Жавхлан.Б Баттөмөр.Б 2017.04.26 | Сайт: Vip76.mn

Банкны үйлчилгээ хямдрах магадлалтай гэж хууль санаачлагч үзэж байна

Банкны үйлчилгээ хямдрах магадлалтай гэж хууль санаачлагч үзэж байна
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

Засгийн газар 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Монголын банк, санхүү, төлбөр тооцооны салбарт байгаагүй шинэ хууль гаргахаар өргөн барьсан нь Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл юм. Уг хуулийн төслийг Монголбанк боловсруулсан байдаг. 

Өнөөдрийг хүртэл, одоо ч гэсэн 1995 онд батлагдсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар банк хоорондын гүйлгээ, төлбөр тооцооны асуудлыг зохицуулж иржээ.

2002 онд нэмэлт оруулснаас өөрөөр засч сайжруулаагүй 20 орчим жил хэрэгжиж буй уг урт нэртэй хуулийн хүрээнд банк хоорондын гүйлгээ, төлбөр тооцоо нь хагас зохицуулалттай байгаа учраас шинэ хууль гаргах шаардлагатай гэж Монголбанк үзэв.

Дээр дурдсан хууль нь "Мөнгөн хадгаламж", "Төлбөр тооцоо", "Банкны үйл ажиллагаа" гэсэн үндсэн гурван бүлэгтэй бөгөөд "Төлбөр тооцоо" бүлэгт, иргэн, хуулийн этгээдийн дансыг нээж, хаахдаа ямар зарчим баримтлахыг дурдсан байна.

Цаашлаад төлбөр тооцоог бэлэн болон бэлэн бус мөнгөний төлбөр тооцоо гэж хоёр ангилан, тодорхой зохицуулалтыг энэ хуульд тусгаж өгчээ. Эндээс бэлэн бус төлбөр тооцоог төлбөрийн даалгавар, нэхэмжлэл, аккердатив, чек, вексель, төлбөрийн карт зэргээр гүйцэтгэж байна.

Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр, техник технологи шинэчлэгдэх тутамд төлбөрийн картын нэр төрөл олширч, цахим мөнгө зэрэг шинэлэг үйлчилгээг банкууд нэвтрүүлэх болсон. Тиймээс уг хуулиас "Төлбөр тооцоо" гэсэн бүлгийг ялган авч Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийг боловсруулсан байна. 

Өргөн хүрээнд банк, эрх бүхий хуулийн этгээдийн төлбөр тооцооны системтэй холбоотой асуудлыг Үндэсний төлбөрийн системийн тухай хуулиар зохицуулахаас гадна санхүүгийн удирдлагын мэдээллийн систем, санхүүгийн нэгдсэн удирдлагын системийг ч мөн зохицуулах юм. 

Үндэсний төлбөрийн системийн тухай хууль гаргаж байгаа нь банк, санхүүгийн төлбөр тооцоо, гүйлгээг хязгаарлаж байгаа юм биш харин ч өргөн боломжийг нээж өгч байна. Төлбөр тооцооны системийг техник, технологийн дэвшилтэй уяж байгаа учраас банк, санхүүгийн үйлчилгээ хямдрах магадлалтай гэж хууль санаачлагч тайлбарлалалаа. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn