Энхбаяр.Ж 2017.02.13 | Сайт: Мэдээ.МН

Ж.Энхбаяр: Авлигын асуудал Д.Оюунхорол сайдад хамаарахгүй

Ж.Энхбаяр: Авлигын асуудал Д.Оюунхорол сайдад хамаарахгүй
УИХ-ын Аюулгүй байдалд, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр

УИХ-ын Аюулгүй байдалд, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяртай ярилцлаа.

-“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙГ ТӨР 100 ХУВЬ ЭЗЭМШИХ НЬ
САЙН ҮР ДАГАВАРТ ХҮРГЭХГҮЙ-
 

-УИХ-ын намрын чуулганы хугацаанд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ямар үр дүнтэй ажиллав?

-Манай байнгын хороо намрын чуулганы хугацаанд өндөр үр өгөөжтэй ажиллалаа. Энэ хугацаанд бид батлан хамгаалах салбарын багц хуулийг батлууллаа. Тодруулбал, Батлан хамгаалах тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Цэргийн албаны тухай хууль, Дотоодын цэргийн тухай хууль, Хилийн тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хуулиудыг батлуулсан. Мөн Тагнуулын байгууллагын үйл ажиллагаатай холбогддог хуулиудад өөрчлөлт оруулснаас гадна Гадаад харилцааны тухай хуулийг хэлэлцүүлэгт шилжүүлж, Олон Улсын гэрээний тухай хууль, Дипломат албаны тухай хуулийг батлуулж чадлаа. Ийм үр дүнтэйгээр намрын чуулганыг өндөрлүүлж байна.

-УИХ-аас “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд шилжүүлэн авахаар тогтоолын төсөл баталлаа. Цаашдаа “Эрдэнэт үйлдвэр”-ийг 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газраар явуулах уу, эсвэл тодорхой хэсгийг хувьцаа хэлбэрээр арилжих уу гэх асуудал хүлээлт үүсгэлээ?

-Би үүн дээр дундын байр суурьтай байгаа. “Эрдэнэт үйлдвэр”-ийг төр 100 хувь эзэмших нь сайн үр дагаварт хүргэхгүй. Өнгөрсөн 20 жилийн үйл явц үүнийг нотолдог. Улс төрийн томилгоо явагддаг, шахааны бизнес цэцэглэдэг гэхчилэн олон ээдрээтэй асуудал үүсдэг. Энэ бүхнийг Монголын ард түмэн одоо мэддэг болсон. Нөгөө талдаа хувийн хэвшил гэдэг нэрийн дор хэт цөөнхийн хүрээнд асуудал шийдэгдэх нь бас л таатай зүйл биш. Эндээс Монголын нийгэм баялгийн шударга хуваарилалтыг шаардаж байгаа нь л харагдана. Олон түмэн үүнд анхаараад, бухимдаад байгаагийн шалтгаан энэ. Уг нь “Эрдэнэт үйлдвэр”-ийг ард түмний саалийн үнээ болгомоор байгаа юм. Одоо 49 хувийг авсан тал 20-оос доошгүй хувийг нь ард түмэнд нээлттэй байдлаар арилжих хэрэгтэй. Төр бас 51 хувиасаа 20 гаруй хувийг хувьцаа хэлбэрээр ард түмэндээ арилжиж болно. Ингэснээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн 40 гаруй хувь ард түмэнд очих боломж бүрдэнэ. Яг энэ хэлбэрээр цаашдын үйл ажиллагааг нь чиглүүлж чадвал гурван талт хяналт үүсэж, компанийн засаглал нь харьцангуй ил тод болох боломжтой. Ингэж байж “чоно цатгалан, хонь бүтэн” болно. Гол нь энэ төсөл маань 20-30 жилийн настай, Дэлхийд үнэлэгдэж буй ордын асуудал. Үйл ажиллагаа нь тогтмолжсон. Хувьцаа авсан хэн бүхэн ашгийг нь хүртэнэ.

-Та энэ саналаа бүлэг дээрээ тодорхой илэрхийлсэн үү. Цаашдаа ажил хэрэг болж чадах болов уу?

-Гол нь бид хөрөнгийн зах зээлээ хөгжүүлж, ард иргэдэд энгийн хувьцаа авах боломж нээж өгөх учиртай юм. Түүнээс биш тэгш байдлаар ард түмэнд тарааж өгнө гэсэн үг биш. Ганц  “Эрдэнэт”-ийн асуудал ч биш. Тавантолгойг ингэж хөгжүүлж болно. Уул уурхайн стратегийн нөөц ордууд нь байгалийн заяагдмал нөөц ашиглаж байгаа учраас нийтлэг байдлаар ард түмэн хувьцааг нь эзэмших эрхтэй байх ёстой. Энэ чиглэлд хуулиар зохицуулалт хийж өгөх шаардлага үүсэж байна. Ингэж байж бид эдийн засгийн өргөн мэдлэгтэй болж, дотоод эв нэгдэл бэхжинэ. Энэ асуудлаа би бүлгийн болон байнгын хорооны хурал дээр илэрхийлээд явж байна. Эрх барьж буй нам үүнийг хийх ёстой. Энэ бол миний хувь улс төрчийн байр суурь. Агаарын орон зай, уул уурхайн баялаг бол заяагдмал баялаг. Энэ бүхнийг ард түмэн нээлттэй байдлаар эзэмших эрхийг нь нээж өгснөөр тэд сэтгэл хангалуун амьдрах юм. Боломж бий болгохыг хэлээд байгаа юм. Одоо боломж байхгүй байна. Тус тусдаа хэсэг бүлэг болчихоод, улс төрийн намаар дамжуулан байлдсаар байвал Монгол Улсад үндэсний хагарал нүүрлэнэ. Эдийн засаг нь эмзэгшиж, Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх аюултай. Энэ бүхнийг монголчууд давж гарах хэрэгтэй.

-Та твиттер хуудсаараа дамжуулан, нэр бүхий яамны газрын дарга авлига авч байхдаа АТГ-д баригдсан талаар мэдээлсэн. Энэ нь намын бүлэглэлээс Д.Оюунхорол сайдаар туг тахих ажиллагаа гэж нэрлэгдлээ. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

-Авлигын асуудал Д.Оюунхорол сайдад хамаарахгүй. Алба хариуцаж байгаа газрын даргын л асуудал. Авлигатай бид нам харгалзахгүй тэмцэх учиртай. Энэ нь МАН-ын асуудал биш, улс орны асуудал. Ийм цаг үед МАН нэр цэвэр байх ёстой. Дээр, дооргүй хариуцлагатай байх ёстой. Гэтэл намын томилгоогоор очсон тэдгээр албан тушаалтанууд авлига авч байгаа нь намын нэр хүндэд маш их хортой. Ард түмний эрх барьж буй намд  итгэх итгэлийг хүчтэй сулруулсан үйл явдал боллоо. Түүнийг бид нууж, өмгөөлж, хамгаалж болохгүй.