О.Баасанхүү 2017.03.13 | Сайт: Мэдээ.МН

О.Баасанхүү: Намын бүлэг нь дангаараа Засгийн ажлаа хийх нь холгүй байна

О.Баасанхүү: Намын бүлэг нь дангаараа Засгийн ажлаа хийх нь холгүй байна
УИХ-ын гишүүн О.Баасанхүү

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Олон Улсын Валютын сангийн /ОУВС/ хөтөлбөрт хамрагдах нь тодорхой боллоо. Зөв, буруугийн тухайд гишүүд байр сууриа илэрхийлж байна. Таны бодлыг сонсъё?  

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахгүй гэвэл яаж шийдэх вэ. Өмнө нь энэ талаар ярьж байсан. Монгол Улс дефолт зарлалаа гэхэд Монгол Улсын өрийг бидэнд зээл өгсөн улсууд худалдаж авна. Ингээд өр барагдуулах алба гэдэг шиг бүх юмыг барьцаалж авна гэсэн үг. Тэр битгий хэл Дорноговь аймгийг авах магадлалтай. Яагаад онцгойлон ярьж байгаа гэхээр Дорноговь аймаг стратегийн, ялангуяа гадныхны сонирхлыг татдаг газар.

Ийм нөхцөлд орохгүй байя гэвэл бид өрөө төлөх ёстой. Жишээ нь, бид хоёр тэрбум ам.доллар Хятадад төлөх ёстой. Өмнө нь аваад идчихсэн юм байна лээ. Гэхдээ хэзээ, хэн авсан гэдгийг мэдэхгүй. 580 сая ам.долларын өр байна.

Энэ мэт 22 тэрбум ам.долларын өртэй байна. Багаар бодоход шүү дээ. Ийм учраас хөтөлбөрт оръё гэж байна. Тэгвэл Хятад өрөө авахаа гурван жилээр хойшлуулья гэж байна. Дээрээс нь төсвийн алдагдал хоёр их наяд хүрчихээд байна. Үүнээс хамаараад төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг яаж шийдэх юм бэ.

-Төсвийн алдагдлыг бууруулж, хэмнэх боломжгүй юү. Дэд сайдуудын зардлаас эхлээд танаж болох зардлууд юу байна вэ?

-Хэмнэлт хийх хангалттай боломж байна. Жишээ нь, хоёр нам нийлээд юм уу, гурван нам нийлээд Засаг барьж байгаа бол нам, нам бодлогоо тодорхойлох гээд 10-аас дээш яам байж болно. Гэтэл ганцхан нам байна. Ний нуугүй хэлэхэд намын бүлэг нь дангаараа Засгийн ажлаа хийх нь холгүй байна. Энэ үед 16 яамаар яах юм бэ.

Өчнөөн орлогч байна. Өчнөөн зөвлөх байна. Аймгуудын Иргэдийн хурлын дарга, Засаг дарга хоёр нь нэг, нэг зөвлөхтэй байна. Ийм юм байж болохгүй. Дэд сайдуудаа больчихьё л доо. Яамд дээр гардаг тендер, төрийн албан хаагчийн цалин, дэд сайдуудын цалин нийлээд нийт төсвийн 60 хувийг дангаараа залгиж байна. Үүнээс хэмнэлт хийх ёстой.

-Хэмнэлтийг юунаас эхлэх нь зүйтэй вэ?

-Тансаглалаасаа татгалзъя л даа. Манай тойрог дээр багаар бодоход гурав, дөрвөн тэрбум төгрөг хэмнэх боломж байна. Энийг нийт тойрогт үржүүлэхэд бараг 100 тэрбум болно. Манай Засаг дарга, ИТХ-ын дарга нар 2016 оны цоо шинэ “Лексус 570” унадаг. Энийгээ  больчих л доо. “Соната 7” унаж болно шүү дээ.

Өвөл дуудлагын машинтай байна биз. Эрдэнэт хот дотор явган алхахад ч болохоор шүү дээ. Эсвэл бүх аймгийн орлогч, зөвлөхүүдийг болих хэрэгтэй. Жишээ нь, Эрдэнэтэд зургаан тэрбум төгрөгөөр Бөхийн өргөө барина гэнэ. Хангарьд гээд спортын ордон байна. Заавал Бөхийн өргөө барих ямар хэрэгтэй юм бэ. Ийм үрэлгэн төсвөө танах хэрэгтэй.

baasanhuu

-ОУВС-гаас өөр эх үүсвэрээс зээл авах боломж байсан эсэх талаар та юу хэлэх вэ?

-Болно оо. Хамгийн гол нь хүсэхгүй байгаа юм. Жишээ нь, Тайваниас гурав, дөрвөн тэрбум долларыг ямар ч нөхцлөөр авч болно гэсэн. Үүнийг ярихгүй байгаа. Хэд хэдэн орон нийлээд та нарын яриад байгаа эх үүсвэрийг гаргая гэхэд ярихгүй байгаа. Эцсийн эцэст Монгол Улс хүчгүй байна. Мэдээж хөрш орнууд биднийг гудамжинд гаргачихгүй байх л даа. Гэхдээ нөлөөлөл нь улам нэмэгдэнэ. Ийм үед энэ асуудлыг ээлжит бус чуулганаар зориглоод ярихгүй, хүсэхгүй байна. Яагаад гэвэл үнэнтэй нүүр тулчихаад, бид одоо гарцгүй болчихоод байна.

-Ерөнхийлөгчийн сонгууль ойртож байна. Танай нам сонгуульд хэрхэн оролцохоор ярилцаж байгаа вэ?

-Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1-д суудал бүхий нам хамтарч, эсвэл дангаараа Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ гэж заасан байгаа. Дэмжиж гэж үг байхгүй. Тэгэхээр бид  Ардын намтай хамтраад дундаасаа хүн дэвшүүлж болно. Эсвэл Ардчилсан намтай хамтарч болно. Дангаараа өөрсдөө дэвшүүлж болно. Манай намын дүрмийн 3.1.14-д зөвхөн Бага чуулган Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хүнийг  шийднэ гэж байгаа. Намын бага чуулган  1/3 нь зарлан хуралдуулаад 2/3 ирц бүрдэх юм бол хуралдана. Энд намын дарга, УИХ-ын гишүүн нөлөөлөх боломжгүй. Тэр утгаараа нам өөрсдөө шийдэх байх.

-Танай намын дарга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү?

-2017 оны Ерөнхийлөгчид ямар хүнийг дэвшүүлэх вэ гэдэг дээр ард түмэн Н.Энхбаяр даргыг дэвшүүлчихгүй юм байх даа гэж ярьдаг. Би ч гэсэн тэгж боддог. Н.Энхбаяр дарга эцсийн байдлаар шийдвэрээ гаргаагүй байна гэсэн. Нэгдүгээрт, ял шийтгэлтэй тооцох гэдэг асуудал байхгүй. Өршөөлийн хуулиар Эрүүгийн хуулийн 78 дугаар заалтыг хүчингүй гээд заачихсан. Тэр заалт дээр ял шийтгэлтэй тооцох ёстой гэсэн үгийг байхгүй болгочихсон. Хоёрдугаарт, Улсын дээд шүүх энэ шийдвэрийг дахиад гаргасан. Ял шийтгэлтэй байсан гэдгээр хаалт хийх бололцоогүй. Гэхдээ ганцхан асуудал дээр санаа зовж байна.

-Юунд тэр вэ?

-Сонгуулийн хууль дээр ямар байгаа бол. Тухайн үед сонгуулийн хуулийн ажлын хэсэгт Д.Тэрбишдагва, Н.Батцэрэг хоёр орсон. Монгол Улсын Үндсэн хууль дээр Монгол Улсад байнга оршин суугч иргэнийг нэр дэвшүүлнэ гэж байгаа юм. Байнга оршин суугч гэдэг нь гадаадад зургаан сар амьдарч үзээгүй хүн байх ёстой гэж байна. Энэ нь шинэ хууль дээр ороод ирсэн. Тухайн үед ийм балай юм хийх гээд байгааг нь хэлж байсан. Үүнийг дахин лавлах шаардлагатай байгаа. Тасралтгүй зургаан сар гадаадад амьдраагүй байх. Наана нь ирж, очиж байсан гэж.