Х.Нямбаатар 2017.09.06 | Сонин: Зууны мэдээ

Х.Нямбаатар: Өнөөдөр гарын үсгээ зурчхаад, маргааш буцах хүн бидний дунд байхгүй

Х.Нямбаатар: Өнөөдөр гарын үсгээ зурчхаад, маргааш буцах хүн бидний дунд байхгүй
УИХ-ын гишүүн X. Нямбаатар

УИХ-ын гишүүн X. Нямбаатарыг “Ярилцах цаг”-ийн зочноор урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан гишүүдийн сонгогчид руу мессеж илгээж, нэр төрд нь халдсан хэргийг шалгуулна гэж та мэдэгдсэн. Ямар асуудал үүссэн юм бэ?

-Долоодугаар сарын 1 -нээс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хуулиар гүтгэх, доромжлох явдлыг зөрчилд тооцохоор хуульчилсан. Юуг гүтгэлэг гэж үзэх вэ гэвэл, бодит үнэнд нийцээгүй мэдээ, мэдээллийг олон нийтэд тараахыг хэлнэ.

Тухайн мессежинд дурдсан шиг бид АН-ын гишүүдтэй уулзаж, Засгийн газрыг өөрчлөх талаар төлөвлөгөө боловсруулсан зүйл байхгүй. Энэ бол гүтгэлэг. Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас хэрэгжүүлсэн бодлого, шийдвэрийг ард түмэнд таашаахгүй байна. Үүний үр дүн Ерөнхийлөгчийн сонгуулиар гарлаа. Их хуралд үнэмлэхүй олонх байгаагийн хувьд МАН өөрийн бодлого, шийдвэрт дүгнэлт хийх ёстой. Энэ зорилгоор бид Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан.

-Гарын үсэг зурсан 31 гишүүн дээр хоёр нэмэгдэж, 33 боллоо гэсэн. Тэд энэ байр суурьтаа ямар ч тохиолдолд хатуу зогсох уу?

-УИХ-ын гишүүн ард түмний элч, төлөөлөгч. Тэгж ч тангараг өргөдөг. Тийм учраас өөрийн хэлж байгаа үг, үйлдэл болгонд хариуцлагатай хандах учиртай. Тиймээс өнөөдөр гарын үсэг зураад маргааш болилоо гэх хариуцлагагүй хүн бидний дотор байхгүй.

-Нууц биш бол сүүлд нэмэгдсэн хоёр гишүүн хэн бэ. Хэвлэлүүд, Сү.Батболд, Ч.Улаан нарыг нэрлээд байна?

-Тодорхой хүмүүсийн хийх гэж буй үйлдлийн өмнөөс би “Манай тэр гишүүн гарын үсэг зурлаа, зурах гэж байна” гэж хэвлэлийн алба шиг ажилладаг хүн биш. Өөрсдөө мэдэгдэл хийх байх.

-МАН 33 гишүүнээ намаас хөөнө гэсэн мэдээлэл дуулдлаа. Энэ бодитой юу?

-Би нэг түүх ярьчих уу. 1960 оны Үндсэн хуулийн оршил хэсэгт нэг заалт байдаг юм. Түүнд “...БНМАУ-ын төр, нийгмийг удирдан жолоодох цорын ганц хүчин бол МАХН мөн гэж байсан юм. Бид 1990 оноос хойш олон намын тогтолцоогоор явж байгаа. Олон намын тогтолцооны үед намын тухай хууль гарсан. Улс төрийн намуудын тухай хуулийг үндэслэж намууд дүрмээ зохиосон. Манай намын үндсэн дүрэмд намын гишүүнээ хөөх тухай ойлголт байхгүй.

Нам үзэл баримтлал нэгтэй хүмүүсийн нэгдэл. Тодорхой хэдэн үндэслэлээр намаас гарсанд тооцох тухай ойлголт манай үндсэн дүрэмд байгаа. Хуульч хүний хувьд, бас намын сонгуульт ажил хашиж байгаагийн хувьд хэлэхэд би болон бидний хэдэн гишүүн намын үндсэн дүрэмд харшлах зүйл огт хийгээгүй.

-Засгийн газрын асуудлаар танай намынхан дундын хувилбарууд ярьж байгаа юм байна лээ. Тухайлбал, ёс зүйгүй сайд нартаа хариуцлага тооцоод цааш явъя гэх мэт. Та нартай санал солилцсон зүйл байгаа юу?

- Бидний өргөн барьсан бичиг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарсан. Тэр бичигт Засгийн газрыг огцруулах тухай гэж байгаа. Ямар нэг хувилбарыг тухай ярьсан асуудал байхгүй. Ардчиллын хамгийн том зарчим нь олонхоороо асуудлыг шийдэх. Цөөнх нь олонхын шийдвэрийг хүндэтгэн үзэж, хүлээн зөвшөөрөх ёстой. Ийм л зарчмаар явж байгаа.

-Засгийг огцруулах нь зүйтэй гэдгийн нөгөө талд Засгийн газрын тогтвортой байдлын асуудал заавал яригддаг. Үүнд та ямар тайлбар хэлэх вэ?

-Засгийн газар тогтвортой байх гэдгээр хууль зөрчиж байгаа үйлдлийг халхавчилж болохгүй. Тодорхой хуулийн зүйл заалтуудыг зөрчсөн үү, зөрчсөн. Засгийн газар тогтоолоо зөрчиж тогтоол гаргасан уу гэвэл гаргасан. Шинэ, хуучин концесс гэж Засгийн газрын зарим гишүүн хэвлэлээр ихээхэн ярьж байгаа. Нэгэнт Засгийн газраа байгуулсан бол энэ Засгийн газрын л концесс. Тэнд шинэ, хуучны тухай ойлголт байхгүй.

Нөгөөтээгүүр, Засгийн газрын тогтвортой байдал гэдэгт би нэг зүйлийг хэлэхийг хүсэж байна. МАН 2016 онд олонхын итгэлийг авч, Их хуралд 65 суудалтай бүлэгтэй, Засгийн газраа байгуулсан. Засгийн газрын зарим үйл ажиллагаа алдаа, оноотой байна. Ялангуяа хууль зөрчлөө, гаргасан шийдвэрээсээ олон удаа эргэж буцлаа. Өмнөх Засгийн газрын үед гаргасан алдаа, хууль бус үйлдлүүдэд хариуцлага хүлээлгэх талд дорвитой алхам хийсэнгүй. Үүнийг олон нийт, танай сонины уншигчид мэдээллийн сүлжээгээр дамжуулан ойлгож авсан байх.

Иймд МАН мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх үүднээс өөртөө дүгнэлт хийж байгаа нэг хэлбэр нь энэ. Түүнээс Засгийн газрын тодорхой гишүүд, Засгийн газар солигдсоноор засаглалын легитим шинж чанар алдагдахгүй. Гэтэл энэ чанар алдагдаж байгаа учраас улс орны хөгжилд бодлогын, залгамж чанарын олон алдаа гарч байна. Засгийн газар огцорлоо гэж бодъё. Дараагийн шинэ Засгийн газрыг байгуулах асуудал яаралтай яригдах байх. 

Ингэснээрээ засаглалын бусад зүйлүүдийг хөндсөн зүйл гарахгүй гэж гарын үсэг зурсан гишүүд ярилцсан. Өөрөөр хэлбэл, арай ядан бүрдэж байгаа төр, засгийн институцууд тогтвортой ажиллаасай. Хариуцлага хүмүүст хариуцлага тооцоосой гэдэг ийм л зүйлийг бид ярьж байгаа.

-Цаашдын алхам бол эдийн засаг хүнд байдлаас яаж гарах вэ гэдэг асуулт. Ямар гарц байна вэ?

-Эдийн засгийн хүндрэлээс гарахад зоримог алхам хийх хэрэгтэй. Монгол Улсад томоохон мега төслүүд яригдаж эхлээд 20 дахь жилийнхээ ойг тэмдэглэлээ. Цаасан дээрх зүйлүүд хөрсөн дээр буусангүй. Бид хямралаас гарахын тулд тэдгээр төслүүдийг маш яаралтай эхнээс нь ажил болгох ёстой. Ингэж байж хямралаас гарна. Эдийн засгийн хямрал дээр дөрөөлсөн маш олон зүйлийг улстөрчид ярьдаг.

Гол нь засгийн гаргаж буй шийдвэр маш тодорхой байх ёстой. Түүн дээрээ хатуу зогсдог байх ёстой. Гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхийн төлөө хүчтэй багаар ажиллах ёстой. Үүний дүнд эдийн засаг сэргэнэ. Өнөөдөр эдийн засаг 5.3 хувийн өсөлттэй гэсэн Үндэсний статистикийн газраас гаргасан тоо өнөөгийн хямралт үед сэтгэл ханамжтай байх үзүүлэлт биш. Дээр нь бид нэг зүйлийг сайтар бодох ёстой. Эдийн засгийн энэ өсөлтийг бодитой болгохын төлөө тодорхой ажлууд эхлүүлэх ёстой.

-АН-ыхан Н.Алтанхуягийг огцруулж, Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг байгуулсан ч улам уналтад орсон. Ардын намынхан АН-ын гаргасан зургаар уруудах нь гэсэн шүүмжлэлийг зарим хүн хэлдэг. Одоо байгаагаа огцруулаад шинээр гарч ирсэн нь сайн ажиллана гэсэн баталгаа байна уу?

-Энэ Засгийн газрын хувь заяа хэрхэхийг УИХ шийднэ. Олонхын шийдвэр гарсан тохиолдолд нэн яаралтай шинэ Засгийн газар байгуулах асуудал яригдана. Бид гаргасан алдааг давтахгүйн төлөө гарын үсэг зурж санал нэгдсэн. Түрүүнд хэлсэн, зоримог байх ёстой, зоригтой шийдлүүд гаргах ёстой, түүнийгээ хэрэгжүүлдэг байх ёстой. Шинэ 3асгийн,газар ийм байгаасай гэж би чин сэтгэлээсээ хүсэж байгаа.

Хоёр намын тухайд хэлэхэд, манай нам АН-аас арай өөр соёлтой. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд АН яаж шинэчлэгдсэн бэ, Ардын нам хэрхэн шинэчлэгдэв. Монголчууд харж байгаа байх. 1990 оны үед Ардчилсан хөдөлгөөнд оролцож явсан АН-ын эрхэм ах нар өнөөдөр хүртэл энэ намын удирдах бүрэлдэхүүнд байсаар байна.

1990 оноос хойш МАН хэдэнтээ Их хурлаараа өөр дотроосоо шинэчлэгдэж, залуу үе түрж гарч ирж, залгамж шинж чанараараа бодлогоо авч явж байгаа. Ийм дотоод ардчилалтай, соёлтой нам, АН-ын алдааг давтахгүй гэдэгт би итгэл төгс байна. Одоогийн явж байгаа намын үйл явц, удахгүй хуралдах Их хурал гээд цаашдын бүх алхмууд намын уламжлалт хөрс суурин дээр явах байх. Бид АН-ын алдааг хэрхэвч давтах ёсгүй.

-Тэгвэл гарын үсгээр нэгдсэн гишүүд 60 тэрбумын асуудалд ямар байр суурь баримталж байна?

-60 тэрбумын асуудал гэж найман настай балчраас 80 настай буурал хүртэл ярьж байна. Энэ буруу зүйл, бусармаг явдал. Намуудын тогтолцоонд байдаг намын санхүүжилттэй холбоотой гажгуудын нэг гэдэг утгаар хүн болгон хандаж, хүлээж авч байна. Өчигдөр /уржигдар/ хуралдсан Удирдах зөвлөлийн хуралдаанаар энэ талаар ярьсан.

Нийслэлийн ИТХ-ын даргатай холбоотой хариуцлага хүлээлгэх асуудлаар огт шийдвэр гараагүйд олон гишүүн эгдүүцсэн байх. Засаг төр, намын удирдлагууд ард түмний хүсэн хүлээж буй хариуцлагын асуудлыг ярихгүй байгаа учраас олон гишүүн дургүйцлээ илэрхийлж гарын үсэг зурсан байх. Тэр гишүүдийн нэг нь би.

-Нийслэлийн прокурорын газраас "60 тэрбумын хэрэг"-ийг хаалаа. Гэтэл Ц.Сандуй ёс зүйн хариуцлага хүлээж, албан тушаалаа хүлээлгэж өгсөн. Үүнийг юу гэж ойлгох вэ?

-Зөрчлийг гурав хуваадаг. Нэгдүгээрт, гэмт хэрэг, хоёрдугаарт эрхзүйн бусад зөрчил, гуравдугаарт ёс зүйн зөрчил орно. Гэмт хэрэг мөн,биш гэдгийг зохих хууль, хяналтын байгууллага тогтоох учиртай. Ёс зүйн зөрчил гаргасан уу гэвэл гаргасан. Үүнийгээ ч өөрөө үгүйсгээгүй. Тэр үүднээс огцрох өргөдлөө өгсөн. Ёс зүйн зөрчлийн гол хэм хэмжээг, ёс зүйн дүрмийг тогтоодог байгууллага, хамт олон хүлээлгэх ёстой.

Гэтэл өргөдлеө өгснийхөө маргаашаас эхлээд өөрсдийн угсаа залгамжлах бодлогыг явуулж байгаа тохиолдолд энэ нь ёс зүйн хариуцлага хүлээгээгүй харин ч маскаа сольж байгаа хэлбэр гэж харж байна. Ардын нам Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын гарцаагүй нэг баталгаа гэдэгтэй нийт ард түмэн санал нэгдэх байх. Энэ намын үнэт зүйлд ч тусгаар тогтнол чухал байр суурийг эзэлдэг. 97-98 жилийн түүхтэй энэ намын түүхэнд хар бараанаар бичигдэх нэг зүйл нь 60 тэрбум гэх авсан, аваагүй нь мэдэгдэхгүй яриатай холбоотой зүйл юм.

Энэ нь олон жилийн түүхтэй намын түүхэнд хар толбо үлдээлээ. Ийм үйлдэл гаргасан хүмүүс ажлаа өгөх өргөдөл өгснөөр хар толбо арилахгүй. Тиймээс энэ хар толбыг арилгах ёстой. Тэр хүмүүст ёс зүйн хариуцлагыг бүрэн хүлээлгэх ёстой. Би шүүгч, прокурор биш учраас тэдгээр хүмүүсийг яллах эрх надад байхгүй. Түнийг холбогдох байгууллагууд нь шийдэх учиртай.

-НИТХ-ын дарга өргөдлөө өгснөөр засаг огцрох эрсдэлийг хаалаа гэж нэг хэсэг нь хэлж байгаа. Хэргийг нь хаасан юм чинь буцаж ажилдаа орох байх гэж таамаглаж байна?

-Бид намаас сонгогдсон. Намын түүхэнд хар толбо үлдээсэн хүмүүст ёс зүйн хариуцлагыг бүрэн хүлээлгэх ёстой. Нөгөө талаас, өргөдлөө өгч маскаа солихыг бид намын өөрчлөлт, шинэчлэлт гэж үзэхгүй. Засгийн газарт хариуцлага хүлээлгэх болсон томоохон шалтгааны нэг нь энэ.

-Та офшорын хуулийг хариуцаж УИХ-аар батлуулах Ажлын хэсгийг ахалж ажилласан. Офшорын асуудалд танай намын гишүүд холбогдсон нь, эрх баригч нам асуудлыг шийдэхгүй өнөө хүрсэн зэрэг нь өнөөдөр хасах оноо, хариуцлагын буулт болж тусч байна. Энэ талаар юу хэлэх вэ?

-Хууль батлагдсанаас хойш буюу өнгөрсөн тавдугаар сарын 10-ны дотор Засгийн газраас Офшор бүсийн жагсаалтыг баталж гаргах ёстой байсан. Харамсалтай нь энэ үүргээ биелүүлээгүй.

Өнгөрсөн долоо хоногт офшор бүсийн жагсаалтыг баталсан. Засгийн газар хууль биелүүлэх, хэрэгжүүлэх үүрэгтэй. МАН-ын нэр бүхий гишүүдийн талаар тус бүсэд данс эзэмшдэг, эзэмшдэггүй, тэнд нуусан хөрөнгөтэй, хөрөнгөгүй гэх мэдээ, баримтууд маш их гарч байгаа. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэгийнхний олон нийтийн сүлжээнд ил болгосноор Монгол Улсын 20 гаруй иргэн офшор бүсэд данс эзэмшиж байгаа гэдэг асуудал яригддаг. Офшор гэдгийг манай улстөрчид, нэр дэвшигчид хар пиарын маш том хэрэглүүр болголоо.

Одоо пиар гэхээс илүүтэй хуулиа хэрэгжүүлэх хэрэгтэй. Ардчилсан орнуудад юуг чухалчилж үздэг вэ гэвэл, хуулиар хориглосон үйлдлийг гэмт хэрэг, эрх зүйн зөрчил гэж үздэг. Хуулиар хориглоогүй үйлдлийг эрх зүйн дагуух үйлдэл гэж үздэг. Тэгвэл бид офшорыг хориглочихлоо, үүнээс хойш ажлаа хийх ёстой. Бидэнд хэд хэдэн асуудал бий. Гадаадын олон улс оронтой энэ талаар харилцан туслалцах гэрээ байгуулж байж ажлаа явуулах ёстой.

Тэгж байж бид тухайн хүний гэм буруутай эсэхийг тогтооно. Түүнээс хэн нэг улстөрийн болон төрийн бус байгууллагын захиалгад оруулж, түүнийгээ офшорын эсрэг ажиллаж байна гэж чээжээ дэлдээл байж таарахгүй. Өөрсдийнхөө ярьж байгааг туйлын үнэн гэж бодохыг би хувьдаа буруу гэж бодож байна. Тодорхой баримтад үндэслэн шалгаж шийдвэрлэх ёстой.

Гадаадад дансанд мөнгө байгаа бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх олон заалт бий. Таны зургаан сарын цалингаас дээш хэмжээний мөнгө гадаад, дотоодын аль нэг данснаас чинь илэрвэл түүнийг өөрийн хөрөнгө болохыг нотлох үүрэгтэй шүүдээ. Нотолж чадахгүй бол хууль бусаар хөрөнгөжсөн гэсэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Бизнес хийгээд гадагшаа маш их хэмжээний мөнгө гаргасан бол татвараа төлсөн үү, үгүй юу гэдгийг тогтоох байгууллага байна. Татвар төлөөгүй бол татвараас зайлсхийсэн эрүүгийн гэмт хэрэгт татна.

Үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээлэл маш их цацагдаж байна. Гэвч энд үнэний логик гэж нэг юм бий. Офшорт мөнгө нууж гэмт хэрэг хийсэн үү, үгүй юу гэдэг нэг зүйл дээр бид тогтох ёстой. Төрийн зохих байгууллагууд үнэн, худлыг тогтоох чиглэлд ажиллана. Мэдээж хэрэг энэ ажлыг явуулахад хүндрэл бэрхшээл гарна. Хөрөнгө хүч, хүний нөөц, гадаад харилцааны асуудал гээд олон зүйл шаардагдана. Офшор гэдэг төрөөс хулгайлсан мөнгийг гадаадад гаргаж нууж байгаа этгээдүүдийг хэлж байна гэж нэг талын утгаар манайхан ойлгоод байдаг.

Гэтэл хөрөнгө оруулалтын сан байгуулах, бизнес эрхлэх асуудал зах зээл хөгжсөн, ардчилсан улс онуудад байдаг зүйл. Гагцхүү Монголоос мөнгө гарсан уу гэдгийг тогтоох ёстой. Хоёрдугаарт, гарсан мөнгө нь дээр хэлсэн хоёр шинжийг агуулж байна уу. Хууль бусаар хөрөнгөжиж үү. Татвараас зайлсхийж үү. Ийм гурван зүйлийг тогтоох нь чухал. Өнөөдөр хууль хүчний байгууллагууд улстөрчдийг тагнаж, чагнаад байна гээд үндсэн зорилгоосоо хазайгаад байна шүү дээ. 

Хууль хүчний байгууллага, тусгай албад байгаа бол Монгол Улсаас гарч байгаа мөнгөний урсгал тэдгээр байгууллагуудад бүртгэгдэх ёстой. Монгол Улсаас гарч байгаа нийт мөнгөний хэд нь нефтийн импортод гарсан бэ, хэд нь өргөн хэрэглээний бараанд зарцуулагдсан бэ, хэд нь гадаадад хөрөнгө оруулалтын сан буюу хадгаламжид гарсан бэ гэдгийг дээрх байгууллагуудын хамтарсан өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч шалгах ёстой. Бүртгэлийн данс гэж байгаа. Тийм их мөнгийг ачааны вагоноор юм уу, ачаа бараан дор нууж хийгээд гарна гэсэн ойлголт байхгүй.