Тэд эсэргүүцэв үү, эвлэрэв үү?
Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авах ажиллагааг зохион байгуулсан гэгдэх эрхмүүд
2017.02.10

Тэд эсэргүүцэв үү, эвлэрэв үү?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын 2016 оны зургадугаар сарын 13-ны өдрийн 330 тоот тогтоолын нэгдүгээр зүйлийг хүчингүй болгож, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрийн өмчлөлд шилжүүлж, 100 хувь улсын үйлдвэрийн эзэмшилд авах асуудлаар ширүүхэн маргаан өрнөж байна. 

Өчигдөр УИХ-ын дарга М.Энхболд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг шалгах ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэх явцад 49 хувийг худалдан авсан талуудын оролцоог хангаагүй бөгөөд цаашид энэ асуудлыг хэлэлцэхдээ бидний оролцоог хангана уу гэсэн хүсэлт ирснийг уламжилсан юм. 

Энэ дагуу өнөөдөр үдээс өмнөх Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Д.Ганболд, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, Монголын зэс корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар оролцсон юм. 

Харин үдээс хойших УИХ-ын нэгдсэн хуралдаанд бүх талыг оролцох боломжоор хангаж өгчээ. Гэвч одоогоор Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар ирсэн байна. Гишүүдийн асуултад ихэвчлэн УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж ажлын хэсгийн гишүүний хувьд хариулж байгаа юм. 

Гол нь үдээс өмнөх байнгын хорооны хуралдаанд оролцсон оролцогч талууд болон бусад албаны хүмүүс яагаад чуулганы хуралдаанд оролцохгүй байгаа нь анхаарал татаж байна.

Тэд байнгын хорооны хуралдаанаас гаргасан шийдвэрийг эсэргүүцэв үү эсвэл нөхцөл байдалтай эвлэрсэн юм болов уу?

Ямартай ч Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан талын хүсэлтээр ямар, ямар хүмүүсийг чуулганы хуралдаанд оролцох нөхцлөөр хангасныг нэр жагсаая. 

- Үндэсний аудитын газрын дэд дарга Б.Баттуяа

- Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа

- Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ эрх зүйн газрын захирал А.Төмөр

- Татварын Ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын хэлтсийн дарга Д.Баяраа

- Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор

- Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Д.Ганболд

- Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон

- Монголын зэс корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар

- Худалдаа хөгжлийн банкны ерөнхийлөгч Б.Мэдрээ