Л.Болд: Улстөрч хүний карьерыг ард түмэн л зогсоодог

Л.Болд: Улстөрч хүний карьерыг ард түмэн л зогсоодог

Монгол Улсын Их Хурлын гишүүн Л.Болд

Багануур дүүргийн Үйлдвэрчний эвлэлд зааварлагчаар ажиллаж байсан тэртээ 1983 он. Он жил улиран өнгөрсөөр зургаан жилийн дараа Монголын оюутны орлогч дарга болов.

Түүний ардчиллын төлөө цохилох зүрх, тэмцэгч шинж чанар улс төр рүү өөрийн эрхгүй хөтлөн оруулжээ. Ардын Их хурлын депутат, Улсын бага хурлын гишүүнээр ажиллаж, Үндсэн хууль батлалцана гэдэг нэр төрийн хэрэг.

Тэрээр "Бодь интернэшнл" группын ерөнхийлөгч, "Голомт" банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, "Монголын банкны холбоо"-ны ерөнхийлөгч гээд хувийн секторт ч хүч үзэв.

1990 оноос хойш тооцвол улс төрд 30 орчим жил зүтгэхдээ таван ч удаа парламентын гишүүнээр сонгогдсон, Батлан хамгаалахын сайд, Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан Л.Болдтой “Улс төрийн тавцанд” сэдвээр ярилцсанаа хүргэж байна.

Ярилцлагын тухай товчхон:
  • 26 асуулт, хариулт
  • 44 мин 36 сек ярилцав.
  • Зургаан зурагтай.
  • Нийт 4956 үгтэй. /нэг асуулт, хариулт дунджаар 166 үг/
  • Дөрвөн ишлэл, гурван хүний сэтгэгдэл багтав.
  • Онцлох 13 санаа илэрхийлэв.
  •  Дөрвөн дэд хэсэгтэй.
  • #Ардчилал, #парламент, #иргэн, #улстөрч, #улс төр гэсэн үгс хамгийн их хэлэв.
  • Биеэ авч яваа байдал: Энгийн, даруу
  • Биеийн хэлэмж: Гар хөдөлгөөнтэй, дууны түвшин намдуу, ярилцагчаа хүндэтгэсэн байдалтай ярив.

АНХ ГИШҮҮН БОЛОХДОО МАШ ЦЭГЦТЭЙ БОДЛОГО, МӨРИЙН ХӨТӨЛБӨРТЭЙ ОРЖ ИРЖ БАЙЛАА

Та 20-иод жил улс төрд хүчин зүтгэжээ. Эдгээр жилд улстөрөөс олж авсан хамгийн чухал зүйл гэвэл? Нөгөө талаас юуг орхигдуулав?

Би багаасаа мөрөөдөлтэй амьдарч ирсэн. Гэр бүл, найз нөхөд, нийгмийн хүрээнээс олон зүйлийг олж авсан гэж боддог.

Улс төрд орохын нэг давуу тал нь өөрийнхөө бодож тунгаасан, хийж хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг шууд харах боломжтой байдаг. Улстөрч хүний хэлсэн үг, хийж буй үйлдэл нийгмийг тэр чигээр нь цочроож, хөдөлгөх хүчтэй юм. 

УИХ-ын гишүүдийн гаргасан шийдвэр тухайн салбарыг төдийгүй улс эх орноо өөрчлөх, хөгжүүлэх хэмжээнд байдаг. Энэ утгаараа бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг.

Улстөрчдийн хийсэн гавьяа сурах бичигт тэмдэглэгдэж, түүхэнд үлдэх нь бий. Тиймээс улс төр надад маш их зүйл өгсөн. Энэ бол миний үнэн итгэл үнэмшил гэж хэлж болно.  

Харин улстөрч болсноор хувийн амьдрал их хохирдог. Аав, ээж, үр хүүхэд, хань ижилдээ анхаарал халамж, цаг зав гаргаж чаддаггүй. Нэг мэдэхэд л хүүхдүүд том болчихсон, аав, ээж минь өтөл буурал болсон байдаг. Би аав, ээжийгээ эрт алдсан. Өөр юу ч анзаарахгүй, зөвхөн улс төр гэж явсаар эргээд харахад аав, ээжийнхээ ачийг хариулж чад луу, хэзээ аяга халуун цай уун, хамт сууж билээ гээд харамсах зүйл их бий.  

Ойр тойрныхон нь таныг хэн гэж дүгнэдэг вэ? Та өөрийгөө хэн гэж тодорхойлох вэ? Энэ хоёр тодорхойлолт хоорондоо хэр огтолцох бол?

Ойр тойрныхон минь намайг өндөр шаардлага тавьдаг, хамтарч ажиллахад амаргүй хүн гэж дүгнэх байх. Гэхдээ тэднийг гомдоох хатуу үг хэлдэггүй, маргах зүйл гардаггүй. Өдөр бүр тодорхой зорилготой ажиллаж, тухайн зорилгыг биелүүлэхийн төлөө баг, хамт олонтойгоо ажилладаг. Замын дундаас чадахгүй, миний үйл ажиллагаа таалагдахгүй нэгэн гарах нь бий.

Аливаа асуудалд хувь хүний өнцгөөс хандаж, надад таалагдах нь наашаа, таалагдахгүй нь цаашаа гэдэггүй. Дэндүү том зорилгын төлөө багаас ихэд хүрдэг учраас баг, хамт олныг зорилго нэгддэг. Энэ бол 20,30-аад жил улс төрд хүчин зүтгэснийх бусадтай ажиллах гол зарчим минь юм уу даа гэж боддог.  

Болд дарга хүнийг маш сайн сонсдог, бусдад хүндэтгэлтэй ханддаг. Өнгөрсөн хугацаанд Болд дарга эрх мэдэл, хөрөнгөтэй болсон ч огт эвдрээгүй хүн гэж би боддог юм. Анх л оюутан байхдаа шаргуу, гүдэсхэн зантай тэр хэвээрээ. Нэг зангаараа яваа, бусдад итгэл хүлээлгэдэг ийм хүний хийж бүтээж яваа ажил хэрэгт нь жаахан ч гэсэн тус нэмэр болох юмсан гэж би боддог. Тиймээс өгсөн даалгавар үүргийг нь өөрийн чадах чинээгээр гайгүй биелүүлэхсэн гэж хичээж ирлээ. /“Бодь Цамхаг” төслийн удирдагч Д.Цэеэ-Ойдов/

Шинэ, залуу гишүүн байсан үеэ одоогийн залуу улстөрчидтэй харьцуулахад хэр ялгаа гарч байна?

Тэр үеийн залуучууд тухайн нийгмийнхээ хөгжлийг хөтлөхөд их үүрэг гүйцэтгэсэн. Энэ хоёр үеийг мэдээлэл, мэдлэгийн түвшнээр харьцуулах нь учир дутагдалтай. Өнөөдрийн залуучууд өөр. 2000 оноос хойш өрнөж буй дэлхийн нийтийн хувьсал, өөрчлөлтийн нөлөөгөөр улс төрийн бүх эрх мэдлийг улс төрийн шинэ хүчнүүд, шинэ залуу улс төрчид гартаа авч байна.

Монголчуудын хувьд залуу үедээ боломж олголгүй цаг алдсан тал бий. Харин энэ парламентаас эхлээд парламентад байх залуучуудын жин нэмэгдэж байна. Улс төрийн нэг оргил болох парламентын гишүүн болно гэдэг бол тухайн нийгмийн нэгэн бодитой төлөөлөл юм.

Төр засгийн шийдвэрт өнөөгийн нийгмийн үзэл санааг тусгах эрхэм зорилготой залуу үе хүч түрэн орж ирлээ. Энэ жишгийг зөвхөн парламентын түвшинд ч биш баг, хорооны түвшинд баримтлахын төлөө миний бие залуучуудын квотыг дэмжих чиглэлээр тодорхой хуулийн төсөл санаачилж явлаа.  

Ерөөсөө ардчилсан хувьсгалд оюутнууд хүч түрэн оролцоогүй бол ялалтад хүрэхгүй байсан хэмээн би одоо ч боддог, Оюутнууддаа баярлалаа. Тухайн үед оюутнуудын тэмцлийг удирдаж байсан Л.Болд, Д.Баясгалан, М.Зоригт, Ц.Ганбат, Д.Рэнцэнтавхай, Э.Золбаяр, П.Цэнгүүн, Д.Батдэлгэр, Б.Хасхуяг, Д.Төрбат, Д.Батсайхан нарт гүн талархал илэрхийлье. /Э.Бат-Үүл/

1996-2016 оны хоорондох парламентуудад гишүүнээр ажиллахдаа дунд нь 2000-2008 онд тасалджээ. Зарим улстөрч дундаа нэгэнт л тасарсан бол эргээд УИХ-д ороход бэрхшээлтэй байдаг юм шиг?

Улсын бага хурлыг оруулан тооцвол парламентын гишүүнээр тав дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. 1996-2016 он хүртэл парламентын гишүүнээр ажиллаж байхдаа дунд нь хоёр завсарлаж байлаа. Ингэж завсарласан нь манай нам сонгуульд амжилтгүй оролцсон тэр жилүүд юм. Миний хувьд 1992-1996, 2000-2004 онд ард түмний сонголтыг хүндэтгэн, өөртөө ажлын байр бий болгож, хувийн секторт ажилласан. Харин 2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар томилогдсон юм.

Ер нь ингэж завсарлах нэг талаасаа надад маш хэрэг болсон гэж боддог.

 

Парламентын гишүүнээр тасралтгүй ажиллаж байгаа гишүүд байна л даа. Гэхдээ хэсэг завсарласны дүнд бодит амьдрал дээр бууж, иргэдтэйгээ хамт баялаг бүтээн, бизнес эрхлэгчдийн зовлон бэрхшээлийг амсаж байсан нь маш их өгөөж өгсөн юм.

Аль ч улсын парламентад гишүүнээр тасралтгүй ажиллана гэдэг нэг талын амжилт мэт боловч нөгөө талаас дундаа завсарлаж, ард иргэдийн өмнө тулгамдаж буй асуудал дунд орж ажиллах нь маш хэрэгтэй юм байна гэдгийг биеэрээ мэдэрсэн гэж хэлж болно. 

1990 оноос эхэлсэн олон бизнес төрийн өмч хувьчлал дээр суурилж, гараандаа гарсан бол Л.Болдын “Бодь” тэгээс урагшилж, өдгөө Монголын бизнесийн ертөнцөд брэнд болж чадав. /Чимээгүй лугших бүтээлч судас, Л.Болормаа, 13 дугаар тал, Улаанбаатар 2015 он/

Завсарлаж байгаад эргээд парламентын гишүүнээр сонгогдон ажиллахад “Ордны уур амьсгал” өмнөхөөсөө хэр өөрчлөгдсөн байв?

Монгол Улс хөгжиж, өөрчлөгдөж байна. Парламентын үүрэг роль, бүрэлдэхүүнд ч өөрчлөлт орж байна. Гарч буй хууль тогтоомж, нийгмийн туршлага гээд өөрчлөгдөн буй зүйлсийг нэрлэж болно л доо. Завсарлага аваад буцаад ороход шинэ нөхцөл байдал угтсан.

Мэдээжийн хэрэг 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуулийн дагуу бүрэлдэн тогтсон парламентын ерөнхий зарчим, үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл хадгалагдаж байна. Харин парламентын ажиллах хуваарьт багагүй өөрчлөлт орсон байлаа. Хувь хүний хувьд амьдралын нэг шинэ үе шат эхэлж байгаа гэдэг утгаараа томоохон дэвшил, ахиц болсон гэж боддог.  

Тэр үед улс орноо хөгжүүлэхийн төлөө гэсэн их эрч хүч, итгэл үнэмшилтэй байсан байх. Энэ эрч одоо хэр буурсан бэ? Хэр төлөвшсөн байв?  

1990 онд Ардчилсан хувьсгал ялахын төлөө оюутны байгууллагыг манлайлан оролцож, Ардчиллын гол үйл явцын ид дунд нь орж явлаа. Монгол Улсад туршлагатай парламентч гэж байгаагүй тэр үед гишүүнээр ажиллаж, Үндсэн хуулийг батлах ажилд оролцсон юм. Энэ нь надад цоо шинэ туршлага болсон. Намайг маш том өндөрлөгт гаргасан. Дараагийн жилүүдэд олон нийт, төрийн бус байгууллага, хувийн секторт ажиллаж, амьдралын олон үнэ цэнийг цоо шинэ нүдээр харах боломж бүрдсэн юм. 

Анх гишүүн болохдоо маш цэгцтэй бодлого, хийе гэсэн хүсэл эрмэлзлэл, маш ойлгомжтой үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртэй орж ирсэн. Өөрийгөө харьцангуй бэлтгэгдсэн үедээ УИХ-д орсон гэж боддог. Өөрийгөө магтаж байгаа юм биш. Гэхдээ тухайн үедээ л нийгэм, эдийн засаг, үндэсний аюулгүй байдлын бодлого, зорилтыг хангах үүднээс тусгайлсан ажлын төлөвлөгөөтэй орж ирж байлаа.

Энэ ч үүднээс нилээдгүй хууль тогтоомжийн төслийг шинэчлэх нь зүйтэй гэж үзээд олон хуулийн төсөл санаачлан боловсруулж байсан. Тухайн үед нас залуу байсныг ч хэлэх үү, шинэ, залуу улс төрийн хүчин болох Ардчилсан нам сонгуульд ялалт байгуулсан зэрэг цоо шинэ уур амьсгал бүрдсэн байлаа.  

