Болд.Л 2017.03.27 | Сайт: Vip76.mn

40 хувьд нь олгохгүй гэв үү?

Өнгөрсөн долоо хоногийн ажлын сүүлийн өдөр буюу 3 дугаар сарын 24-нд өргөн барьсан Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буюу төсвийн тодотгол энэ болоод ирэх долоо хоногийн гол сэдэв байх нь.

Төсвийн тодотголын төслийн агуулгатай танилцахад анхаарал татах хэд хэдэн зүйл байсныг бид өмнө нь мэдээлж байсан. Таван төрлийн татвар нэмэх болон шинэ төрлийн татвар бий болгох, төсөвт хүндрэл учруулахуйц зарим хуулийг буцаах тухай төсөлд тусгажээ.

Тэгвэл төслөөс анзаарвал зохилтой нэг зүйл байгаа нь "Хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт олгох, ирээдүйд нөхөн олгохгүй байх" тухай юм. Засгийн газар “Хүүхдийн мөнгө”-ийг өрхийн орлогоос хамаарч ялгавартай олгох тухай шийдвэр гаргаж, түүнийгээ УИХ-аар дэмжүүлсэн. Тодруулбал, 

УИХ-ын 2016 оны намрын чуулганаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байх үеэр энэ асуудал сөхөгдөж, сөрөг хүчний ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан ч олонхийн саналаар хүүхдийн мөнгийг 60 хувьд нь бэлнээр, 40 хувьд нь бэлэн бусаар буюу 2019 онд нөхөж олгохоор шийдвэрлэсэн юм.

Асуудал юунд байна гэвэл анхнаасаа ямар үндэслэл, тооцоогоор айл өрх, хүүхдүүдийг 60/40 гэж ялгасан нь тодорхойгүй, үнэмшил муутай буюу 40 хувьд нь эдийн засаг сайжрахаар олгоно, одоо банкны бичилтээ хийлгээд яв гэсэн Засгийн газар, Сангийн яамны сайд тайлбарласанд байгаа юм. Тэгвэл одоо энэ шийдвэрээсээ буцах гэж байна уу?

Тухайн үед УИХ-ын гишүүн Л.Болд "40 хувьд нь 2 жилийн дараа олгоно гэж хүүхдүүдийг хуурч байна, айл өрхүүдийг хөргөгчтэй, хөргөгчгүйгээр нь ялгаж байна, өөр ямар ч зардлыг танаж болно, харин хүүхдийн мөнгийг бүгдэд нь олго" гэх зэргээр шаардаж байсан ч тусыг эс олов. Харин одоо түүний хэлсэн үг батлагдаж, хаврын чуулган дээр хэлэх үгтэй болж байна. 

УИХ-ын 2016 сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ, Засгийн газар эдийн засаг хямарч хүндэрсэн нь өмнөх алдаатай бодлого, шийдвэрийн уршиг гэж тайлбарлан, зарим хуулийг буцааж, төсвийн сахилга баттай байхыг илэрхийлсэн. Ингээд бондын төлбөрөө яаж төлөх вэ гэсэн асуултаас ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах тухай асуудал урган гарсан.

Уг хөтөлбөрийн шаардлага ёсоор л төсвөө тодотгохоос өөр аргагүйд хүрлээ гэсэн агуулгатай тайлбар хэлж суугаа. Угтаа бол ОУВС-гаас шаардсан, шаардаагүй эдийн засгийн үндэслэл, тооцоонд суурилсны үндсэн дээр халамжийн бодлого явуулж, тэр дундаа хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт олгоно гэж шийдчихэж болоогүй гэж үү?

Нэг талд сар бүр 20 000 төгрөг харж суугаа эмзэг ядуу өрх байхад нөгөө талд 20 000 төгрөгөөр тухайн сард дутахгүй ч ирээдүйд хүүхдийнхээ сургалтын төлбөр, бусад хэрэгцээтэй зүйлд нь зарцуулахаар хуримтлал үүсгэж байсан айл өрх цөөнгүй бий. Эдгээр айл өрхөд хуурмаг тайлбар өгөх хэрэг байсан уу?

Зөвхөн энэ жишээнээс л харахад төрийн бодлого тогтворгүй, гаргасан шийдвэр нь эдийн засгийн бодит тооцоо, үндэслэлгүй эсвэл олон нийтэд таалагдах гэсэн, түр зуурын аргацаах шинжтэй байдаг нь нотлогдож байна.

Амласандаа хүргэж байгаагаа илэрхийлэх гэсэн хуурмаг тайлбар хэлсэн, өмнөх алдаа, оноо руу буруугаа чихэх гэсэн оролдого, эдийн засгийг ингэтлээ хямарсан гэдгийг мэдээгүй гэх гэнэн төрх эсвэл ямар ч мэдлэг, мэдээлэлгүйн бодит илэрхийлэл нь хүүхдийн мөнгө олгох, олгохгүй дээр хүртэл харагдаж байх шиг.

Ямар ч атугай шийдвэрийг эцэслэн УИХ гаргана. Хэлэлцүүлгийн явцад сөрөг хүчин шүүмжлэлтэй хандах болов уу.

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn