Энх-Амгалан.Л Ё.Баатарбилэг 2017.05.02

Ё.Баатарбилэг: Эрүүл мэндийн салбарын бодлогын хэрэгжилт ямар түвшинд байна вэ?

Ё.Баатарбилэг: Эрүүл мэндийн салбарын бодлогын хэрэгжилт ямар түвшинд байна вэ?

Өнөөдөр /2017 оны 05 сарын 02/ Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, эрүүл мэндийн тухай хууль, тогтоомжийг боловсронгуй болгох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцэж байгаа билээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хэдэн зүйлсийг тодруулж асуусан юм.

“Өмнө нь эрүүл мэндийн салбарын бодлогын хэрэгжилтийг хангуулах тал дээр УИХ-аас ямар тогтоол гарч байсан бэ? Түүний хэрэгжилтийн тайланг салбар яамдуудаас УИХ-д өгсөн танилцуулгын талаар мэдээллийг авмаар байна.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийг боловсролын сайдын багцаас эрүүл мэндийн сайдад шилжүүлэхдээ төсвийг нь л шилжүүлэх үү эсвэл захиргаа удирдлагыг шилжүүлэх үү?”

Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан:

“Байнгын хорооноос салбар бүрийн өөрчлөлт шинэчлэлтэйгээр нилээн том ажлын хэсэг байгуулах санал гараад эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, тэтгэврийн шинэчлэл гээд нилээн олон ажлын хэсэг гарсан. Өмнө нь байнгын хорооноос эрүүл мэндийн салбарын бодлогыг боловсронгуй болгох чиглэлээр ажлын хэсэг урд нь томилогдож байгаагүй. УИХ-ын болоод байнгын хорооны тогтоолууд бас гарч байгаагүй. Энэ бол анхны тохиолдол. Гэхдээ УИХ-аас баталсан гол хуулиудын хэрэгжилтийн асуудал маш чухал.

Өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн тухай хууль, эрүүл мэндийн даатгалын тухай хууль, эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль гэх мэт эрүүл мэндийн салбарт шинэчлэлт авч ирэх хуулиуд батлагдаад гарсан. Гэхдээ эдгээр хуулийг хэрэгжүүлэх гэхээр бусад хуулиуд зөрчигдөөд байдаг асуудал гарсан. Тухайлбал эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн бодлогын асуудал, эрүүл мэндийн салбарын боловсролын асуудлыг авч үзвэл Эрүүл Мэндийн Яам, Боловсролын Яам бодлогын зүгээс хоорондоо зохицоогүй байна. Мөн төсвийн тухай хуультай зөрчилдөж буй заалтууд байна. салбар хоорондын уялдаа зохицуулалтуудыг нилээн шинэ шатанд гаргаж, хууль эрхзүйн заалтуудыг засч янзлахаар гол анхаарлаа хандуулсан” гэв.