Ардчилал гэдэг бол ард түмний өөрсдийнх нь хувь заяаны сонголт байсан. Энэ бүхний үргэлжлэл парламентад төлөөлөлтэй болсон. Өнөөдөр манай парламент хувьсгалт цаг үе гэхээсээ илүү ажил хэрэгч, байнгын ажиллагаатай болжээ.

Хувьсгалт том өөрчлөлтөөс илүүтэй нийгэмд томоохон ахиц, өөрчлөлт авчрах салбар, салбарын хууль эрх зүйн шинэчлэл явагдаж байна.

Парламентын үйл ажиллагаа ч шинэ шатанд гарсан байна. Эрч хүч, оргилуун сэтгэл гэхээсээ илүү мэдлэг, туршлага, хашир суусан байх, хууль тогтоомжийн нийгэм, амьдрал дээр буух буултыг аль болох зөөлөн, зөв байлгах талаас нь анхаардаг цаг үе ирсэн байна.

Анхны зорилго, мөрийн хөтөлбөр хэдэн хувьтай биелсэн бол? Хүн өөрийгөө байнга л хөгжүүлж байх ёстой гэдэг. Яг одоо та өөрийгөө яаж хөгжүүлж байна?  

Хууль эрх зүйн шинэчлэлийн эхлэлийг парламентад мөр зэрэгцэн ажиллаж байсан гишүүдийн хамт тавилцсан. 1992 онд Үндсэн хууль батлагдсанаас хойш 1996 он хүртэл дөрвөн жил тогтвортой парламент ажилласан боловч шинэ нийгмээ ойлгоогүй, хуучны арга барилаараа ажиллаж, энэ ч хэрээр нийгэм нилээдгүй бухимдал үүссэн амаргүй цаг үетэй бид нүүр тулсан л даа.

Ази, Орост хямрал болж байсан үе л дээ. Энэ цаг үеийг даван туулахын тулд маш их үнэ цэнэ төлсөн ч гэлээ улстөрийн залуу хүчин тулдаа нийгмээ ч, улс төрөө ч шинэчилсэн дээ. Нийгэмд өөрчлөлт авчирсан томоохон хуулиуд тэр үед л гарсан байдаг.

Эдийн засгийг хөгжүүлэх, өмч хувьчлал явуулах, хувийн хэвшлийг дэмжих, улс орны үндэсний аюулгүй байдлыг хангах зорилготой салбарын төдийгүй улс орны хэмжээнд хууль эрх зүйн томоохон шинэчлэлийг энэ л үед хийж чадсан. Одоо тэр үед гарсан хууль тогтоомжийг улам боловсронгуй болгож, засч сайжруулж байна.

Амьдрал үнэхээр баян. 2000 оноос хойш дэлхий өөрчлөгдөж байна. Өмнө нь дайн болж, үүний улмаас нийгэмд томоохон өөрчлөлт, шинэчлэл гардаг байсан. 

Шинэ цаг үед шинэчлэл нь дайнаар хийгдэх биш цоо шинэ нийгмийн байгуулалдаа дасан зохицсон шинж байдалтай болжээ. Цаг үеийн энэ олон сорилт нийгмийг маш их өөрчилж байна. Дайн дажин зүсээ хувиргасан.

Өнөөдөр дэлхийн I, II дайн шиг цус урсгасан дайн дахин болохгүй ч гэсэн Америкт болсон есдүгээр сарын 11-ний үйл явдал, шинэ оны өмнөхөн Стамбулд гарсан хэрэг явдал хүртэл энэ цаг үеийнхээ онцлогт нийцсэн, нийгмийнхээ тусгал болсон үйл явдлууд юм.

Энэ бүхнээс Монгол Улс суралцах ёстой. Аливаад бэлэн байх ёстой. Хөгжлийн зөв хандлагаас хоцорч болохгүй. Монгол Улс шиг манерв сайтай, хөдөлгөөнтэй улсын хувьд олон улсаас сургамж авч, дэвшилтэт санаа, ололтыг нэвтрүүлэх ёстой юм. Парламентын гишүүн гэлтгүй хүн бүр байнга суралцахыг нийгэм өөрөө шаардаж байна.  

Facebook, twitter гээд сошиал сүлжээ хэрэглэгчид олширч, хүн бүрийн тархи байнга ажиллаж, нялх балчир хүүхдээс өтгөс буурал хүртэл хүн бүр нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, нийгэмд өөрийн хувь нэмрээ оруулж байдаг энэ шинэ цаг үеийн нийгмийн захиалга юу байх вэ гэдэг дээр  толгойгоо ажиллуулж, энэ цаг үеийн бас нэг төлөөлөл болохын төлөө хэрэндээ хичээж байна.

Монголын ардчилал үзэл бодлын олон ургальч байдлыг цогцоор нь хөгжүүлсэн онцлогтой. Ардчиллын эхний өдрөөс эхлэн Монгол Улсад маш олон холбоо, хөдөлгөөн, намууд байгуулагдсан байдаг. /Монголын ардчиллын шинэ түрлэг сэдэвт илтгэлээс, Л.Болд, Улаанбаатар 2015 он/

Өнгөрснийг эргэн сануулах, хойч үедээ сургамж болох үүднээс 1996-2000, 2008-2012, 2012-2016 оны парламент улс орны хэмжээний ямар томоохон шийдвэр гаргаж байв?

1996-2000 онд Ардчилсан холбоо эвсэл 50 суудал авч, УИХ-д олонх болсон. Тэр хэрээрээ зоримог, эрсдэлтэй шийдвэрүүд олныг гаргасан. Тухайлбал, 1990 оноос хойш сульдаад байсан эдийн засгийг эрүүлжүүлэх, ардчилсан тогтолцоонд шилжих шилжилтийн олон багц хуулийг хэлэлцэж баталсан. Гэсэн хэдий ч дотоодын үл ойлголцол, зөрчлөөс болж Засгийн газрыг олон удаа огцруулсан. 1998 онд болсон төр, нийгмийн зүтгэлтэн, талийгаач С.Зоригийн аллага хийгээд бусад шалтгаанаас болж, 2000 онд парламентад ганц суудалтай үлдсэн гашуун түүх бий.

2008-2012 оны хувьд бол улстөрийн арай өөр нөхцөл байдалд бүрдсэн. 2008 оны 7 дугаар сарын 1-ний үйл явдал бол тухайн үед эрх барьж байсан нам ард иргэдийн өгсөн саналыг зохион байгуулалттайгаар өөрчилсөн, төрийн эрхийг шударга бусаар авсан, нийгэмд хүчирхийллийн уур амьсгалыг бий болгосон, нөгөө талаас иргэд уул уурхай, байгалийн баялгаас бий болсон орлогыг шударгаар хуваарилах шаардлагыг тавьж байсан үе тохиосон.

Энэ нөхцөл байдлыг зөөлрүүлэхийн тулд хоёр нам хамтарч, Засгийн газраа байгуулсан. Тухайн үед МАНАН гэж хэлүүлж, цоллуулж байсан ч улс орны төлөө маш олон чухал шийдвэрийг хамтран гаргаж чадсан гэж хувьдаа боддог.

2012-2016 онд Ардчилсан нам маш сайн мөрийн хөтөлбөртэй сонгуульд оролцсон боловч Засгийн газраа дангаар байгуулах хэмжээнд олонх болж чадаагүй.

Гэхдээ нийслэл, орон нутгийн түвшинд тодорхой ялалт байгуулснаар мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж бүрдсэн. Шинэчлэлийн Засгийн газар иргэд сонсогчиддоо амласан амлалтаа хэрэгжүүлэхийн тулд хичээж ажилласан юм.

Ялангуяа төрийн үйлчилгээг ил тод, шуурхай болгох, бүтээн байгуулалт хийх, нийгэмд тулгамдсан асуудлыг зоримог шийдэх тал дээр Ардчилсан намын эгэл жирийн гишүүд, дэмжигчид, төрийн албан хаагчид үнэхээр сэтгэл зүтгэл гаргасан гэж боддог.

Гэсэн хэдий ч улс төрийн ашиг хонжоо хайгсад эрх мэдлийн төлөө хэт шунаж, фракциараа талцан хуваагдаж, улс орны эрх ашгийн эрэмбийг алдсан явдал нь Ардчилсан намыг нүд, чихгүй болгож, өрсөлдөгч намд хожоо болсон байдаг.  


40 ГАРУЙ ТОМООХОН ХУУЛИЙН ТӨСЛИЙН АЖЛЫН ХЭСЭГТ ОРЖ АЖИЛЛАН, НАЙМАН ТОМ ХУУЛИЙн ШИНЭЧЛЭЛД ГАР БИЕ ОРОЛЦСОН

Өнгөрсөн парламентуудад санаачилж, боловсруулж байсан хууль, тогтоомжийн төслүүд, хийсэн гол ажлаасаа дурдаач гэвэл? Хэр үр бүтээлтэй ажилласан гэж өөрийгөө үнэлэх вэ?

УИХ-ын гишүүн байна гэдэг нэг талаас улс орныхоо өмнөөс сэтгэж ажиллах, нөгөө талаас сонгогдсон тойргийнхоо иргэд сонгогчдын элч төлөөлөгч болж ажиллах шаардлага тулгардаг. Энэ өнцгөөс харвал миний хувьд УИХ-ын гишүүнээр ажиллах өнгөрсөн хугацаанд санаачилсан хууль, хийж хэрэгжүүлсэн ажлаа дурдаж чадна. Харин хэр үр бүтээлтэй ажилласан болохыг иргэд сонгогчид, сайдаар ажилласан хугацаанд бол тухайн салбарынхан, хамт олон минь дүгнэх байх. 

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалах, Гадаад хэргийн сайдаар ажилласан хугацаанд хийж бүтээсэн олон ажил бий.

Стратегийн ач холбогдолтой орд газрыг эзэмшиж, үйл ажиллагаа явуулах Баянмонгол /Эрдэнэс Монгол/ корпорацийг байгуулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай, Сонгуулийн тухай, Нийслэлийн гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх тухай хуулиуд, гадаад аюулгүй байдал, Батлан хамгаалах салбарын багц хууль, Дипломат албаны тухай хуулиудыг дангаар болон бусад гишүүнтэй хамтран өргөн барьсан.  

Тодруулбал, Баянмонгол /Эрдэнэс Монгол/ корпорацийн тухай хуулийн төслийг санаачлан 2009 онд УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлсэн юм. Хэдийгээр энэ төсөл боловсруулсан хувилбараараа батлагдаагүй ч гэсэн МАН-ын бүлгийн “Эх орны хишиг сангийн тухай” хуулийн төсөлтэй нэгтгэгдэн хэлэлцэж, “Хүний хөгжил сангийн тухай” хууль болж батлагдсан.

Уг хууль гарснаар байгалийн баялгийн шударга хуваарилалтыг хэрэгжүүлэхэд томоохон ахиц гарч, уул уурхайн орлогоос бүрддэг үндэсний сантай болж, энэ сангаас иргэдэд сар бүр 21000 төгрөгийг хишиг хувь болгон хуваарилж байлаа.

Сүүлд 1072 хувьцааг эзэмшүүлсэн. Ингэснээр Монгол хүн бүхэн байгалийн баялгаас хувь хүртэх, баялгийнхаа эзэн байх Үндсэн хуулийн заалт хэрэгжиж эхэлсэн гэж болно.

Батлан хамгаалах чадавхийг сайжруулах, салбарыг бүтээн байгуулагч болгох, цэргийн албан хаагчдын тэтгэвэр тэтгэмж, нийгмийн асуудлыг шийдвэрлэх тал дээр ахиц гаргаж чадсан.

Түүнчлэн Гадаад хэргийн сайдаар ажиллах хугацаанд салбарын олон асуудлыг Засгийн газар, УИХ-аар дэмжүүлэн батлуулж, гадаад харилцаанд идэвхтэй байр сууринаас оролцох бодлого баримталж ажилласан. Ялангуяа ОХУ, БНХАУ, “Гуравдагч хөрш” орнууд болон НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоохыг зорьсон. 

ХБНГУ-д дээд сургууль төгсөж ирээд 45 хоногийн цэргийн бэлтгэл сургалтад хамрагдаж байсан. Ямар боловч иргэн хүний хувьд цэргийн үүрэгтэн заавал байх шалгуурыг хангасан гэж боддог. /Л.Болд, Өдрийн сонин, 2011.09.22/

Сонгуулийн хуулийг шинэчилж, өөрчилснөө ч гэсэн дурдах хэрэгтэй байх?

Тийм шүү. Олон жилийн турш маргаан дагуулж байсан сонгуулийн тогтолцоог өөрчлөх, 2008 оны 7 дугаар сарын 1-ний хар өдрийг давтахгүйгээр сонгуулийг шударга, будлиан зөрчилгүй явуулах нөхцлийг хангах үүднээс уг хуулийн төслийг санаачлан боловсруулсан. Сонгуулийн шинэ хуулиар сонгуулийн тогтолцоог өөрчилж, холимог тогтолцоог сонгон авснаар сонгогчдын өгсөн санал гээгддэг дутагдлыг ямар нэг хэмжээгээр засах бололцоо нээгдсэн.  

Хүүхдийн мөнгийг Монгол төрийн түвшинд аваачлаа. Тухайн үед галзуу, хэзээ ч бүтэшгүй мэт сонсогдсон байх. Одоо бол татгалзах аргагүй болсон байна. 

Иргэн бүрт хүчээр газар өмчлүүлэхдээ гол биш газар өмчлөх эрх нь нээлттэй байлгахын төлөө тодорхой хуулийн төсөл санаачлан боловсруулсан юм. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн төсөлд газар өмчлүүлэх сертификат, Газрын биржийн арилжаа гээд иргэн бүрийн газар өмчлөх эрхийг баталгаажуулах, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах зарчмын томоохон өөрчлөлтийг тусгаж өгсөн.  

Мөн 2014 онд “Нийслэлийн иргэдэд цахимаар газар өмчлүүлэх журам” батлагдсантай холбогдуулан Хан-Уул дүүргийн 16 хороо, Багахангай болон Багануур дүүргийн 23 хороо тус бүрт нэг түр ажилтныг сургаж, иргэдийн цахим бүртгэлийг хийх ажлыг санаачлан зохион байгуулсан. Ингэснээр тус дүүргийн иргэдийн тодорхой хувь газраа өмчилж авсан гэсэн тоо бий.

Миний тойрог бол Яармаг. Өнгөрсөн бүх сонгуульд нийслэлээс нэр дэвшиж, сонгогдож байна. Агаарын бохирдол, орон сууц, гэр хорооллын асуудлыг шийдэх үүднээс чамгүй олон хууль, тогтоолын төсөл санаачилж, батлуулахын төлөө ажилласан.  

Интернэт эрх чөлөө, түүнд нэвтрэх, мэдээлэл хайх, үзэл бодлоо илэрхийлэх нь технологи хөгжсөн орчин үед иргэдээс төрийн үйл ажиллагааг хянах, үзэл бодлоо илэрхийлэх чухал хэрэгсэл болсон учир энэ эрхийг хамгаалахын тулд УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Л.Энх-Амгалан, С.Оюун, Д.Ганбат, Г.Баярсайхан нарын 5 гишүүнтэй хамтран “Онлайн эрх чөлөө” бүлгийг байгуулсан. 2015 оны тавдугаар сарын 5-нд Онлайн эрх чөлөө бүлгээс Сайд нарын ээлжит хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулсан. 

Мөн “Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах тухай” хуулийн төслийг өргөн барьсан ба удахгүй УИХ-ын холбогдох байнгын хороодоор хэлэлцэгдэн, УИХ-аар батлагдах байх.

Сүүлийн дөрвөн жилийн судалгаагаар хүний үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсний төлөө Эрүүгийн хариуцлагад татуулах өргөдөл гаргасан нийт хүний 90 хувь нь албан тушаалтан байна. Энэ нь жирийн иргэдийн эрхээ хэрэгжүүлэхэд хууль зүйн бодит хамгаалалт, баталгаа хэрэгтэйг илтгэн харуулж байна. 

Буцаасан таван хуулийн ажлын хэсэгт ч орж ажилласан шүү дээ?

Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд өнгөрсөн парламентад хамгийн чухал 5 хууль батлагдсан. Уг хуулийн төслүүдийн ажлын хэсэгт орж ажилласан байдаг. Хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгууллын аюулгүй байдал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах зорилтыг дэвшүүлсэн юм.

Ялын шинэ бодлого нь хорих болон хохирохоос өөр төрлийн ялыг ногдуулах үндсэн агуулгатай. Одоо үйлчилж байгаа Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцогдож байсан 36 үйлдлийг зөрчилд тооцохоор болсон.

Захиргааны зөрчил гаргасан хүнд салбарын 210 гаруй хуулиар хариуцлага хүлээлгэж байсныг халж, Зөрчлийн тухай хуулиар зохицуулах боломж бүрдээд байсан. Гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хууль, зөрчил гаргавал Зөрчлийн тухай хууль үйлчилнэ. 

Эдгээрийн процесс хуулиуд болох Хууль сахиулах тухай хууль, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, Цагдаагийн албаны тухай, Прокурорын байгууллагын тухай хуулиуд УИХ-аар батлагдсан боловч энэ парламент буцааж татсан.

Хилийн боомтын тусгай бүсийн тухай хуулийн төслийг санаачилсан. Энэхүү хуулийн төслийг Эдийн засгийн хөгжлийн яамнаас өргөн барьсан Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй нэгтгэн хэлэлцэж, 2015 оны хоёрдугаар сарын 12-нд УИХ-аар батлагдсан.

Хуулийн гол санаа нь манай улс хил дамнасан эдийн засгийн бүсийг байгуулж, бусад орны бизнесийн төлөөлөл, хөрөнгө оруулалтыг татаж чадсанаар улс орны бие даасан, аюулгүй байдал, гадаад бодлого гээд олон зүйлд баталгаа болох юм. 

Тэрээр өнгөрсөн хугацаанд УИХ-ын хэд хэдэн байнгын хороонд орж ажиллаж, байнгын хороогоор хэлэлцэж байсан хууль, тогтоолын төсөлд өөрийн санаа бодлоо нэмэрлэсэн байдаг. Одоогоор 40 гаруй томоохон хуулийн төслийн ажлын хэсэгт орж ажиллан, найман том хуулийг шинэчлэлд гар бие оролцжээ.

Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан хүний хувьд олон улсад хэр танигдсан улс төрч вэ?

Би олон улсын харилцааны чиглэлээр сурч, төгссөн. Гадаад харилцаа бол Монгол Улсын тусгаар тогтнолын том баталгаа гэсэн итгэл үнэмшилтэй байдаг. Тиймээс ямар ч байгууллагад ажиллаж байсан, аль ч салбарыг хариуцаж байсан гадаад харилцааг хөгжүүлэхийн төлөө хичээж, эрмэлзэж ирсэн. 

Энэ утгаараа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэж үздэг. Монгол Улсаас анх удаа Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлд сонгогдож байлаа. Олон улсын оюутны холбооноос эхлээд НҮБ зэрэг олон улсын байгууллага, хоёр, гуравдагч хөршийн бодлого зэрэгт бодитой, ахицтай, барьцтай ажил хийх юмсан гэж зорьж ирсэн. Үр дүнг нь аяндаа цаг хугацаа харуулах байх.  

ТҮҮХ, НАМТАР, НЭР ТӨР, ҮНЭНИЙГ ЗАРДАГГҮЙ, ҮРДЭГГҮЙ, ТЭР ТУСМАА АВАХ БОЛОМЖГҮЙ ЮМ. Л.БОЛД 
Иргэн бүр газар өмчлүүлэх тухай таны боловсруулсан хуулийн төсөлтэй танилцсан л даа. Уг хуулийн төсөлд газрын сертификат, Газрын корпораци зэрэг шинэ нэр томьёо, ойлголтууд орсон байна. Таны дэвшүүлсэн санаанууд хэрэгжих үндэстэй юу?

Хэрэгжүүлэхээс өөр аргагүй юм. Яагаад өнөөдөр 10 хүн байлаа гэхэд нэгд нь газар өгөөд, бусдад нь боломжгүй гэсэн хариу өгч байгаа юм бэ? Тэгвэл тэр нэг хүн яаж газар авав?

Газрын асуудал хариуцсан албан тушаалтнуудын танил, мэдээлэлд ойр, мөнгөтэй хүмүүс л газар авч байна шүү дээ. Тэгэхээр нийгэмд шударга ёс алдагдсан байна. Ирээдүйд үнэ цэнээ алдахгүй, мөнхийн үл хөдлөх хөрөнгийг иргэдийн маш цөөхөн хувьд олгож байна. Энэ бол байж болохгүй.

Тиймээс миний дэвшүүлж буй санаануудыг заавал хэрэгжүүлэх ёстой. Газар өмчлөх эрхтэй байна гэдэг нь өөрөө маш том үнэт зүйл. Өөрөөр хэлбэл иргэн бүр өмчлөх эрхээ хэрэгжүүлж болно. Газрын томоохон зах зээл, эрэлт, нийлүүлэлт бий болно шүү дээ. Хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоно гэдэг үүднээс Герман улсын туршлагаас суралцаж, энэ тухай ном хүртэл орчуулан гаргаж байлаа.

Тухайн үед энэ санааг төр засаг ч тэр, нийгэм ч тэр хүлээж аваагүй. Галзуу хүний хий хоосон яриа мэтээр хүлээн авч байсан. Гэтэл өнөөдөр нийтээрээ байх ёстой зүйл гэдгийг хүлээн зөвшөөрч, нийгмийн аль нэг хэсэгт өгөхгүй гэхээр эсэргүүцэж байна. Үүнтэй адил аливаа том хувьсгалт өөрчлөлт гэдэг эхэндээ бүх нийтийн шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгарч байдаг нь бичигдээгүй хууль мэт.

Анх өмч хувьчлал явагдаж байхад бүх өмч “будаа боллоо” гэж байсан. Нэгдэлжих хөдөлгөөн өрнөж байхад малчид малгүй боллоо гэж байсан.

Тухайн үед 20 сая малтай болох юмсан гэж мөрөөддөг байсан бол өнөөдөр 60 сая малтай болжээ. Үүнтэй адил газар өмчлөх эрхийг иргэн бүрт нээж өгснөөр Монгол Улс эдийн засаг нь хямардаггүй улс болно. Үүнд огт эргэлзэхгүй байна.  

Миний хувьд таныг газар өмчлүүлэх тухай хуулийн төслийг санаачилснаараа Монгол Улсдаа өмч хувьчлалын хоёр дахь хувьсгалыг хийлгэж байна гэж ойлгож байна. Та бүхний санаачилсан хуулиар төв рүү тэмүүлэх бус, төвөөс зугтах нүүдлийг газар өмчлөлөөр хийж болох магадлалтай нь харагдаж байна. Ш.Нэргүй, 2012 он

Хуулийн төсөлд өгсөн Засгийн газрын дүгнэлтийг харахад нэг мөнгөтэй хүн олон газартай болох магадлалтай гэжээ. Үүнд ямар тайлбар хэлэх үү?

Нэг талаар мөнгөтэй хүнд олон газар төвлөрч болох л юм. Гэхдээ үүнийг хязгаарлаж болно. Нөгөө талаар тэр мөнгөтэй хүн хүмүүсээс газрыг нь дээрэмдэж авахгүй шүү дээ. Зах зээлийн үнээр Газрын биржээр дамжуулан худалдан авна. Ингэснээр газар өмчлөгч нь газрынхаа үр шимийг хүртэнэ гэсэн үг.

Иргэдийн газар өмчлөх эрхийг нээж өгснөөр гурван сая хүн түүний үр шимийг хүртэх болно шүү дээ.

Яагаад үүнийг буруу гээд байгаа юм бэ? Хүн бүрт мөнгө хэрэгтэй. Тэр мөнгийг олох гээд заавал гаднаас зээл авах шаардлага алга.

Өнөөдөр Яармагийг хар л даа. Хичнээн олон га газрыг хэдхэн хашаагаар хашчихсан байна. Тэд нөхөд энэ газрыг яаж авсан гэж? Ихэнхдээ л албан тушаалтанд хахууль өгч л авсан байгаа шүү дээ. Тэгвэл уг хуулийн төслөөр албан тушаалтанд хахууль өгч газар авдаг бүх зам хаагдана.

Иргэд зах зээлийн үнээр газраа худалдана гэхээр хахууль авч, газраа худалддаг хэсэг бүлэг, хахууль өгч газрыг зах зээлийн үнээс доогуур үнээр худалдан авдаг этгээдүүд хохирох гээд байгаа болохоор л газрын шинэчлэлийн эсрэг байгаа юм.

Газрын корпораци байгуулна гэдэг дээр хувь гишүүний ашиг, сонирхол бий эсэхэд та ямар хариулт хэлэх вэ? Тус корпорацийн эрх хэмжээг хэр зохистой тусгасан бэ?

Газар гэдэг бол Монгол Улсын хамгийн том баялаг. Газрыг хамгаалан, нөхөн сэргээж, зөв менежмент хийх ёстой. Газрын менежмент хийхдээ яам, агентлагийн газрууд авлига, хүнд сурталгүй ажиллах бүрэн боломжтой.

Газрын корпораци гэдэг байгууллага нь цэвэр бизнесийн талаас ажиллах зохицуулалтыг хуулийн төсөлдөө тусгасан. Гэхдээ хэлэлцүүлгийн явцад тус биржийн үйл ажиллагааг яаж ч зохицуулж болно.  

Уг хуулийн төсөл өмнөх парламентын үед ч яригдаж байсан санагдана. Тэгвэл өнгөрсөн оны 12 дугаар сард өргөн мэдүүлсэн төслөө өмнөхөөс нь өөрчлөв үү?  

Хуулийн төслийг улам боловсронгуй болгож, дахин өргөн барьсан. Нийгмийг донсолгох хэмжээнд маргаан, шүүмжлэл дагуулж шийдэгддэг асуудлуудын нэг бол иргэн бүрт газар өмчлүүлэх юм. Үүнийг амархан бүтчихнэ гэж бодохгүй байна. УИХ-ын нэг, хоёр бүрэн эрхийн хугацаанд шийдэгдэнэ ч гэж байхгүй.

Гэхдээ би үүнийг бүтээхийн төлөө явна. Монгол Улсын иргэний язгуур эрх ашгийн төлөө тэмцэж байгаа учраас дэмжих хүн олон гарах байх гэж бодож байна. Уг нь бол хамгийн тэргүүн ээлжинд батлагдах ёстой хуулийн төслүүдийн нэг гэж үзэж байна.

Зөвхөн ухаант ард түмэн л тайван замаар өөрчлөлт хийж чаддаг. Л.Болд

ОДООГИЙН БҮРДСЭН ПАРЛАМЕНТ ҮНЭМЛЭХҮЙ ОЛОНХДОО ДУЛДУЙДАЖ, АЛДААГАА ДАВТАЖ БОЛОХГҮЙ

Та сөрөг хүчний хувьд ч тэр, хувь гишүүний хувьд ч тэр Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгохын төлөө, ААН-ийг татварын бодлогоор дэмжих тухай, ахмадуудын тэтгэвэр, тэтгэмжийн талаар удаа дараа хүчтэй байр сууриа илэрхийлж байсан. Гэхдээ эдгээр нь төрийн бодлогод тэр бүр сууж чадсангүй. Та энэ байдлыг хэрхэн хүлээж авав?

Эрх баригч нам, сөрөг хүчний ялгаа л энэ шүү дээ. Би бол үгээ хэлнэ. Байр сууриа илэрхийлнэ. Тэмцэнэ. Энэ тэмцэл нэг өдөр нэг үг хэлснээр дуусчихгүй. Аажим аажмаар үнэн ялна гэдэгт огт эргэлзэхгүй байна. Цаашид улс орон хөгжлийн зам руугаа орно. Харин түүний хөрс суурийг тавьчихлаа гэж харж байна. Бусад хүн ч гэсэн тэгж харах хэрэгтэй.

Энэ парламентын онцлогийг та юу гэж харж байна? 2016 он сонгуулийн жил байсан учраас харьцангуй “чих зөөлөн” байсан байж болох. Тэгвэл 2017, 2018 онуудад улс төрийн үйл явц яаж өрнөх бол?

Нэг талаар энэ удаагийн парламент бол нэг нам хэт давамгайлсан, ойрын ирээдүйд дахин ийм зүйл бүү давтагдаасай гэж бодогдохоор зүйл болсон. Бид ийм үр дүнд хүрнэ гэж бодоогүй. Гэхдээ ийм зүйл болдог л юм байна. Нөгөө талаар УИХ, Засгийн газар алдаа хийх юм бол ард түмэн хариуцлага тооцож чаддаг юм байна гэдгийг улстөрийн хүчнүүдэд энэ сонгууль ойлгуулсан байх.

Одоогийн бүрдсэн парламент үнэмлэхүй олонхдоо дулдуйдаж, 2000-2004 онд гаргасан алдаагаа давтаж болохгүй. АН ч гэсэн цөөнх гэж зүгээр суулгүй, ард түмний олонхийн дэмжлэг авснаа ухамсарлах хэрэгтэй. Чухамдаа яг үүн шиг тэнцвэргүй парламентад зөвшилцлийн зөв зарчим баримтлах юм бол цаашид хөгжлийн зөв замаар явах боломж бий. Хэрэв ингэж чадахгүй бол энэ дөрвөн жил үр дүнгүй өнгөрч, хөгжлийн хувьд хэдэн жилээр ухрах болно.

Ер нь шинэ залуу боловсон хүчинд итгэх цаг болсон. 1921 онд Монгол Ардын төрийг байгуулахад байдал ямар байв. Өнөөгөөс дор л байсан байх. Гэтэл Амар, Намнансүрэн, Цэрэндорж гээд олон зүтгэлтэнд ард түмэн итгэл олгосноороо төрүүлсэн. Өнөөгийн улс төрийн залуу хүчний байр суурь, чин эрмэлзлийн тухайд тайлбарлах нь бараг илүүц биз. Ардчилал, зах зээлийн тогтолцоог авчирсан хувьсгалт чанартай хариуцлагаас халшраагүй сөрөг хүчин өнөөдөр энэ тогтолцооны хэвийн хариуцлагаас ухрах үндэс байхгүй. /Л.Болд, Ардын эрх, 1996.06.21/

УИХ-д хэд хэдэн бизнесийн төлөөлөл орж ирсэн. Та ч бас өмнө нь бизнесмен байсан хүн. Ер нь улстөрд бизнесийн төлөөлөл орж ирэх нь хэр зөв гэж үздэг вэ?

Бизнесийн төлөөлөлгүй парламент гэдэг бол маш ядуу, явцуу, бодлогын хувьд алдаатай байх болно. Парламентад нийгмийн бүх чиглэл, давхаргынхан бүрдэж байж, ард түмнээ бүрэн төлөөлж чадна. Цаашид ч энэ зарчмаар яваасай гэж хүсч байна. Миний хувьд Монгол төрийн бодлого, зарчим, үнэт зүйлсийг баримталсаар ирсэн. Цаашид ч ингэж ажиллах болно. Үе үеийн парламент бол тухайн нийгмийнхээ тусгал байдаг.

Ардчилсан намын шинэчлэлийн тухай хүчтэй яригдаж байна. Ардчилсан намын даргын сонгууль боллоо. Өрнөж буй үйл явцууд АН-ыг шинэчлэхэд хэр түлхэц болж байна вэ?

Нийгэм нам гэхээр зөвхөн даргыг ойлгодог. Бусад нь амьгүй албат мэт тогтолцоо амь бөхтэй оршиж ирлээ. Сонгодог утгаараа намын дээр гишүүн байдаг. Ингээд гишүүд дундаасаа намын даргаа сонгодог тогтолцоо нь хамгийн зөв зүйтэй юм шиг санагдаж байна. Харин намын даргын сонгуулийг хэр үнэн, шударга явуулахаас намын ирээдүй шалтгаална.

Энэ ч үүднээс Монголын Ардчиллын нэгдэл /МоАН/ гэж жилийн өмнө байгуулж, ардчиллаа зөв авч явах, Ардчилсан намын шинэчлэлийг зөв хийхийн төлөө ажиллаж байна. Энэ нэгдэлд намын гишүүн, нийгэм, улс төрийн зүтгэлтнүүд хүчин зүтгэж байна. 

1990 оны 2 дугаар сарын 17-нд Монголын Ардчилсан нам байгуулагдсанаа зарлалаа.


Ард түмэн цагаан цаас биш

Одоогийн залуучуудыг даргын цүнх барьж яваад дарга, УИХ-ын гишүүн болчихлоо гэж шүүмжилдэг. Зарим залуу гишүүнийг харахад намын дэргэдэх залуучуудын байгууллагыг түшиглэж, улстөрд орсон байх юм. Энэ нь хэр зөв замнал юм бол? 

Шүүмжлэлтэй санал нэг байна. Гэхдээ тэр хүн улстөрд орьё, улстөрд тууштай зүтгэе гэж бодож байгаа бол Монгол Улсаа бүхлээр нь харж чаддаг байх ёстой. Залуу улстөрчдийн 50 хувь нь хөдөө, орон нутгаас буюу амьдрал дундаас гарч ирж байна. Эдгээр залуус төв суурин газрын соёл, боловсролд суралцаж, улмаар Монгол Улсаа бүхлээр нь харах чадамжтай болдог. Гэтэл нөгөө талд зөвхөн хотод өсөж төрөөд, хотод боловсрол эзэмшиж, хотод ажилласан байдаг.

Даргын цүнх барьж, өөрөө хэсэг хугацааны дараа хурган дарга болдог, улмаар дэвшсээр парламентад суух жишээтэй. Энэ бол маш осолтой.

Зөвхөн хотод өсөж, төрж, амьдарсан хүүхэд хэзээ ч улс орноо бүхлээр нь харж чадахгүй. Социализмд сайн, муу бүх юм бий. Гэхдээ миний ойлгож байгаагаар амьдралд минь хамгийн хэрэг болсон зүйл бол сургуулиа төгсөж, хөдөө нэг жил барилгын туслах, дараа жилээс нь жинхэнэ барилгачнаар ажиллаж байлаа. Ингэж амьдрал дунд орж ажилласан нь улс орноо бүхлээр нь харахад маш том дөхөм болсон гэж боддог.  

Би Монгол Улсын бүх аймаг, сумдаар томилолтоор явж байлаа. Гэхдээ даргын хувиар биш энгийн ажилтны хувиар шүү дээ. Ингэж хуримтлуулсан мэдлэг, туршлага хүний амьдралд маш их хэрэг болдог. Тиймээс үнэхээр улстөрд орьё гэж бодож байгаа ийм шалгуурыг тавих ёстой.

Энэ шалгуурыг хангахуйц боловсон хүчнийг бүх нам бэлдэх ёстой. Нэг суманд жил ажиллуулахын хажуугаар намын дэргэдэх байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй ажилласан байх хэрэгтэй. Хэрэв ийм шалгуурыг даваагүй бол аль ч шатны сонгуульд нэр дэвшүүлдэггүй байх ёстой.  

Суманд ажилласныхаа дараа аймагт ажилла, дараа нь нийслэлд ир. Орон нутагт ажиллаж үзээгүй байлаа гэхэд жилийн 365 хоногийн 100 хоногт нь хөдөө, орон нутагт томилолтоор ажиллуулах ёстой. 

Хүний амнаас сонссон, эс бөгөөс орчуулгын буюу гадны бодлого оруулдаг дарга нар жилээс жилд улам нэмэгдвэл нийгмээ сүйрүүлнэ шүү дээ. Одоо бол том сургууль төгсөж үү, том дарга дагаж уу гэдгийг хараад байна. Ингэвэл худлаа болно.

Ард түмний үр сад-оюутнууд аминцар, хувиа хичээсэн хэсэг бүлэг байж яавч таарахгүй. Өнөөдөр хуучны адил дээдсүүдэд амь нас, хөрөнгө баялаг, оюун ухаан бодол, сэтгэл бүхнээ даатгаад амирлангуй суух аргагүй гэдгийг хэн хүнгүй ойлгох болжээ. Л.Болд
Хүн бүрт зорилго, мөрөөдөл бий. Хаана хүрэх вэ гэдгээ ч харсан байдаг. Тэгвэл таны улстөрийн карьер хаана хүрэх бол?

Түүнийг сонгууль л шийднэ. Улстөрч хүнийг хэн зогсоодог вэ гэхээр ард түмэн л зогсоодог. Улстөрчийг хэн дээш нь гаргадаг вэ гэхэр ард түмэн л шүү дээ.

Тэгвэл ард түмэн л зогсоохгүй бол та өөрөө зогсохгүй гэсэн үг үү?

Ард түмэн намайг сонгосон энэ үед, цаашид ч би зогсож болохгүй биз дээ? Урдах ажлаа хийлээ. Сайн хийсэн гэж үзвэл дараагийн сонгуулиар дахин сонгоно. Муу байлаа гэж үзвэл өөр хүнээр сольж, би өөрийнхөө хийж чадах ажлыг л хийнэ дээ. Тэртэй, тэргүй ард түмэн сонгоогүй юм чинь.

Улстөрч хүний хувь заяа л энэ шүү дээ. Бүх оронд ялгаагүй. Улстөрчийн хамгийн сайхан, хамгийн шударга зүйл бол түүний ажиллах хугацааг ард түмэн зааж өгдөгт байгаа юм. Эсвэл амьдрал зааж өгдөг. Улстөрчид урт наслах нь тийм ч элбэг биш.  

Хүмүүс улстөрчдийг байнга ажиглаж байдаг. Нэр цэвэр, бохирын алин нь болохыг сайн мэднэ. Өнгөрсөн хугацаанд та хэр нэр цэвэр байж чадав?

Миний баримталж ирсэн үнэт зүйл, зарчим бол муу зүйл хийхгүй байх, өөрийн нэрээ ямагт цэвэр, ариун авч явахыг хичээж ирсэн. Хэр нэр цэвэр болохыг ард түмэн, сэтгүүлчид та бүхэн л үнэлж цэгнэх байх. Санал агуулга явуулсан ч болно шүү дээ. Миний тухай бичсэн саар зүйлсийн ихэнх л худлаа байдаг.  

Улстөрд PR тэр дундаа улстөрийн бохир технологи гэж байдаг шүү дээ. Та эдгээр технологиос өөрийн үйл ажиллагаанд хэр хэрэглэдэг вэ?

Хэн нэгний эсрэг хар PR хийж явсангүй. Улстөрийн аливаа үйл хэрэгт мөнгө зарахыг чухалд тооцдоггүй. Аль болох олон нийт, нийгэмтэйгээ ойр байхыг чухалчилдаг. Өмнө нь ард түмэн бол цагаан цаас, түүн дээр юу ч бичиж болно гэдэг байсан бол одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн. Гэхдээ үүнийг ойлгохгүй хүмүүс бас байна.  

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль 6 дугаар сарын 26-нд болохоор тов гарсан. Ерөнхийлөгчийн сонгуулиар ард түмэн яг юун дээр анхаараасай гэж хүсч байна?

Ард түмэндээ хандаж хэлэхэд ардчиллын үнэт зүйлийг харж, сонголтоо хийгээсэй гэж хүсч байна. Улс төрийн намууд ямар нэгэн булхай, луйваргүйгээр шударгаар хүнээ нэр дэвшүүлэх хэрэгтэй. Луйвраар дэвшүүлэх юм бол ард түмэн хүлээж авахгүй шүү дээ. Одоо бол УИХ, сум, орон нутагт нэг намын тогтолцоо ноёлж байна.

Тэгвэл энэ тогтолцоог тэнцвэржүүлэх хэрэгтэй байна. Гэхдээ тэнцвэржүүлж байна гээд олонх болсон улстөрийн хүчинтэйгээ “дайтаад” байж болохгүй. Үндсэн хуулиар олгосон эрх хэмжээгээ зөв хуваарилах замаар ардчиллын баталгаа болсон Ерөнхийлөгчийг сонгоосой гэж хүсч байна.  

Улстөрчийн баг өмсөж, хийрхэл дэгдээхийн оронд эхлээд өөрийгөө, өрх гэрээ, төрөө төвхнүүлж, эдийн засгийн асуудалдаа илүү анхаарахыг уриалья. Л.Болд

Ярилцсан Г.Мөнхтуяа

Зочин

Монгол улсын их хурлын гишүүн Л.Болд