Монголын зэс корпораци хувьцаа эзэмшигчийнхээ хувьд ямар нэгэн холбоогүй.
Худалдаа хөгжлийн банкны дийлэнх хувьцааг Д.Эрдэнэбилэг гэдэг хүн эзэмшдэг бол манай компанийн хувьцааг З.Пүрэвтүвшин гэдэг хүн 100 хувь эзэмшдэг. Энэ хоёр хүн хоорондоо ямар нэгэн хамааралгүй, хамаатан садан биш, ураг садны холбоо байхгүй.
О.Орхон: Манай банк харин ч Засгийн газраас авлагатай
Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон
Засгийн газрын 330 тоот тогтоолын 1 дүгээр зүйлд үндэслэн Засгийн газар зөвшөөрөл өгсний үндсэн дээр хэлцэл хийгдэж, бүх гүйлгээ хийгдсэн.
Худалдаа хөгжлийн банк нэр дурдсан компаниудад ямар үндэслэлээр зээл олгов гэж асуулаа. Тэр байтуйгай манай банкны хөрөнгө, өглөг, авлага, банкны олгосон зээл, зээлээр худалдан авсан компанийн хувьцаа зэрэг энэ олон өөр өөр төрлийн өмчлөл, өөр өөр зориулалт бүхий өглөг, авлагыг бүгдийг хамтатган суутган тооцох талаар уг тогтоолд дурдсан байна.
Хөгжлийн банкнаас Чингис, Самурай бондуудыг гаргахад Монголын бүх арилжааны банк бүгд их хэмжээний мөнгө байршуулсан.
Монголбанк олон төсөл хөтөлбөрийн хүрээнд бүх банкаар дамжуулж, аж ахуйн нэгжүүдэд Үнэ тогтворжуулах хөтөлбөр, 8 хувийн ипотекийн зээл зэрэг хөтөлбөрийн дагуу мөнгө байршуулсан.
Худалдаа хөгжлийн банк нь Монголын хамгийн том активтай банкны хувьд мөн л эдгээр эх үүсвэрээс авч, харилцагч нартаа дамжуулан олгож байсан.
Тухайлан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авах ажиллагаанд зориулж, эдгээр төсөл, хөтөлбөрийн санхүүжилтээс авч ашигласан зүйл байхгүй. Манай банкны нийт актив 6 их наяд гаруй төгрөгөөр тоологдож байгаагаас зөвхөн Засгийн газарт өгөх өглөгийг түүн авч, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан эх үүсвэртэй холбон тайлбарлаж болохгүй юм.
Манай банк Хөгжлийн банк, Монголбанк, Монгол Улсын Засгийн газраас энд дурдагдаж байгаа хэмжээнээс хамгийн өндөр хэмжээний авлагатай. Жишээлбэл, өнөөдрийн байдлаар 1,1 их наяд төгрөгийн Засгийн газрын бонд эзэмшиж байна.