Нямбаатар.Х 2017.03.20 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

“Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн танилцуулга” сэдэвт хэлэлцүүлэг болов

“Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн танилцуулга” сэдэвт хэлэлцүүлэг болов

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос  (2017.03.17) Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн танилцуулга” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав. Хууль зүйн үндэсний хүрээлэнд болсон уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар болон Ажлын дэд хэсгийн гишүүд, хууль хэрэгжүүлэх, хууль сахиулах байгууллагын төлөөллүүд оролцлоо.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн танилцуулгыг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр хийсэн юм. Тэрбээр танилцуулгадаа, өнөөгийн байдлаар манай улсад зөрчлийг шалган шийдвэрлэх чиг үүргийг хэрэгжүүлэгч субъектууд болон тэдний эрх, үүрэг, хэрэгжүүлэх арга хэмжээг Захиргааны хариуцлагын тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хуулиас гадна Гаалийн тухай, Татварын ерөнхий хууль, Өрсөлдөөний тухай зэрэг салбар тус бүрийн хуулиар зохицуулж байна.

Энэ нь хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг бий болгож, улмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг харилцан адилгүй хэрэгжүүлэх, журмаар хүний эрхийг хязгаарлах зэргээр хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхагдахгүй байх Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан хүний эрхийг хангах явдал гажуудах нөхцөлийг бүрдүүлж байна.

Иймд дээрх асуудлыг зохицуулах зайлшгүй шаардлагыг харгалзан үзэж, зөрчлийг шалган тогтоох ажиллагааны явцад хүний халдашгүй эрхийг хангах, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудын эрх хэмжээг нэг стандартад оруулж хуульчлах зорилгоор Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын конвенц, гэрээний суурь зарчимд нийцүүлэн хуулийн төслийг боловсруулсныг дурьдлаа.

УИХ-ын гишүүн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар, “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар зөрчилд хамааруулахаар томъёолсон 600 гаруй нэр төрлийн зөрчлийг үйлдсэн этгээдийг шалган шийдвэрлэж, шийтгэл ногдуулахтай холбогдсон харилцааг зохицуулж байгаа юм” гэж онцоллоо.

Хуулийн төслийн танилцуулгын дараа Санхүүгийн зохицуулах хорооны Захиргаа, удирдлагын газрын орлогч дарга, судлаач Б.Батзориг “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн онол-бусад орны туршлага” сэдвээр илтгэл тавив.

Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогчдын асуултад УИХ-ын гишүүн, хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр болон Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны Ажлын албаны ахлах зөвлөх Б.Баасандорж нар хариулт өгч, санал солилцсон юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.