Болд.Л Баасанхүү.О Бат-эрдэнэ.Ж Л.Мөнхбаатар 2017.06.08 | Сайт: Vip76.mn

Хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулж гишүүд үг хэллээ

Хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулж гишүүд үг хэллээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2017.06.08/ эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан бөгөөд өнөөдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Прокурорын тухай хуулийн төсөл тэргүүтэй 10 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм. Хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Л.Болд, О.Баасанхүү, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нар үг хэллээ. 

УИХ-ын гишүүн Л.Болдын тухайд өнөөдөр эхэлж, дөрвөн өдөр үргэлжлэх JCI байгууллагын Ази, Номхон далайн бүсийн чуулга уулзалт /АСПАК/ Монгол Улс, Улаанбаатар хотноо болж байгааг онцлоод энэ үеэр төв талбайд газар шорооны ажил хийж байгааг буруутгав.

Дэлхийн 40 орчим орноос 3000 гаруй залуу лидер оролцож, "Дэлхий Монголд" чуулахыг эсэргүүцэн, ийнхүү газар сэндийчэж байгаагаа тайлбарлаж, улмаар Нийслэлийн Засаг дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд хамтран ирэх долоо хоногийн байнгын хорооны хуралдаанаар мэдээлэл өгөхийг шаардсан юм. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, приус машины татварыг хойшлуулах асуудлыг яаралтай шийдэх нь зүйтэй гэв. Приус машины татварыг эсэргүүцэж өөрийн машиныг шатаасан хүнийг чанга дэглэмтэй хорих ангид хууль бусаар хорихоо больж суллахыг шаардлаа.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Монгол Улсын хувьд хамгийн чухал салбар бол хөдөө аж ахуй болохыг дурдаад хэлэлцэх асуудлын эхэнд Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслүүдийг оруулж, уг асуудлыг чуулганы завсарлагаанаар байнгын хороогоор хэлэлцэн, улмаар маргааш чуулганы хуралдаанд оруулах боломоор хангаач гэв. 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар өнөөдөр Прокурорын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх бөгөөд хэлэлцүүлгийн үеэр зарчмын зөрүүтэй цөөн саналаар санал хураах учраас хэлэлцэх асуудлын дарааллыг өөрчлөлгүй ,хэлэлцэх асуудлын эхэнд баталж өгөхийг хүслээ. 

Хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулж гишүүд үг хэлж дууссаны дараа УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Сүхбаатарын талбайд 150 машины зогсоол барьж байгаа, удахгүй дуусна гэв. Мөн приус машины татварыг хойшлуулах асуудал хэлэлцэх дараалалд багтсаныг хэллээ. Хөдөө аж ахуйн салбарын хоёр хуулийг хэлэлцэх асуудлын эхэнд оруулж, байнгын хороогоор хэлэлцэх боломжоор хангахаар тогтлоо.