Чойжилсүрэн.Б 2017.03.24 | Сайт: Vip76.mn

Нэмэх дохио өгсөн төсвийн тодотголын төсөл

Засгийн газраас Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Төсвийн тодотголд юу юу багтсан талаар багцлан хүргэж байна. 

  • Архи, тамхины онцгой албан татвар, импортын тамхины гаалийн албан татварыг нэмэх
  • Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг хуульд заасан хязгаарт багтаан нэмэх
  • Суудлын автомашины онцгой албан татварыг нэмэх
  • Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгож нэмэх
  • Нийгмийн даатгалын сангийн шимтгэлийг нэмэх
  • Хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулах
  • Төрийн албан хаагчийг цомхотгохоос зайлсхийх
  • Төрийн албан хаагчдын одоо авч буй цалингийн хэмжээг хэвээр хадгалах, ажлаасаа гарсан хүний оронд хүн авахгүй байх
  • Хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт олгох, ирээдүйд нөхөн олгохгүй байх
  • Зорилтот бүлгийн өрхөд хүнс тэжээл олгох, нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг нэгтгэх
  • Шинээр батлагдсан зарим хуулийг буцаах

Өмнө нь хэд хэдэн төрлийн татвар нэмэх тухай асуудал ярьж байсан бол тэр ёсоор таван төрлийн татварыг нэмэх, хадгаламжийн хүүний орлогод татвар ногдох тухай төсөлд тусгажээ. "Нэмэх 5" гэж тодорхойлж болох уг төсвийн төсөл УИХ-ын 2017 оны хаврын чуулганы анхны хэлэлцэх асуудал болж байна.

Ирэх долоо хоногийн Даваа гараг буюу 4 дүгээр сарын 3-нд чуулган нээж, энэ өдрөө намын бүлгүүд хуралдаж, Мягмар, Лхагва гарагт байнгын хороодоор хэлэлцэж, Пүрэв гарагт 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх юм. 

Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаас өөр гарц олоогүй, бидэнд үнэхээр өөр сонголт байхгүй байгаа учраас энэ оны төсвөө тодотгож, уг хөтөлбөрт хамрагдах асуудал УИХ-аар эцэслэгдэх нь. Хэлэлцүүлгийн үеэр Засгийн газар нилээдгүй шүүмжлэлд өртөх нь дамжиггүй.

Гол нь нийгэмд татвар нэмэх дохио өгч байгаа нь нэг талаас ард иргэд хэрэглээнээс давсан хэрэгцээгээ хянаж, орлого олж л байгаа бол татвар төлдөг, их олохын хэрээр илүү татвар төлдөг зарчимд шилжих бол нөгөө талаар орлогоо нуун дарагдуулах, татвараас зайлсхийх алхам хийж болох юм.

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn