О.Баасанхүү:

Дөрвөн жилийн давтамжтай гишүүн болох нь миний зорилго биш


26 минут уншина
Ярилцсан Г.Мөнхтуяа:
О.Баасанхүү: Дөрвөн жилийн давтамжтай гишүүн болох нь миний зорилго биш
УИХ-ын гишүүн О.Баасанхүү

Тэрээр үргэлж л ямар нэгэн асуудлыг хөндөн тавьж байгаа харагддаг. Энэ нь зарим хүнд тун ч мэдлэгтэй гэж харагдах бол зарим нь түүнийг юу ч мэдэхгүй байж ярьдаг хэмээн шүүмжлэх нь бий.

Эерэг, эсрэг өнцгүүдийн тэнцвэр дээр улс төр тогтдог юм болохоор энэ мэт яриа түүнийг огт шантраадаггүй. Харин ч УИХ-ын чуулганаар хуулийн төслийн үндсэн үзэл санааг гэхээсээ илүү түүний асуусан асуулт, илэрхийлсэн байр суурийг өлгөн авч хэлэлцдэг боллоо.

Ингээд түүнтэй өнгөрсөн дөрвөн жилд юу хийсэн, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотын талаар дэвшүүлж буй санаа, хувь гишүүний үүднээс бодож, санаж явдаг зүйлсийнх талаар ярилцсанаа хүргэж байна. 

Хууль санаачилж, ард түмний дуу хоолой болж ажиллалаа

2016 он таны хувьд ямар жил болж өнгөрөв?

Маш завгүй жил байлаа. Өмнөх парламентад намын жагсаалтаар гарч ирж байсан учраас сонгуулийн сурталчилгаанд гар бие оролцож байсангүй. Харин энэ удаад тойргоос нэр дэвшиж, иргэдтэй нүүр тулж уулзаж, сонгуулийн сурталчилгаа хийж явна гэдэг бол миний хувьд нилээд шинэ зүйл байлаа.

Сонгуульд нэр дэвшиж, өрсөлдөхдөө өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлаа сонгуулийн сурталчилгааны хугацаанд тайлагнах шаардлага гарсан.

18 хоногт багтаан тайлангаа тавина гэдэг том ажил байдаг юм байна.

Сонгуульд өрсөлдөхийн өмнө “Миний бие дөрвөн жил УИХ-ын гишүүнээр ажиллахдаа юу хийсэн бэ? Миний хийсэн ажил ард иргэдэд ямар өгөөж өгөв? гэсэн хоёр асуултыг өөрөөсөө асуусан. 

Гишүүнээр ажиллаад хийсэн, бүтээсэн зүйлдээ сэтгэл хангалуун байж чадсан учраас сонгуульд итгэл дүүрэн өрсөлдсөн.  

Сонгуулийн сурталчилгаа хийх явцдаа иргэд, сонгогчиддоо хандан “Би дахин сонгогдохын тулд нэр дэвшиж байгаа юм биш, харин ажлаа үргэлжлүүлж хийх зөвшөөрөл авахаар өрсөлдөж байна” гэдгээ хэлсэн.

Өөрөөр хэлбэл 2012-2016 онд хийсэн ажлыг минь үнэлж, хүлээн зөвшөөрөх юм бол сонго, хэрэв хүлээн зөвшөөрөхгүй гэвэл хийж чадах өөр хүнийг сонго гэж хэлж тайлбарлаж байлаа.

Улмаар ард түмэн надад итгэл хүлээлгэж, хийж байсан ажлаа үргэлжлүүлж хийх, илүү ихийг хийх даалгавар ногдуулсан гэж ойлгон ажиллаж байна.

Дахин хэлэхэд, 2016 он бол маш завгүй, өмнөх дөрвөн жилээ дүгнэж цэгнэсэн, ирэх дөрвөн жилд хийх ажлаа төлөвлөсөн, ард түмэндээ амласнаа биелүүлэх гарааны жил байлаа. 


Таны ажлын тайланг тойргийн иргэд чинь хүлээн зөвшөөрч, таныг УИХ-ын гишүүнээр сонгожээ. Тэгвэл олон нийтэд О.Баасанхүү өнгөрсөн дөрвөн жилд юу хийсэн нь сонин байх болов уу?

Маш олон ажил бий.

Нэгд, УИХ-ын гишүүний үндсэн ажил болох хууль санаачлах, боловсруулах ажлаа хийлээ. Миний бие 32 хуулийн төсөл санаачилж, 8 хуулийн төсөл батлуулсан байдаг. 

Хоёрт, Ард түмэндээ сануулга, сэрэмжлүүлэг багагүй хүргэлээ. Манай нам өнгөрсөн парламентад МҮАН-тай эвсэж, Шударга ёс эвсэл байгуулж ажиллаж байсан ч миний бие эвсэл доторх сөрөг хүчин болж ажилласан.

2013 онд “Эрдэнэтийн овооноос Эрдэнэт үйлдвэрийг зарах анхны хэлцэл явагдлаа” гэдгийг албан ёсоор зарлаж, хаалттай хувьцаат компани болгох тухай хуулийн төсөл боловсруулж, дараа уг хуулийн төслөө “Эрдэнэт үйлдвэрийн хаалт, хотын хөгжлийн сан” нэртэйгээр бага зэрэг өөрчилсөн.

Эрдэнэтийн 49 хувийг зарсан гэж хэлж болох 2016 оны дөрөвдүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг мэтгэлцээнд дуудаж байсныг та бүхэн сайн санаж байгаа байх.  

Гуравт, Өргөдлийн байнгын хорооны дарга байхдаа 40 мянга гаруй өргөдөл дээр ажилласан. Та бүхэн санаж байгаа бол Тавантолгойн маргааныг зөөлрүүлж, ард иргэдийн асуудлыг нааштай шийдэж өгсөн. Дорнодод зам барих ажлыг хөөцөлдөж, шийдвэрлүүлсэн.

“Зөв боломж” гэдэг байгууллагыг Авлигатай тэмцэх газарт өгч, шалгуулья гэж нилээд хөөцөлдөж байх үед намайг Өргөдлийн байнгын хорооны даргаас болиулсан. Үүнээс хойш 5 хүний амь нас эрсэдсэн хэрэг гарлаа.

Намайг Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байх үед 15 000 иргэн ажлаасаа халагдсан учраас парламентын түүхэнд анх удаа нээлттэй сонсголын танхим байгуулж, хэлэлцүүлэг хийсэн. Энэ бол ард түмэнд маш том дохио болсон гэж бодож байна.

Хилийн тухай хуулийн төслийг аймаг, орон нутгаар хэлэлцүүллээ. Мөн өмнөх дөрвөн жилд байгуулсан миний гол гавьяа бол эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийг шорон болгосныг эсэргүүцсэн явдал гэж боддог. Одоо эргээд эмнэлгийг эмнэлгээр нь авч үлдэх тухай ярьж байна шүү дээ. Мөн Тамхины хяналтын тухай хуулийн төсөл батлагдах үеэр ч байр сууриа хүчтэй илэрхийлж байсан. 

Дөрөвт, Өргөдлийн байнгын хорооны даргаас гадна Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн байлаа.

Тус байнгын хорооны гишүүн байхдаа Ази-Номхон далайн парламентын орнуудын парламентчдын дээд чуулганд гишүүнээр элсэж, одоо Дэд ерөнхийлөгчөөр нь томилогдон ажиллаж байна. 

Ер нь л өдөр бүр маш завгүй байдаг даа. Хийж байгаа ажлаараа бахархмаар байдаг ч гэсэн хэтэрхий завгүй байх заримдаа бухимдмаар байдаг. Ер нь зөвхөн ярьдаг биш хийчихээд ярь гэсэн зарчмаар л ажиллаж байна даа. 

Ази, Номхон далайн бүс нутагт 55 орон байдгаас одоогийн байдлаар уг чуулганд 46 орон гишүүнээр элсээд байна. 2016 оны 11 дүгээр сарын 9-11-ний өдрүүдэд Ази Номхон далайн орнуудын парламентчдын дээд чуулган болсон. Энэ үеэр чуулганд оролцсон гишүүн орнуудын олонхийн саналаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүг уг чуулганы Дэд ерөнхийлөгчөөр сонгосон юм.


Тэгвэл энэ дөрвөн жилд ямар асуудалд төвлөрч ажиллая гэсэн бодолтой байна?  

Уг нь бол МАН, МАХН-ынхан нэг дэмжигчидтэй.

Монгол Улсад нам, улс төрийн хүчин гэдэг бүхэл цул утгаараа биш намын нэрийг ашигладаг хүмүүс газар авчээ. “МАНАН” бүлэглэл бидний толгой дээр гарчихаад байна.

Би анх гишүүн болохдоо л хэлж байсан. Монголд коммунизм бий болгочих вий, хэт дарангуйлал ноёлох вий, хэлмэгдүүлэлт бүү болоосой гэж. Тиймээс УИХ-ын гишүүн болсны хувьд ард түмнийхээ туг нь болж, иргэдээ өмгөөлөх болно. Болохгүй байгаа нэгэнд ташуур өгье, болгож байгаа нэгнийг нь дэмжиж ажиллая гэсэн бодлого барьж байна.

Эхнээсээ хичээл чармайлтын минь үр дүн ч гарч байна. Намайг УИХ-ын гишүүн болоход анх Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь, 51 хувь гээд маргаж л байсан. Одоо 49 хувь нь 51 хувийнхаа толгой дээр гараад суучихсан, ард түмэн айдастай байна. 

Өнгөрсөн парламентын үед Орос сургууль хаагдах нь, Эрдэнэтийн соёлын төв хаалгаа барих гэж байна, Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байсан мянга мянган хүн ажилгүй болох гэж байна гэсэн цуурхал газар авч байхад УИХ-ын 68 дугаар тогтоол гээч чинь Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг үнэгүйдүүлж байна шүү дээ гэж анх чуулган дээр ам нээж байлаа. Үүнийг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж өлгөн авч, Эрдэнэтийн асуудлаар тууштай дуугарах боллоо. Ингэж уг тогтоолд байсан зарим нэг алдааг засуулсан.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль байна. Өмнөх хуулийн төслийг дагалдах хуулиудтай хамт буцааснаар шинээр өргөн барьсан хуулийн төсөл нь хий хоосон, хиймэл болсон байсан. Тиймээс энэ чиглэлээр зөв дуугардаг хүмүүсийг цуглуулж, лобби бүлэг байгуулан, мэргэжлийн холбоодыг ажиллуулж, боловсруулсан саналуудаас 70 хувь нь одоогийн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд тусгалаа олсон юм. 

УИХ-ын чуулганы ирц бүрдэхгүй байгаад эрс шүүмжлэлтэй хандаж, олон нийтийн анхаарлыг үүнд хандуулсны эцэст ирцийн хувь харьцангуй өслөө. Монгол Улсын эдийн засаг хүндрэлтэй байна, сэргэхгүй байна гэдэг. Гэтэл эдийн засаг сэргэхгүй байгаагийн гол шалтгааныг тодруулах ёстой шүү дээ. Асуудлыг цогцоор нь авч үзэх ёстой.

Хэрэв эдийн засаг сэргэхгүй байгаад тогтолцооны алдаа байгаа бол засах ёстой. Энэ ч утгаараа Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулах ажлын хэсэгт орж ажиллан, батлуулсан.

Өмнөх парламентад Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд харьяалагддаг байсан бол одоо шинээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүнээр ажиллаж байна. Ингэснээр тойргийн иргэдийнхээ тулгамдсан асуудлыг шийдэх, төсөв хөрөнгийг нь улсын төсөвт суулгах боломжтой болж байна.

Тойргийн иргэд маань О.Баасанхүү гэдэг хүнийг сонгосноороо хохирч болохгүй. Намайг хавчин, ганцаардуулдаг шигээ тойргийн иргэдийг минь хавчин, гадуурхахыг би хүлээн зөвшөөрөхгүй. Тухайлбал, манай тойргийн Шанд баг дээр худаг байдаггүй байсан. Хүн бодоход жижиг асуудал мэт боловч иргэдийн ая тухтай байдал алдагдаж байна гэдэг утгаараа уг асуудлыг хөөцөлдөж, худагтай болгож өгсөн.

Эрдэнэт үйлдвэрийн хаалт, хотын хөгжлийн сангийн тухай Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн бариад байна. Уг тогтоолын төслийн агуулга, үзэл баримтлал маш энгийн.

Эрдэнэт үйлдвэрийн 51 хувиас 100 сая ам.доллар, 49 хувиас 100 сая ам.доллар нийт 200 сая ам.долларын хөрөнгөтэй хөгжлийн сан байгуулья гэж байгаа юм. Мөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болох 5+10 хувиас тодорхой хувийг хөгжлийн сандаа төвлөрүүлье гэсэн санаа. 


Эрдэнэт үйлдвэр хэзээ нэгэн цагт хаагдах жамаараа хаагдах болно. Байгалийн баялаг барагдана. Байгалийн баялаг дуусах нь 10-уу, 20-уу, 30 жил үү, мэдэхгүй юм. Эрдэнэт үйлдвэр ажилласаар байвал сангийн хөрөнгө өссөөр байх болно. Сангийн хөрөнгө нэмэгдсээр байвал Эрдэнэт үйлдвэр хаагдлаа ч өөр үйлдвэр байгуулж болно.

Эрдэнэтийн ирээдүйг хөгжлийн сан л аварна гэж үзэж байгаа юм.

Тэрнээс биш Эрдэнэтийн ирээдүйг 51 хувийнхан аврахгүй, Эрдэнэтийг 49 хувийнхан авч явахгүй. Тэд ашгийн төлөө л ажилладаг. Тиймээс Норвегийн баялгийн сантай адил хөгжлийн сан байгуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл батлуулах нь миний хамгийн том зорилго. Би ганцаараа байна. Гэхдээ хийнэ.

Эрдэнэт үйлдвэрийн хаалт, хөгжлийн сангийн тухай гэхээр эхлээд сонсоход шинэлэг, алсыг харсан, зөв бодлого юм шиг ойлгогдлоо?

Өнөөдөр 51 хувь, 49 хувийн тухай маргаан өрнөж байна. Монгол Улс 49 хувийг худалдаж авах ёстой байсан уу, үгүй гэсэн асуулт урган гарч байна. Худалдаж авах ёстой байсан гэж бодьё л доо. Гэхдээ үнэгүй авахгүй. Мөнгөөр л авна шүү дээ. Нэгэнт мөнгөөрөө худалдан авсан юм чинь ард иргэдэд үнэгүй тараахгүй нь ойлгомжтой. Худалдаж таарна.

Тэртэй, тэргүй Монголын төр Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг эзэмшсээр байж, дахин 49 хувийг эзэмшилдээ авах шаардлагагүй.

49 хувиар дамжуулж хөрөнгө оруулалт татах хэрэгтэй шүү дээ. УИХ-ын зарим гишүүн Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувьцаа хэлбэрээр нийт ард иргэд тараах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Ингэж хавтгайруулан тараалаа гээд үнэгүйдэхээс өөр замгүй.

Харин тэрний оронд хоёр талаасаа хариуцлага хүлээж, хөгжлийн санд хөрөнгө төвлөрүүлээч л гэж хүсээд байгаа юм. 100, 100 сая ам.доллар нийлээд 200 сая ам.доллар гэдэг бол зүгээр ч нэг бодож олсон тоо биш. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг 400 сая ам.доллараар үнэлж байгаа юм бол Эрдэнэт үйлдвэрийн 1/5-ийг Эрдэнэтчүүдэд зориулья гэсэн санаа.

Энэ хэмжээний мөнгийг хөгжлийн санд төвлөрүүллээ гээд Монголын төр, хувийн хэвшил хохирохгүй. Эцсийн эцэст хэний ашгаас хүртэж байгаа хүн юм бэ ард түмэн /Эрдэнэтчүүд/-ий хөрөнгөөс л хувь хүртэж байгаа шүү дээ. Хэрэв Эрдэнэт үйлдвэр хаагдвал хэн хохирох вэ? Эрдэнэтчүүд хохирно. Тиймээс иргэдийн амьдралын баталгааг хангах үүднээс Эрдэнэт үйлдвэрийн хаалт, хөгжлийн санг байгуулах нь зүйтэй гэж үзэж байна.

“Эрдэнэт хот нь анх 1974 онд уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-т ажиллах боловсон хүчнүүд илгээлтээр очиж, улмаар тус үйлдвэрийг дагаж хот болон хөгжсөн түүхтэй бөгөөд Монгол Улсын гурав дахь том хот юм.

Эрдэнэт хотын хүн амын 50-аас дээш хувь нь Эрдэнэт үйлдвэрт шууд болон хамааралтай ажил хөдөлмөр эрхлэн, орлого олдог тул уг үйлдвэр хаагдсаны дараа Эрдэнэт хот эдийн засаг, нийгмийн хувьд оршин тогтнох нөхцөл бололцоог хангах шаардлага тулгарч байна.

Дуусашгүй баялаг, хаагддаггүй үйлдвэр гэж байдаггүй тул Эрдэнэт үйлдвэрийн хаалтын үед Эрдэнэт хотын экологийн орчин, хүн амын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг хүндрэлээс хамгаалахад зарцуулах зорилго бүхий санг бий болгон, уг үйлдвэрийн орлогын зохих хэсгийг хуримтлуулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.” (Эрдэнэт үйлдвэрийн хаалт, хотын хөгжлийн сан байгуулах талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалаас)

эрдэнэт үйлдвэртэй холбоотой надад хувийн ямар ч ашиг сонирхол байхгүй

Эрдэнэт үйлдвэрийн талаар мэдээлэл хийж байх үеэр

Тогтоолын төсөлдөө сангийн удирдлага хэн байх, сангийн хөрөнгийг хэн захиран зарцуулах, зарцуулалтад хэн хяналт тавих зэргийг зохицуулж өгсөн үү?

Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг өмчлөгч нь Засгийн газар. 49 хувь нь хувийн компани. Тогтоолын төсөлд зааснаар бол УИХ-аас Засгийн газарт чиглэл өгөх ёстой. Засгийн газар, 49 хувийг эзэмшигч хувийн хэвшилтэй зөвшилцөж, сангийн дүрмийг батлах юм.

Монголын төр Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг эзэмшиж байгаа тохиолдолд үлдсэн 49 хувийг эзэмшиж буй хувийн компанийн үйл ажиллагаанд шууд хөндлөнгөөс оролцож болохгүй. Өмнө нь ОХУ-ын Ростех компани эзэмшиж байхад болохгүй байсан. Одоо бүүр ч болохгүй. Харин Засгийн газар тэр хувийн компанитай зөвшилцөж болно. 

Хөгжлийн сангийн дүрэм, дагалдах бусад журмыг Засгийн газар боловсруулах юм. Сангийн дүрэм, журмыг би өөрөө боловсруулчихаж чадна л даа. Гэхдээ Үндсэн хууль, олон улсын гэрээний дагуу УИХ-аас Засгийн газарт чиглэл өгөх үүрэгтэй. Тэрнээс хувийн компанид чиглэл өгнө гэж байхгүй.

Монголын төр Эрдэнэтчүүдийг, Эрдэнэт хотоо хамгаалах ёстой. Үйлдвэр, уул уурхай дагасан хот эцсийн эцэст эмгэнэлтэй байдалд ордог.

Үйлдвэр бол байгалийн баялгаа дагаад жам ёсных. Хотын амьдрал, хотын иргэд бол мөнхийнх. Тиймээс хотын иргэдийн амьдралыг баталгаажуулья гэвэл хөгжлийн сантай л болох хэрэгтэй.  


Та яриандаа хоёр талаас 100, 100 сая ам.доллар нийлүүлээд зогсохгүй ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс тодорхой хувийг санд төвлөрүүлье гэлээ. Ингэвэл Эрдэнэт үйлдвэрийн улсын төсөвт төвлөрүүлдэг орлогоос  багасах юм биш үү?

Татвар ногдуулалтад тэгш эрхийн зарчим үйлчлэх ёстой. Эрдэнэт үйлдвэрээс 5+10, Оюу толгойгоос 5 хувь байж болохгүй. Оюу толгойн далд уурхай ашиглалтад орохоор олборлолт нь улам нэмэгдэх бол Эрдэнэт үйлдвэрээс олборлодог түүхий эд, бүтээгдэхүүний хэмжээ улам багасна. Тиймээс улсын төсөвт төвлөрүүлдэг татварын ачааллыг бууруулахаас өөр арга байхгүй. 

Оюу толгой ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 5 хувь төлж байгаа бол Эрдэнэт үйлдвэр адилхан 5 хувийн татвар л төлдөг байх ёстой. Оюу толгой гэж байдаггүй байсан бол Эрдэнэт үйлдвэрээс 5+10 хувиа авдагаараа авья.

Тухайн үед ОХУ-д өгөх ногдол ашгаа багасгахын тулд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээгээ ашигт малтмалын дэлхийн зах зээл дэх үнэ, борлуулалтын хэмжээтэй уяж, 5+ гэдэг төлбөрийг авч эхэлсэн.

Тэгвэл өнөөдөр Эрдэнэт үйлдвэр 100 хувь Монголын талд шилжсэн бол улсын төсөвт төлдөг татварын хувь хэмжээнээс тодорхой хувийг хөгжлийн санд төвлөрүүлэх нь зөв.  


Оюу толгой ч гэсэн шавхагддаг баялгийн уурхай шүү дээ?

Ний нуугүй хэлэхэд, Эрдэнэт үйлдвэртэй харьцуулахад уурхай хаагдлаа гэхэд ард нь үлдэх хохирол харьцангуй бага.

Оюу толгой бол Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байдаг орд. Уг ордыг дагаж хот суурин байгуулагдаагүй. Угаасаа л хүн зон амьдарч ирсэн суурин газар. Харин Оюу толгойд ажиллаж байгаа хүмүүс бол энд, тэндээс ирсэн хүмүүс.

Эрдэнэт үйлдвэрийн тухайд Эрдэнэт хотдоо байгаа хүмүүсийн ирээдүй яригдаж байгаа юм. Эрдэнэт үйлдвэр хаагдах тэр үед хотын амьдрал зогсох гээд байна. Тиймээс Эрдэнэт үйлдвэрийн хаалт, хотын хөгжлийн санг хуульчлахгүй юм бол Эрдэнэтчүүд хэцүү байдалд орно. Би УИХ-ын гишүүний хувьд Эрдэнэтчүүдийнхээ өмнөөс дуугарах үүрэгтэй.  

Эрдэнэтчүүд ирээдүйдээ тань шиг санаа зовниж байгаа болов уу?

Мэдэхгүй л дээ. Миний санаа бол Эрдэнэт үйлдвэрийн 51, 49 хувийг эзэмшигчид ээ! Хотын иргэдээ хамгаалсан сан байгуулаад өгөөч гэж байгаа юм. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь ОХУ-ын талд байхад хөгжлийн сан байгуулах хэрэггүй байсан. Учир нь нэг талд нь Монгол Улсын Засгийн газар, нөгөө талд нь ОХУ-ын Засгийн газар.

Хэрэв Эрдэнэт хот дампуурах гээд байвал ОХУ-ын талаас нөхөн төлбөр, татаас олго гэж шаардах байсан. Хүн өөрт ашигтай юмаа зардаггүй л байхгүй юу.

Но-той учраас л Монголын талд зарчихаж байгаа юм. Үнэндээ ОХУ-ын тал хариуцлагаас мултарч байгаа хэрэг.  

Эрдэнэт үйлдвэр хаагдах тэр үед ОХУ-ын талынхан бид Монголын талд хямд үнээр худалдсан, одоо бидэнд энэ асуудал хамаагүй гэж ярих болно шүү дээ. Тиймээс л Эрдэнэт үйлдвэрийн 51, 49 хувийг эзэмшигчид зөвшилцөж, хөгжлийн сан байгуулаад өгөөч. Хөгжлийн сан байгуулах санаачилга, эцсийн шийдвэр нь О.Баасанхүүгийн нэрээр байна уу, О.Содбилэгийн нэр дээр байна уу, Д.Дамба-Очирын нэртэй байна уу, бүүр МАН, Ерөнхийлөгчийн нэр дээр байна уу, хамаа алга. Гол нь уг тогтоолын төслийг л баталчих хэрэгтэй байгаа юм. Ийм санал санаачилгад автор болох нь миний эцсийн зорилго биш. Энэ бол Эрдэнэтчүүдийнхээ төлөө хийж буй буян. Энэ хөгжлийн сан Эрдэнэтчүүдийн амьдралын баталгаа болно.

“Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн үйлдвэрийн хаалттай холбоотой харилцааг “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулиар зохицуулж байгаа тул зөвхөн “Эрдэнэ үйлдвэр” ХХК-ийн үйлдвэрийн хаалтын үйл ажиллагаанд тусгайлан зориулсан хууль тогтоомж батлах шаардлагагүй гэж үзэж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт уурхайн хаалтын эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр хуулийн төсөл боловсруулж батлуулах талаар тусгагдсан бөгөөд Засгийн газраас Уурхайн хаалтын тухай хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэж байгаа тул дээрх саналыг УИХ-аар хамтад нь хэлэлцэн шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэж байна.” (Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдааны 48 дугаар тэмдэглэлээс)


Улстөрчид бол ашиг сонирхлын эрэмбэ дараатай байх ёстой. Улс орныхоо эрх, ашгийг тэргүүн ээлжинд тавих ёстой гэдэг. Тэгвэл уг тогтоолын төсөлд О.Баасанхүүгийн хувийн ашиг сонирхол шингээгүй гэдгийг яаж нотлох уу?

Ямар ч ашиг сонирхол байхгүй. Байсан бол би Орхон аймгаас нэр дэвшихгүй шүү дээ. Би тухайн үед Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг халз мэтгэлцээнд урьж байсан. Та Эрдэнэт үйлдвэрийг зараагүй гэдгээ нотол, би зарсан гэдгийг чинь нотольё гэж. Гэтэл Ч.Сайханбилэг мэтгэлцээнд ирээгүй.

Хамгийн харамсалтай нь би ганцаараа. АН-ынхан болохоор Эрдэнэтийн 49 хувийг Монголдоо авчирсан, бид гавьяатай хүмүүс гэдэг. Уучлаарай, ард түмэн /Монголдоо/-д авчирсан уу, албан тушаалтанд өгсөн үү? гэдэг тэнгэр, газар шиг ялгаатай.

Тиймээс манай намын бодлого гэж хэлээд ч хамаагүй хөгжлийн сангийн тухай тогтоолын төслийг минь баталж өгөөч гэж хүсч байгаа юм.

Тэрээр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг 2016 оны гуравдугаар сарын 12-ны 19 цагт Монгол Улсын халз мэтгэлцээнд дуудаж байжээ. Энэ товоо 14 хоногоор хойшлуулж, 23-н болгосон ч мэтгэлцээнд оролцоно, оролцохгүй гэдгээ хариу мэдэгдээгүй байдаг.

Танд автор нь хамаагүй, батлуулах нь чухал юм бол УИХ, Засгийн газарт нөлөөлөхүйц хэн нэгнээр төслөө зүтгүүлэх ёстой юм биш үү?

Зөндөө л хэлсэн шүү дээ. Миний тогтоолын төслийг баталчих юм бол намд чинь элссэн ч яахав гэж хүртэл хэлж үзлээ. Эцсийн эцэст МАНАН-д иргэн яах нь сонин биш. Тэдэнд эрх мэдэл сонин байна. Ард түмэн тэдэнд эрх мэдэл олгодог гэдгийг мартчихаад байна шүү дээ.

Хэрэв Монголоо бодож сэрдэг чинь үнэн юм бол өнөөдөржингөө Монголоо бодож ажиллаач. Эх оронч бодлого гэдэг бол иргэдээ бодсон бодлогыг л хэлнэ. Эх оронч хүн гэж эх орноо боддог бодлоготон байж, иргэн төвтэй төрийн тогтолцоог хэрэгжүүлэх ёстой. Энэ нь Эрдэнэт үйлдвэрээс эхлэх ёстой юм.  

Хөвсгөл аймаг дээр би бас нэг бодлого яриад л байдаг. Нөхдүүд авч хэлэлцдэггүй. Хөвсгөл далайд яагаад хүмүүс живж үхээд байна вэ? Аюултай гэдгийг нь мэдэхгүйдээ алтан амиа алдаад байна уу? Үгүй шүү дээ. Зам товчлох гэж явдагаасаа л болдог. Тэгвэл нэг уул сэтлээд асфальтан зам тавьчих юм бол Хөвсгөл аймаг хөгжинө шүү дээ.

Далайд түшиглэсэн, Байгаль нуураас дутахааргүй орчин бүрдүүлж, эдийн засаг, худалдаа, аялал жуулчлалын хот болох боломж Хөвсгөлчүүдэд байна.

Гэтэл үе, үеийн дарга нар үүнийг хийдэггүй. Би уг нь Хөвсгөлийн хүн юм биш л дээ. Гэхдээ очиж хэлэхээс гэж бодож байна. (инээв)


Цаг минут бүрийг алдалгүй ашиглахыг хүсдэг

Ази Номхон далайн орнуудын парламентчдын дээд чуулганы үеэр

Энэ ярианаас улбаалж асуухад УИХ-ын гишүүн гэдэг улс орны хэмжээний асуудлуудад анхаарал хандуулах нь зүйтэй байх л даа. Гэхдээ таны хувьд дэндүү олон асуудлыг хөндөж, ярьдаг. Яаж энэ олон асуудлаар зэрэг зэрэг дуугараад байдаг юм бэ?

Энэ бол багийн ажиллагаа. Би бол зүгээр л хуульч, өмгөөлөгч хүн. Миний ард бат ажилладаг багийнхныхаа бэлдэж өгсөн материалд үндэслэж л дуугардаг. Жишээ нь, Хилийн боомтын тухай хуулийн төсөл ярихаар та хил мэдэхгүй байж гэдэг. Тэгвэл хилчид өөрсдөө надад санаа, оноо хэлж өгдөг. Гадаадын иргэн харьяатын асуудал хөндөгдлөө гэхэд хариуцсан байгууллагаас нь тодорхой мэдээлэл авдаг. 

Хүн мэдэхгүй юмаа ярьж болдоггүй юм байна гэдгийг нэг, хоёр удаагийн тохиолдлоор ойлгосон. Мэдэхгүй ярих үнэхээр ичмээр. Одоо бол мэддэг байхын тулд уншиж, судалж байна. Ямар сайндаа манай найзууд чиний үс ямар их унаж, халзарч байна аа гэдэг. (инээв)

Үнэхээр ард түмний төлөө ажиллаж байгаа бол гоо сайхан харагдах нь сонин биш болчихоод байна. Миний өрөөнд, миний ширээн дээр хичнээн олон ном товхимол, материал, бичиг баримт байгааг харж байгаа биз дээ? Энэ бүхэн намайг ажиллуулж байна. Бас тойрогтоо ажиллах хэрэг гарна.  

Саяхан шөнийн 12 цаг өнгөрч байхад над руу Эрдэнэтээс нэг хүн залгаад “Нийгмийн даатгалын тухай хуулийн төсөл яг юу болчихов оо” гэж асуудаг юм байна. Тэгэхээр нь би “Эгч ээ, цаг хэд болж байна?” гэж асуулаа. “12 цаг өнгөрч байна гэхээр” нь “Өдөр нь үү, шөнийн нь үү? Та өглөө залгаж болох уу? гээд утсаа тасалсан.

Энэ мэтчилэн шөнийн 12 цагт хүртэл над руу хүмүүс утасддаг. Ингээд бодохоор миний хувьд асар ачаалалтай ажилладаг. Сард багаар бодоход тойрог руугаа гурван удаа явдаг. Нэг удаа явахад хоёр талдаа 700 орчим км зам туулдаг. Зуны дэлгэр цагт долоо хоног болгон явахаас өөр аргагүй байдаг.

Яагаад гэвэл маш олон хүн гишүүн хэзээ ирэх вэ? гэдэг. Зарим нь бүүр төрийн одон авч өгсөнгүй гэж хүртэл уурладаг. Зарим нь болохоор төрийн шагнал үнэгүйдүүлж, олон хүн шагналаа гэдэг. Гэтэл би амьдралдаа нэг ч хүн шагнаж үзээгүй. Харин өргөдөл, бичиг цаасных нь араас хөөцөлцөж гүйдэг. 40 жил багшилсан ч Боловсролын тэргүүний ажилтан авч үзээгүй багш нар зөндөө байна. Энэ бүх асуудлыг зохицуулах үүднээс маш завгүй ажилладаг. Эхнэр, хүүхэд, эцэг, эхээ хайхралгүй зүтгэж байна шүү дээ.  


Одоо эргээд бодоход би ер нь өмгөөлөгчөөрөө л ажиллаад явдаг байж гэсэн бодол төрөх юм уу?

Ядрах үе бол бий. Насны хувьд хөгширч, өтөлсөн юм алга. Ид хийж, бүтээх насан дээрээ байгаа учраас хийх зүйл их байна. Аливаа зүйлээс халширч, шантардаг нас минь өнгөрсөн. Ямар 50, 60-тай биш, 20, 30-тай ч биш. Би хийхгүй бол хэн хийх билээ. Одоо хийхгүй бол хэзээ хийх юм бэ? гэдэг шүү дээ.

Надад олдсон цаг, минутаа үр бүтээлтэй ашиглаж, эргээд үр хүүхэд, ард түмэндээ үзүүлэх юмтай баймаар байна шүү дээ. Хожмын өдөр Эрдэнэт хотын гудамжаар алхаад явж байхад “Ишшш! Энэ нэг амьтан манайхаас сонгогдчихоод идэж, уухаас өөр гавьтай хийсэн юм байхгүй” гэж хэлүүлмээргүй байна. Үр минь үлдэх хорвоо шүү дээ.

Хүмүүс үнэн учрыг нь мэдэхгүй байж, зохион байгуулалттайгаар тараасан мэдээлэлд итгэчихдэг. Нэг инээдтэй ч юм уу гэмээр юм ярья л даа. Намайг хэсэг бүлэг хүмүүс Санта гэж нэрлэсэн байдаг. О.Баасанхүү байр бэлэглэнэ гэнэ, О.Баасанхүү бүх айлд нүүрс өгч байгаа, О.Баасанхүү бүх хүнийг ажилтай болгох юм гэнэ гээд. Мэдээж би энэ бүхнийг хийж чадахгүй. Чадахгүй учраас О.Баасанхүүд худалч гэдэг нэр зүүлгэх жишээтэй.   

Эрдэнэт хот том хоттой харьцуулахад жижиг учраас энэ мэт яриа маш хурдан газар авдаг. Ямар сайндаа миний талаар яриа гарангуут андашгүй миний утсанд дуудлага тасардаггүй. Гэхдээ тэр хүмүүст хэлэхэд “Ард түмнийг битгий бас л даа”.

Би Эрдэнэтчүүдэд байр өгөх ёстой гэсэн зарчмын асуудал л хөндөж тавьсан юм. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын тал худалдаж авснаар тус үйлдвэрт ажиллаж байсан Орос мэргэжилтнүүд нутаг буцна.

Тэдний амьдарч байсан орон сууцыг худалдах хэрэггүй. Харин Эрдэнэт үйлдвэрийг анх босголцсон ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс авах ёстой гэж үзсэн. Тиймээс орон нутгийн Засаг дарга, ИТХ-ын даргад миний энэ саналыг дэмжиж, тогтоол гаргаж өгөхийг хүссэн юм.   

Нэгэнт орон нутгийн өмчлөлд шилжүүлэн авч чадвал хотын эмзэг бүлгийн иргэдийг  0 төгрөгийн түрээсээр амьдруулмаар байна. Ахмадын түрээсийн орон сууц гээд 200 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа хүнээс сард түрээсийн төлбөрт 150 мянган төгрөг авчихаар яаж сарын хэрэглээгээ хангах юм бэ? Би ийм л байр суурь илэрхийлсэн.

Үүнийхээ хариуд “Худалч Санта” гэдэг нэр зүүсэн. 300 хүнийг ажилтай болго гээд байгаа нь Орос мэргэжилтнүүдийн оронд орон нутгийн иргэдийг ажлын байраар ханга гэсэн санаа юм л даа.

Зарим хэсэг бүлэгт хүний нэр төрийг гутаан, доромжлохоос өөр хийдэг ажил алга. Ажлаараа уралдья гэхээр нэг ч хууль санаачилдаггүй. Ажилдаа ирдэггүй. Тэд чинь ард түмнээ өмөөрснийхөө төлөө нэг ч удаа заналхийлэлд өртөж үзээгүй хүмүүс байхгүй юу. 


Өдөрт та хэдэн цаг ажилладаг вэ?

Янз бүр л дээ. Ердийн цагийн хуваариар бол өглөө найман цагт ажилдаа ирдэг. Ажилдаа ирэх замаараа кофе авдаг. Ажил дээрээ ирээд кофе уунгаа надад хандаж ирсэн хүсэлт, өргөдөлтэй танилцаж, өдөр тутмын сонингууд гарчигладаг.

Чуулгантай өдөр бол чуулганы танхим руугаа ордог. Чуулгангүй өдөр байнгын хороо, ажлын хэсгийн хуралдаанд суудаг. Зав чөлөөгөөр нь иргэд, сонсогчидтойгоо уулздаг. Ихэвчлэн 17 цагт ажил дуусдаг.

Маргаашийн ажлаа төлөвлөх, судалгааны багтайгаа уулзах, тойргийн асуудал юу байгааг судлах, ажлын биелэлт зэргээ хянаж үзнэ. Ингэсээр байгаад орой 20 цаг, 20:30 цагаас гэртээ орж ирнэ дээ.

Гэртээ ирэхэд охин минь намайг хүлээгээд унтаагүй байж байдаг. Ингээд орой 11, 12 цаг гэж унтана даа. Орой эрт унтаагүй хүүхдээ өглөө сэрээх гэж нилээн юм болно. Охин минь орой унтаж байгаа нь надаас болдог учраас заримдаа охиныгоо унтсаны дараа очих амар байдаг. (инээв)


Их ажлын дараа гэртээ ороод очиход “Аав аа” гээд тосоод гүйж ирэх мөчид өдрийн бүх стресс хаашаа ч юм бэ замхардаг шүү дээ?

Тийм шүү. Эхнэр маань надтай адилхан хуульч мэргэжилтэй. Бид энгийн л нэг гэр бүл. Гэхдээ улстөрч, УИХ-ын гишүүн хүний хувьд гэр бүлээ яриад суух нь зохимжгүй гэж боддог.

Би явган алхах дуртай. Суугаа ажилтай болохоор болж л өгвөл хөдөлгөөнтэй байхыг хүсдэг. Бас алхаж явахад их олон зүйл харж, анхаарч, олон ч юм бодогдоно.

Гудамжаар алхаж явахад утаа үнэхээр сэтгэл эмзэглүүлж, санаа зовоодог. Би гэр хороололд өссөн. Тэр үед нүүрсний утаа үнэртдэг байж. Одоо бол нүүрс ба бусад утаа болчихоод байна. Утаанд арын хаалга байхгүй. 


Энд нэг зүйлийг тодруулахад, утаа таны сэтгэлийг хамгийн их эмзэглүүлж байгаа зүйл мөн үү?

Утаа, гэр бүлийн хүчирхийлэл, архидалт, залуучууд элдэв бусын зүйлд донтох зэрэгт миний сэтгэл маш их эмзэглэдэг.

Энэ парламентад Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд харьяалагдаж байгаагийн хувьд өнгөрсөн жилүүдэд нийгмийн бодлого алдагдаж ирснийг ойлгосон. 175 тэрбум төгрөг зарцуулчихаад байхад утаатай амьдарна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Аймшигтай биш гэж үү?

Нөгөө талаас архидалттай тэмцэх ёстой юм уу? Архичинтай тэмцэх ёстой юм уу? Яагаад хүмүүс архи уугаад байгаа юм бэ? Ажилгүй болохоор л архи уудаг. Ажил олоод өгөөч гэхээр олж өгдөггүй, олдоггүй.

Жишээлбэл, цэвэрлэгч ажилд авахдаа эхний гурван сар харж, туршилтаар ажиллуулна гэдэг. Туршилтын хугацаанд 300 мянган төгрөг авна. Жинхэлсэн бол 400 мянган төгрөгийн цалинтай гэдэг.

Ингээд харахаар ажилтан шалгаруулж байгаа процесс нь олон шат дамжлагатай, шударга мэт боловч захирал, дарга бол сорилтод орохгүйгээр шууд томилогддог. Ингэж хуулийг сонголттой хэрэглэж болохгүй шүү дээ.

Та, бид хоёрт хууль хуулиараа үйлчилнэ. Бусдад нь биш. Гишүүн болохоос өмнө нэг бодлын амар байж дээ. Хааяа пиво уучихна. Гудамжаар найз нөхөдтэйгээ инээж, хөхрөөд явдаг байж. Одоо хэрэв тэгээд явах юм бол нэр төрийг минь гутаан доромжилж, хэн ч биш болгоно шүү дээ. 


Хар бараан сэдвээр биш ярилцлагаа гэгээлэг өнцгөөр үргэлжлүүлье л дээ. Тэгвэл нийгэмд хамгийн болж, бүтэж буй зүйл гэвэл та юуг хэлэх вэ?

Хэвлэл мэдээллийн салбар, сэтгүүл зүй нэг хэсэг хэдхэн хүний мэдэлд байлаа. Одоо сошиал медиа хөгжиж байгаа учраас хүн бүр худал, үнэн эсэхийг ялгахыг хүсдэг болж. Улс төр таны амьдралаар оролдохгүй бол та улстөрийг сонирхох шаардлагагүй.

Гэхдээ улстөрчид хүмүүсийн амьдралд хөндлөнгөөс оролцоод байгаа учраас ард түмэн хүссэн хүсээгүй улс төр сонирхож байна. Үүнийг зөв гэж бодож байна.

Жил ирэх тусам худлаа ярьдаг хүмүүс багасна. Жил ирэх тусам юм хийдэггүй хүмүүс жийгдэнэ. Жил ирэх тусам ард түмнийг цагаан цаас гэж үздэг тогтолцоо алга болно. Ингээд бодохоор бидний ирээдүй өнгөлөг бөгөөд гэгээлэг харагдаж байна.  

Монголчууд ядуу гэж ярьдаг. Үгүй шүү дээ. Монгол бол маш баян улс. Тавантолгойг зараад л 60 тэрбум ам.доллар олчихож чадна. 60 тэрбум ам.долларын хөрөнгөтэй бол 10-хан жилийн дотор эдийн засгаараа дэлхийд тэргүүлэгч 30 улсын нэг болж чадна.

Найман хотод цогц бодлого явуулснаар мөрөөдлийн мэт хөгжил бодит болж болно. Ард түмнийг 100 хувь сэтгэл тэнүүн явуулах бодлого манай нам, манай намын дарга, намын гишүүдэд бий.

Ард түмэн дөрөв, дөрвөн жилийн зайтай сонголтоо хийдэг. Ардчилсан орон учраас энэ зарчим үйлчилсээр байх болно. Би ард түмэндээ итгэдэг учраас ирээдүйг гэрэлтэй харж байна.



Д.Нацагдорж: “Эрүүл бол ирэх жилийн наадам үзнэ” гэж хэлсэн байдаг. Улс төр, эдийн засгийн хямрал, агаарын бохирдол гээд бүх зүйл болж, бүтэхгүй байгаа мэт хандлагаар хандаж, өөрсдийгөө битгий өвтгөөсэй гэж хүсч байна. Хэрэв та өвдчих юм бол тэд ялчихаж байгаа юм. Та өвдлөө гээд тэд өвдөхгүй. Та зовлоо гээд тэд зовохгүй.

“Тэд” гэдэг нь эрх баригчдыг хэлээд байна уу?

МАНАН бүлэглэл. Тэд үр хүүхдээ гадаадад сургуульд явуулчихна. Өөрсдөө утаанаас зугтаана. 12 сард гадаад руу явах нислэгийн тийз маш бага олддог. Яагаад гэвэл тэд гадаад руу явж, шинэ жилээ тэмдэглэдэг. Утаанаас зугтаадаг. 


би намдаа нэр хүндтэй

Намын дарга, удирдлагуудтай

Ярианыхаа сэдвийг бага зэрэг өөрчлөөд О.Баасанхүүгийн талаар ярилцья л даа. Та өөрийгөө хэн гэж дүгнэх вэ? Хүмүүс таныг хэн гэж хардаг бол? Энэ хоёр тодорхойлолт хоорондоо хэр огтолцох вэ?

Хүмүүс намайг хэн гэж хардаг тухай би бодож байгаагүй. Би хүн төрөлхтний нийтлэг зарчимд нийцэж амьдрахыг л хүсдэг. Хүн бүр хүүхдээ битгий хулгайч болоосой гэж боддог. Хүн бүр хүүхдээ ухаантай, эрдэм номтой, сайн хүн болоосой гэж хүсдэг. Хүүхэд нь өөрөө ухаантай, эрдэм номтой болохын төлөө хичээдэг.

Хүн бүр өөр өөрийн өнцгөөс намайг дүгнэж байгаа. Тэр дүгнэлт нь надад тэр бүр нөлөөлөхгүй. Яагаад гэвэл би хэн нэгэнд таалагдах гэж амьдардаггүй. Би зөв талд зогсохыг эрхэмлэдэг. Зөв талд зогсохын тулд зөвхөн зарчим ярихыг хүсдэг.

Намайг УИХ-ын гишүүн гэдгээр биш хийсэн зүйлээр маань дурсаасай гэж бодож ажиллах ёстой юм. 

Өнгөрсөн хугацаанд амьдралдаа хамгийн их орхигдуулсан зүйл гэвэл юуг хэлэх вэ?  

Үнэндээ гэр бүлийн амьдралаа эрт зохиож, хүүхэд маань өдийд 20 хүрчихсэн байвал илүү гоё байх байж дээ гэж хааяа боддог. Манай ангийнхан дотор 22-тойдоо хүүхэдтэй болчихсон, одоо хүүхэд нь 20 хүрч яваа хүмүүс байна л даа. Одоо хүүхэд маань жаахан байна. Тиймээс үр хүүхэд, үр хойчийнхоо төлөө илүү ихийг хийх ёстой юм байна гэж боддог. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөлд идэвхтэй ажиллаж, санаа оноогоо нэмэрлэж байсан маань ч үүнтэй холбоотой. Хүүхдийн ирээдүйг баталгаажуулахын төлөө чанга дуугарах ёстой гэж боддог.   

Таны амьдралын хамгийн том мөрөөдөл, зорилго гэвэл?

Хүн үхэхээс битгий ай, харин зорилгогүй амьдрахаас ай гэж би хэлэх дуртай. Үхэл аймшигтай зүйл биш. Харин зорилгогүй амьдарч, үхэх нь аймшигтай. Миний ойрын зорилго бол 2020 онд 20 зөв хүнийг парламентад оруулах. 


Эдгээр 20 хүн дотор та өөрөө багтах уу?

Үүнийг ард түмэн шийднэ. Хийж чаддаг, зөв хүмүүс ажиллаж л байвал би заавал тэдний дунд байх ёстой гэхгүй. Би УИХ-ын гишүүн болж үзлээ. Одоо дахиад дөрвөн жил парламентад сууна.

2012 онд гишүүнээр сонгогдоод удаагүй байхдаа энэ тухайгаа Английн парламентч найз руугаа захиа бичлээ. Парламентын гишүүнээр 5 удаа сонгогдсон хүн л дээ. Тэр надад баяр хүргэх болов уу гэж бодсон ч тэгээгүй. Харин тэрээр “Би парламентын гишүүн болсноор хүүхдээ “алдсан”. Хүүхдээ яаж өсөж торнин, том болсныг анзаарсангүй. Хүүхэд маань өөр хүн болсныг мэдээгүй. Хүүхэд минь надаас холдож байгааг анзаараагүй өнгөрүүлж” гэж захиандаа бичсэн байдаг.

БНСУ-ын ерөнхийлөгч болоход тун ойрхон байсан, рейтингээрээ тэргүүлж байсан улстөрч гэнэт парламентын гишүүнээсээ огцрох болсноо мэдэгдсэн. Тэрээр хүүхдийнхээ хурим болоход гэр бүлийн амьдралаа, үр хүүхдээ ямар их орхиж байснаа ойлгож, цаашид гэр бүлдээ цаг гаргах үүднээс ийм шийдвэрт хүрсэн байдаг.  

Ингээд бодохоор үнэндээ парламентад 20, 30 жил сууж байгаа хүмүүсийг гайхдаг. Би тэд нар шиг болохыг хүсдэггүй. Сонгууль болгоноор гишүүн болохын төлөө зүтгэх сонирхол надад байхгүй. Өмгөөлөгч хүний хамгийн том зэвсэг бол нэр хүнд. Тиймээс 4 жил гишүүнээр ажиллалаа. Буцаад өмгөөлөгчөөрөө ажиллахад болохгүй юм байхгүй.  

Гэсэн ч саяны сонгуулиар надад нэр дэвшихээс өөр арга байгаагүй. Өмнөх парламентад Эрдэнэтчүүдийг “үнсэнд хаясан шалз шиг” хаяхыг хараад үнэндээ тэсээгүй болохоор Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг мэтгэлцээнд дуудсан. Ч.Сайханбилэг мэтгэлцээнд ирээгүй.

Дахин гишүүн болж, Эрдэнэтчүүдийн төлөөх тэмцлээ үргэлжлүүлье гэж бодсон хэрэг.

Энэ парламентаар Эрдэнэт үйлдвэрийн хаалт, хөгжлийн сангийн тухай УИХ-ын тогтоолын төслөө батлуулмаар байна. Хэрэв энэ зорилгоо биелүүлчих юм бол заавал УИХ-ын гишүүнээр дахин сонгогдох шаардлага алга.  


Хүн нэг зорилгоо биелүүллээ гээд хангадаггүй дараа, дараагийн зорилго ар араасаа ундардаг шүү дээ?

Улстөрчид ер нь гурваас дээш удаа парламентад сууж яах юм бэ?

Хүн 60 насаллаа гэж бодоход идэвхтэй амьдралынхаа тэн хагасыг энэ ордонд өнгөрөөнө гэсэн үг шүү дээ. Гэхдээ үнэхээр юм хийдэг бол өөр.

Төрд ажиллах нь миний зорилго биш. Миний мөрөөдөл бол Киргизистан, Узбекстан, Хойд Солонгост ч юм уу очиж, хүмүүнлэгийн ажил хийх. Тэнд очоод хэцүү амьдралтай хүний амьдралыг өөрчилж, удирдагч болгох юмсан гэж мөрөөддөг. 

Намаа төлөөлж, парламентад ганцаараа сууж байгаа хүний хувьд намдаа нэр хүндтэй биз?

Намдаа нэр хүндтэй байлгүй яахав. “Алтан соёмбо” гэж намынхаа хамгийн дээд шагналыг авлаа. Ийнхүү дорно дахины төр, улс үндэстний бэлгэдлийг өөртөө багтаасан бэлгэдэл бүхий шагналаар шагнуулсандаа баяртай байдаг.

Би намдаа нэр хүндтэй. Нэр хүндтэй байна гэдэг тэр нэр хүндийг даах өндөр хариуцлага давхар оногддог. Тиймээс тэрхүү хариуцлагыг даах юмсан гэж боддог. 


Соёмбын дээд талын гал нь айл өрх, улс хотлоороо өнгөрсөн-одоо-ирээдүйд үүрд мандан бадрахыг, нар сар нь Монголын ард түмэн цэцэглэн хөгжихийг, гурвалжин нь сум мэт хурц, эрэмгий байхыг, дундах загас нь өнөр өтгөн, сонор соргогийг, хажуугийн босоо шугам нь хэрэм мэт бат бөх байхыг, бам үсэг нь арга билэг хослохыг, доорх бадам нь язгуурын төр шашнаа мандуулан хөгжүүлэхийг бэлгэддэг. 

Намын даргатайгаа хэр ойр харилцаатай байна? Намын дарга танд чиглэл өгдөг үү?

Манай намын дарга бол Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч байсан хүний хувьд асар их туршлага, мэдлэгтэй, Монгол төрийн төлөө санаа зовниж явдаг. Тэр ч утгаараа олон санал, санаачилга түүнд бий. Эдгээр санал, санаачилгыг би өөрийн үйл хэрэгтээ тусгаж явахыг эрмэлздэг.

Дарга, цэрэг гэхээсээ илүү миний бодлоор бид хоёр ах, дүүгийн сайхан харилцаатай.

Би тэр хүний өмгөөлөгч байлаа. Дараа нь өмөөрөгч нь болсон. Одоо парламентад суудал бүхий намын гишүүн нь болсон байна. Энэ нь манай намын дарга намайг залж, чиглүүлж байсантай шууд болон шууд бус холбоотой. 

Чуулган дээр “Би ер нь МАН-ын гишүүн шүү дээ” гэж ярьж байсан. Үүнийг МАХН-ынхан яаж хүлээж авсан бэ?

МАН-ын жирийн гишүүд цагтаа МАХН-ын гишүүн явлаа. МАХН-ын жирийн гишүүд МАН-ын гишүүн байсан.

Миний гол санаа бол бид нэг түүхтэй, нэг зорилготой, нэг хараатай учраас улс орныхоо сайн сайхныг бодоод нэгдэж, нэг зорилгын төлөө явах ёстой гэж боддог. 

Нэгдэж, эвсэх нь зүйтэй гэж үзэж байна уу?

Нэгдэж, эвсэх нь зүйтэй шүү дээ. Ер нь задарч, бутрах дэмий. Харамсалтай нь дээд удирдлагуудын хувьд бодлогын чиглэлүүд нь дэндүү өөр. Жишээлэхэд, оюутнуудад зээл өгье гэдэг бодлогыг МАН гаргаж байна. МАХН бол оюутнуудаа үнэгүй сургах бодлого барьж байна.


О.Баасанхүү: Би МАН-ын жирийн гишүүдэд “МАХН-даа буцаад хүрээд ирээч, бид чинь нэг нам шүү дээ, 1996 онд даргыгаа түшсэн шигээ одоо түшье л дээ. 2020 онд МАХН-аас 20-уулаа ороод улс орноо хөгжүүлье. Өмнөх жилүүдэд МАН-д нэгдэж, 2016 онд 65-уулаа болсон бол 2017 онд МАХН-д нэгдэж, 2017 онд Ерөнхийлөгчтэй больё л доо гэж уриалмаар байна.

Ярилцсанд баярлалаа.