Болд.Л 2017.04.21 | Телевиз: МҮОНТВ

“Шинэ Монголын төлөө санаачилга” байгууллагаас Монгол улсыг олон улсын тавцанд гаргах ажлуудыг хийж эхэлнэ

УИХ-ын гишүүн Л.Болд

УИХ-ын гишүүн Л.Болдын тэргүүлдэг “Шинэ Монголын төлөө Санаачилга” байгууллагаас Монгол Улсыг олон улсын тавцанд сурталчилж, харилцаа, хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр АНУ-д цуврал арга хэмжээнүүдийг зохион байгуулжээ.

Энэ хүрээнд Вашингтон хотноо сансар судлалыг хөгжиж буй орнуудад эрчимжүүлэх чиглэлээр санал солилцох уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг арга хэмжээний хүндэт зочноор Америкийн алдарт сансрын нисэгч, доктор Базз Олдрин оролцжээ. 

“Монголын цахиурын хөндий” төслийг дэмжинэ

АНУ-ын парламентын доод танхим буюу Төлөөлөгчдийн танхимын спикерээр 2007-2011 онд ажилласан Нэнси Пелоси нь тус улсын түүхэн дэх улс төрийн хамгийн өндөр албан тушаалд сонгогдсон эмэгтэй юм. Тэрээр одоо Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан намын бүлгийн даргаар ажилладаг.

Хатагтай Н.Пелоси УИХ-ын гишүүн Л.Болдыг урьж уулзах үеэрээ Монгол, Америкийн харилцаа, Монгол дахь ардчиллын төлөв байдал зэрэг олон асуудлаар нээлттэй ярилцаж “Шинэ Монголын төлөө Санаачилга”-аас дэвшүүлж буй мэдээллийн технологийн цахиурын хөндийг монголд байгуулах төслийг Калифорни мужаас сонгогдсон парламентийн гишүүн, нөлөө бүхий лидерийн хувьд тууштай дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлжээ.

“Шинэ Монголын төлөө Санаачилга”-ын дэвшүүлж буй нэг томоохон төсөл хөтөлбөр нь Монголд мэдээллийн технологийн Цахиурын хөндийг байгуулах явдал юм. Иймээс энэ чиглэлийн нэр хүндтэй их сургуулиудтай хамтарсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцохын зэрэгцээ шинэ залуу технологийн компаниудад хөрөнгө оруулдаг венчур хөрөнгө оруулагчдыг Монгол руу татах чиглэлээр идэвхтэй ажиллаж байна.