Баасанхүү.О 2017.05.02 | Сайт: Vip76.mn

Эрдэнэтчүүдийг хөгжлийн сантай болгох уу?

Эрдэнэтчүүдийг хөгжлийн сантай болгох уу?
Уулын баяжуулах "Эрдэнэт үйлдвэр" ХХК

Өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэхээс хоёр асуудал анхаарал татаж байна. Нэг нь, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн талаар УИХ-аас гаргасан 2017 оны 23 дугаар тогтоолын хэрэгжилт, тус үйлдвэрийн өнөөгийн байдал бол нөгөө нь Эрдэнэт үйлдвэрийн хаалт, хотын хөгжлийн сан байгуулах талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төсөл юм.

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг төрийн өмчит үйлдвэрийн газрын статустай болгох тухай асуудлын хажуугаар "Эрдэнэт үйлдвэрийн хаалт, хотын хөгжлийн сан байгуулах тухай ярьж байгаа нь нэг талаар цагаа олсон мэт, нөгөө талаас нэн төвөгтэй асуудал мэт.

Эрдэнэт үйлдвэрийн хаалт, хотын хөгжлийн сан байгуулах санаачилгыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү гаргаж, УИХ-ын тогтоолын төсөл боловсруулан өргөн мэдүүлээд байгаа. Түүний парламентад сууж байгаагийн гол зорилго бол Эрдэнэтчүүдийг хөгжлийн сантай болгох гэж тэрээр нэгэнтээ хэлж байсан.

Эрдэнэт хот нь анх 1974 онд уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-т ажиллах боловсон хүчнүүд илгээлтээр очиж, улмаар тус үйлдвэрийг дагаж хот болон хөгжсөн түүхтэй бөгөөд Монгол Улсын гурав дахь том хот юм.

Эрдэнэт хотын хүн амын 50-аас дээш хувь нь Эрдэнэт үйлдвэрт шууд болон хамааралтай ажил хөдөлмөр эрхлэн, орлого олдог тул уг үйлдвэр хаагдсаны дараа Эрдэнэт хот эдийн засаг, нийгмийн хувьд оршин тогтноход тун хүнд байдалд орно.

“Дуусашгүй баялаг, хаагддаггүй үйлдвэр” гэж байдаггүй тул Эрдэнэт үйлдвэрийн хаагдахын цагт Эрдэнэт хотын хүн амыг нийгэм, эдийн засгийн хүндрэлээс хамгаалах, экологийн доройтолд оруулахгүйн тулд хөгжлийн сан байгуулж, тус үйлдвэрийн орлогын зохих хэсгийг хуримтлуулах хэрэгтэй гэж тогтоолын төслийн үзэл баримтлалд дурджээ.

Надад 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээс өөр арга байгаагүй. Учир нь Эрдэнэтчүүдийг “үнсэнд хаясан шалз шиг” хаяхыг хараад үнэндээ тэсээгүй. УИХ-ын гишүүн О.Баасанхүү

Тэрээр 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг “Та Эрдэнэт үйлдвэрийг зараагүй гэдгээ нотол, би зарсан гэдгийг нотольё” хэмээн халз мэтгэлцээнд дуудсан боловч мэтгэлцээнд оролцох, оролцохгүйгээ хариу мэдэгдээгүй байдаг.

Гэвч үүнээс даруй гурван сарын дараа буюу 6 дугаар сарын 28-ны өдөр Ч.Сайханбилэг “Эрдэнэт үйлдвэр 100 хувь Монголын талд шилжлээ” гэдэг мэдэгдэл хийж байсан. Тиймээс УИХ-ын гишүүн О.Баасанхүү өмнөх сонгуульд намын жагсаалтаар орж байсан бол энэ удаад Орхон аймгаас нэр дэвшин сонгогдож, Эрдэнэтчүүдийн төлөөх тэмцлээ үргэлжлүүлж байгаа нь энэ гэж тайлбарладаг.

Түүний санаа бол Эрдэнэт үйлдвэрийн 51 хувиас 100 сая ам.доллар, 49 хувиас 100 сая ам.доллар нийт 200 сая ам.долларын хөрөнгөтэй хөгжлийн сан байгуулах тухай юм. Мөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болох 5+10 хувиас тодорхой хувийг хөгжлийн сандаа төвлөрүүлэх.

Эрдэнэт үйлдвэр ажилласаар байвал сангийн хөрөнгө өссөөр байх болно. Ингээд Эрдэнэт үйлдвэр хаагдах жамаараа хаагдахад үлдэж буй ард иргэд нь амьдралын баталгаатай болно.

Эрдэнэтийн ирээдүйг 51 хувийнхан ч биш, 49 хувийнхан ч биш Эрдэнэтийн ирээдүйг хөгжлийн сан л аварна гэсэн гарцыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү олж харан, түүндээ тун итгэл үнэмшилтэй байна. Тиймээс ч өргөн барьсан төслийг нь хэлэлцэж өгөхийг чуулганы хуралдаан бүрээр гуйж, шахаж шаардсаны дүнд энэ долоо хоногийн байнгын хороо, чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд багтжээ.

УИХ-ын зарим гишүүн Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн энгийн хувьцааг нийт ард иргэд тараах хэрэгтэй гэдэг. Харин ингэж хавтгайруулан тараалаа гээд үнэгүйдэхэд л хүргэнэ.

Монголын төр Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг эзэмшиж байгаа тохиолдолд үлдсэн 49 хувийг эзэмшиж буй хувийн компанийн үйл ажиллагаанд шууд хөндлөнгөөс оролцож болохгүй. Харин Эрдэнэтчүүд, Эрдэнэт хотоо хамгаалахын тулд хувийн компанитай зөвшилцөж ёстой. Зөвшилцөх гэдэг нь дундаасаа хөгжлийн сан байгуулах гэж О.Баасанхүү яриад байгаа юм.

Хөгжлийн сан байгуулах санаачилга нь О.Баасанхүүгийн нэрээр байна уу, О.Содбилэг эсвэл Д.Дамба-Очирын нэр дээр байна уу аль эсвэл МАН, Ерөнхийлөгчийн нэр дээр байна уу хамаа алга. Гол нь уг тогтоолын төслийг л баталчих хэрэгтэй гэж тэрээр дахин дахин хэлдэг.

Тогтоолын төслийг Монгол Улсын Засгийн газар хэлэлцээгүй биш хэлэлцэж байсан. Засгийн газар 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаараа “Эрдэнэ үйлдвэр” ХХК-ийн үйлдвэрийн хаалтын үйл ажиллагаанд тусгайлан зориулж хууль тогтоомж батлах шаардлагагүй гэж үзжээ.

Одоогоор уурхайн үйлдвэрийн хаалттай холбоотой харилцааг “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулиар зохицуулж байна. Мөн Засгийн газраас "Уурхайн хаалтын тухай" хуулийн төсөл боловсруулж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн саналыг уг хуулийн төсөлд тусгаж болох юм гэж хуралдааны тэмдэглэлд дурджээ.

Эрдэнэт үйлдвэрийн хаалт, хотын хөгжлийн сан байгуулах тухай тогтоолын төслийг өргөн бариад багагүй хугацаа өнгөрч байгаа боловч УИХ хэлэлцэхээс удаа дараа цааргалж байсан ч өнөөдрөөс хэлэлцэхээр болж байна.

Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь өөрийн эзэмшилд авах хүсэлтэй төр, 49 хувиа алдахыг хүсэхгүй байгаа хувийн хэвшлийнхэн зөвшилцөж чадаагүй байгаа энэ үед хөгжлийн сан байгуулах тухай санаачилга унах уу, урагшлах уу гэдэг нь тодорхойгүй байна. 

Ямартай ч Эрдэнэт хотын ирээдүй, Эрдэнэтчүүдийн төлөө санаа тавьж, тодорхой санал дэвшүүлж буй УИХ-ын гишүүн О.Баасанхүүг "Маш чухал хүн"-ээр онцлох нь зүйтэй болов уу.

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn