Энхбаяр.Ж 2017.03.14 | Сайт: Vip76.mn

Намрын чуулганы хамгийн тод хүн

Намрын чуулганы хамгийн тод хүн
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр

Гаднаасаа энгийн, буурьтай, төлөв харагддаг тэрээр ууж ухаан, бат журам, эрдэм билэг шаарддаг батлан хамгаалах, аюулгүй байдлын асуудалд сэтгэл оюунаа чилээдэг.

Нэгэн үе Батлан хамгаалахын сайд байсны хувьд, Монгол Улсыг батлан хамгаалах үйлсэд амьдралаа зориулсан хүний дэг сургуулиар өсөж хүмүүжин, цэргийн боловсрол эзэмшсэн хүний хувьд, улсынхаа аюулгүй байдал, гадаад бодлогыг тодорхойлцдог хүний хувьд, батлан хамгаалах салбарын төдийгүй ард олны итгэлийг хүлээсэн хүний хувьд ч тэр өнгөрсөн парламентын сүүлч, шинэ парламентын анхны намрын чуулган Ж.Энхбаярын хувьд ихээхэн ач холбогдол, үр бүтээл дүүрэн өнгөрлөө.

Намрын чуулганаар батлуулж дуусгана гэсэн хуулийн төслүүдээ батлуулсны дараах агшин

Энэ бүхэн 2015 оны 10 дугаар сарын 8-нд батлагдсан Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичигтэй шууд холбоотой. Уг бодлогын баримт бичигт УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нэгэн чухал санааг суулгаж өгсөн байдаг. Энэ нь зэвсэгт хүчин нэгдмэл байх ёстой бөгөөд тайван цагт зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын алба төрийн цэргийн байгууллагууд өөр өөрийн чиг үүргийг хэрэгжүүлж, дайны цагт нэгдсэн удирдлагатай байх нь зүйтэй гэдэг санаа юм.

Энэ санааг нэвт шингээсэн Батлан хамгаалахын багц хууль өнгөрөгч оны 9 сард батлагдсанаар хуульд нийцүүлж, салбарын бусад хууль тогтоомжийг шинэчлэх шаардлага тулгарлаа. Эдгээр хууль тогтоомжийг шинэчлэн, өөрчлөхөд улстөржилт хэрэггүй, эрүүл, эх оронч ухаанаар хандахыг Ж.Энхбаяр анхнаас нь хэлж, анхааруулж байсан.

Улсын хилийн бүс гэсэн ойлголтыг хэвээр үлдээсэнд сэтгэл амрав

Хилийн тухай, Цагдаагийн албаны тухай, Дотоодын цэргийн тухай гээд хуулийн төслүүдийг шил шилээ даран хэлэлцэн баталсан. Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эхний хувилбарт дээр дурдсан Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичгийн үндсэн санаа тусгагдаагүй байлаа.

Найруулгын шинжтэй мэт боловч хэрэв хуулийн төсөлд тодорхой тусгахгүй бол тодорхойгүй байдал үүсч, ар араасаа эрсдэл дагуулж мэдэхээр байгааг хууль санаачлагч С.Бямбацогтод учирлаж, олон удаа хэлж сануулан, уг хуулийн төслийн ажлын хэсэгт орж ажилласны үндсэн дээр “Монгол Улсын дархан хил бүстэй байна, хил хамгаалах үндсэн хүч хэрэгсэл нь хилийн цэрэг байна” гэсэн найруулгатайгаар эцэслэн батлагдсан юм.

Мөн гэрээт хилчин, хилчин, улсын хил хамгаалах байгууллага гэсэн нэр томьёог өөрчлөн тодорхойлж, хилийн хяналтын байгууллагын бүрэлдэхүүнд Гадаадын иргэн, харьяатын газрыг багтаан, хилийн цэргийн салбар нэгжийг тодорхой томьёолж, хилийн цэргийн албан хаагчийн алба хаах, эрх зүйн байдлыг Цэргийн албаны тухай, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулна гэдгийг шинээр оруулжээ.

Хилийн тухай шинэчилсэн найруулгын төсөлд орхигдуулсан нэг зүйл байгааг Ж.Энхбаяр тун соргог ажигласан гэж болно. Энэ асуудлыг хуулийн төсөл батлагдан батлагдтал ярьсны үр дүнд төсөлд тусгуулж чадсанаар түүний санаа амрав. Тэр нь "улсын хилийн бүс" гэдэг ойлголтыг төсөлд огт тусгаагүй буюу 1993 онд батлагдсан хуулийг шинэчлэх явцдаа орхигдуулсан байв. Ингэснээр хил орчимд олборлолт явуулдаг, явуулах сонирхолтой этгээдүүд ямар ч хориг, хязгаарлалтгүй болох эрсдэлтэй байсан учраас “Хилийн бүсийг улсын хилийн шугамаас 100 км-ээс илүүгүй тогтооно” гэсэн заалтыг хэвээр үлдээх санал гаргасан нь дэмжигдэж, хуульд тусгалаа оллоо.

Цагдаагийн генерал цол бий болоход өөрийн хүч, оролцоог дайчлав

Аливаа шинэ зүйл цаг хугацаа, үнэн худлын дэнсэн дээр жинлэгдсэний дүнд хэр урт удаан оршин тогтнож, хүлээн зөвшөөрөгдөх нь шийддэг. Үүнтэй адил цагдаагийн генерал цолыг бий болгож байгааг эсэргүүцэх нэгэн байхад дэмжих нэгэн ч байв.

Цагдаагийн генерал гэдэг цолыг шинээр бий болгосноор цэрэг, цагдаа гэсэн хоёр байгууллагыг нэг мөр салгаж, батлан хамгаалах, хууль сахиулах байгууллагууд бие даасан, салангид болж, тэр хэрээр хуулийн давхардал, үл ойлголцол бүр мөсөн алга болно гэж Ж.Энхбаяр үзэж байна. Ямар ч атугай цагдаагийн албыг үндсэн зургаан чиглэлд шинэчилсэн хуулийн дагуу цагдаагийн генерал цол олгох санаачилга түүний нэр дээр данслагдах боллоо.

Гамшгаас хамгаалах тухай шинэчилсэн найруулгын төсөлд засч, сайжруулах зүйл олон байсан учраас УИХ-аас ажлын хэсэг гарч, ахлагчаар Ж.Энхбаяр ажилласан юм. Мөн л дээр дурдсан Батлан хамгаалахын багц хуультай уялдах номтой уг хуулийн төсөлд Онцгой байдлын албаны эрх зүйн байдлыг тодорхой болгох, бие бүрэлдэхүүн, ажилтан албан хаагчдын нийгмийн асуудлыг сайжруулах найруулгын болон зарчмын шинжтэй саналуудыг төсөлд тусгаснаар батлагдсан юм.

Цэргийн албан хаагч тушаалаар онцгой нөхцөлд ажилладаг болохыг Ж.Энхбаяр онцолдог. Тэр ч утгаараа улсынхаа батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангахад бүх хүч, нөөц боломжоо дайчлан ажилладаг цэргийн албан хаагчид олгодог 36 сарын тэтгэмжийг танахын эсрэг хүчтэй дуу хоолой болж ажиллалаа.

Шинэлэг өнцөг барив

Тэрээр батлан хамгаалах, аюулгүй байдлын асуудлаар хүчтэй дуугардаг хүн. Түүний барих өнцөг, имиж бүрдүүлэлт нь эв нэгдэл, тусгаар тогтнолд санаа тавигч нэгний дүр юм. Энэ нь ч тун оновчтой санагдана. Гэхдээ тэр өөрийнхөө хувьд ч, бусад гишүүний хувьд ч тэр барьж аваагүй шинэ асуудал хөндсөн нь оюунлаг толгойгоо ашиглан, нийгэм, эдийн засгийн хөгжлийг урагшуулах тухай асуудал байлаа.

Мэдээллийн технологи тэр дундаа програм болон техникийн хангамжийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, ухаалаг төхөөрөмжид суурилсан апплейкшн гаргаснаар ямар их үнэ цэнэ, нэмүү өртөг бий болгох боломжтойг чуулганы танхимд илэрхийлэх болов. Тэр үе бол "Эдийн засгийг сэргээх хөтөлбөр"-ийг Засгийн газраас өргөн барьж, хэлэлцүүлж байсан үе.

Тэрээр Интернэт худалдааны хоёрдугаар чуулга уулзалтад оролцож, “Оюутолгой&Оюунлаг толгой” сэдвээр илтгэл тавилаа. “Бид чадна, хамтдаа” сэдэвт дугуй ширээний уулзалтад оролцож, мэдээллийн технологийн компаниудын удирдлагуудтай чөлөөт ярилцлага өрнүүлэв. Мөн инноваци, мэдээллийн технологийн чиглэлээр ажилладаг гарааны компаниудын төлөөлөлтэй уулзаж, тэдэнтэй санал бодлоо солилцов.

Энэ бүхний дүнд монгол контент, монгол програм хангаж, монгол технологийн чухлыг УИХ, Засгийн газарт учирлаж, “програм болон техник хангамжийн үйлдвэрлэлийг хөгжүүлнэ” томьёоллыг төрийн бодлогод суулгав. Харин тодорхой дөрвөн салбарт үйлдвэрлэл явуулж буй ААН-ийн татварыг 90 хувиар хөнгөлж, жилийн борлуулалтын орлогод нэг хувийн татвар ногдуулах бодлогод мэдээллийн технологийг тав дахь салбар болгон нэмүүлэхээр хичээн зүтгэсэн.

Ингэж уламжлалыг хадгалах, шинийг илэрхийлэх, мууг сайжруулах, сайныг өнгөлөн авч явах хүсэлтэй түүнийг цөөнгүй дэмжигч нь ирээдүйд Монгол Улсын эв нэгдэл, тусгаар тогтнолын бэлэг тэмдэг болох хүч, нөөцтэй хүн гэж үнэлж байна.  

Сэтгүүлч

"Vip expert" сэтгүүлийн редактор Г.Мөнхтуяа