Л.Болд: Би бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээсээ татгалзахаа мэдэгдэж байна
УИХ-ын гишүүн Л.Болд
2017.06.13

Л.Болд: Би бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээсээ татгалзахаа мэдэгдэж байна

Туушин зочид буудалд өнөөдөр “Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн ардчилал дахь үнэ цэнэ” ардчиллын чуулган болж байна.

Чуулганд УИХ-ын гишүүн Л.Болд үг хэллээ. Тэрээр:

-Манай улсад олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл байдгийн шалтгаан нь бид боогдмол, хаагдмал үеэс гарч ирсэн. Тийм нийгмээс гарч ирсэн хүмүүст үзэл бодлоо илэрхийлэх хүсэл төрсөн нь буруутгах зүйл биш. Нэг талаас харахад бид эрх чөлөөтэй, мэргэжлийн сэтгүүлчдийн “армитай”, чөлөөт хэвлэлтэй улс юм шиг атлаа нөгөө талаасаа чөлөөт хэвлэлгүй улс. Чөлөөт хэвлэлийн эрх чөлөөгөө өнөөдөр хэвлэл мэдээллүүд зарж амьдарч байгаа нь нууц биш.

Хэвлэл мэдээлэл ийм л хар зах зээл болчихоод байна.

Хэвлэлийн эрх чөлөөнөөс урвачихаад байна. Үүнийг өөрчлөхгүйгээр, суурь эрх чөлөөгөө өөрчилж чадахгүйгээр бидэнд гэрэлт ирээдүй гэж байхгүй. Үүнд сэтгүүлчдийг, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг, тогтолцоог нь буруутгах аргагүй. Завхрал нь хууль эрх зүйн түвшиндээ гүнзгий байна. Төр хэвлэл мэдээллийн байгууллагыг эзэмших ёсгүй юм байна. Сонгуулийн дараагаас удирдлага нь солигддог, мэдээллийнх нь бодлого нь 180 хэм өөрчлөгддөг нь гутамшигтай биз дээ. Хэвлэл мэдээлэл ийм л хар зах зээл болчихоод байна.

Мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудын ард дандаа нууц эзэд байна. Энэ салбар бүхэлдээ “оффшор ертөнц” болсон. Энэ байдлыг зогсоох ёстой. Үүнийг зогсоохын тулд би өөрөөс эхлэх гэж байна. Жишээ нь би улстөрд амьд байхын тулд бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй. Тэгэхээр би политик.мн сайт, Өглөөний сонингоосоо татгалзлаа. Мөн хэд хэдэн радио, тв-ийг худалдаж авах хэлэлцээр хийж байсан энэ бүгдийг зогсооно. Энэ бүх хэвлэлээсээ татгалзаж байгаагаа үүгээр мэдэгдэж байна гэлээ.