Бат-эрдэнэ.Ж 2017.05.04 | Сайт: Vip76.mn

Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцууллаа

Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ

2017 оны 5 дугаар сарын 4 ны Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг хийж байна. 

Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг эхэллээ. Тус хуулийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа.

УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Автозамын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал, барилгын тухай, барилгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, аж ахуй үйлчилгээний тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүдийн хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдөр хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.

Эдийн засгийн байнгын хороо дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 2017 оны 5 сарын 2-ны өдрийн хуралдаанаар хийж дараах санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар танилцуулахаар шийдвэрлэлээ.

Хэлэлцүүлгийн явцад Ж.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Д.Дамба-Очир, С. Чинзориг, Д.Эрдэнэбат нар шинээр барьж байгуулсан авто зам, чанарын байгууламжын чанарын баталгаат хугацаа 2 жил байхаар, авто замын засвар ачилтыг хариуцсан байгууллагын үйлдвэрлэлийн баазыг бэхжүүлэх, судалгаа шинжилгээний ажил хийх, техник технологийг шинэчлэх, хөдөлмөрийн хяналт тавих, хөдөлгөөнт эргүүл ажиллуулах, мэргэжилтэн бэлтгэх, мэргэжүүлэх, авто замын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхийг шаардагдах зардлыг автозамын сангаас санхүүжүүлэх, автозамын техник технологийн хяналтын зөвлөх үйлчилгээний болон захиалагчийн хяналтын зардлыг тухайн автозам, замын байгууламжийн төсөвт өртөгт тусгах, автозам, замын байгууламжийн барилгын ажлын явцад зайлшгүй хийх нэмэлт ажлыг магадлашгүй ажлын зардлаас санхүүжүүлэх, автозам, замын байгууламжийн зураг төслийн алдааг зураг төсөл боловсруулсан байгууллага хариуцаж, гарсан хохирлыг барагдуулах, зураг төслийн техникийн шийдлийн талаар гаргасан дүгнэлтийн алдааг магадлал хийсэн этгээд хариуцах зэрэг асуудлуудыг төсөлд тусгахыг байнгын хорооны хуралд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ.

УИХ-ын гишүүн Л.Болд Монгол Улсын үндсэн нутаг дэвсгэр болох аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай автозамаар холбосон байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Автозамын баталгаат хугацаа 5 жил байна гэсэн саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэгийг аваагүй болно.

 Автозамын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22.5 хэсэгт заасныг үндэслэн хууль санаачлагчид буцаах нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь үзсэн.

Автозамын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг дэмжсэн, дэмжээгүйгээр нь бүлэглэн та бүхэнд тараасан.

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Автозамын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон барилгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэх зарчмын зөрүүтэй саналуудын талаар санал хурааж өгөхийг хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.