Ц.Цогзолмаа 2017.09.08

Ц.Цогзолмаа: Засгийн газар огцрох болгонд улстөрчид биш ард түмэн л хохирч үлддэг

Өчигдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцсэн. Хуралдаанд нийт 73 гишүүн буюу 96,1 хувийн ирцтэй байлаа.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа байр сууриа илэрхийлэв.

Ц.ЦОГЗОЛМАА: ӨНГӨРСӨН 25 ЖИЛИЙН ХУГАЦААНД 13 УДАА ЗАСГИЙН ГАЗАР ОГЦОРЛОО

Иргэд сонгочдынхоо өмнө үүрэг хүлээсэн улстөрчдийн ёсзүйн болоод эрхзүйн мэдлэг асуултын тэмдгийн цаана байна. Жилийн өмнө сонгогчиддоо амласан амлалтаа бодох хэрэгтэй.

Монголын улстөрд эрхзүйн шинэчлэлт, өөрчлөлт шаардлагатай байгаа гэж харж байна. Өнгөрсөн 25 жилийн Ардчилсан төрийн хугацаанд 13 удаа Засгийн газар огцорсон. Засгийн газар огцрох болгонд улстөрчид биш ард түмэн, тогтвортой хөгжлийн бодлого хохирч үлддэг. Тиймээс залуу устөрчиддөө ч гэсэн насны хязгаар, ёсзүйн төлөвшил, хэм хэмжээ гэдэг зүйлийг тавихгүй бол популист аргаар сонгогчооосоо оноо авах байдал харагдаж байгаад харамсаж  байна.

Сонгогчдын өмнө улстөрчдийн үг үйлдэл хоёр зөрөх ёсгүй.

Хариуцлага байдаг бол намаас сонгосон улстөрчид багаараа л хариуцлага хүлээх ёстой.

УИХ-ын гишүүдийн Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан үйлдлийг буруушаахгүй. Гэхдээ гарын үсгийн цаана байдаг зүйл бол өөрөө маш том хариуцлага. Ард түмэнтэй холбоотой асуудлыг шийдэх үү, сандал ширээний асуудлыг шийдэх үү гэдгийг тунгаан бодох хэрэгтэй.

Нэг жилийн хугацаанд бодит байдлаар хасах байсан эдийн засгийн нэмэх болгосон нь Засгийн газрын маш сайн үзүүлэлт. Нөгөө талаар гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх төлөвтэй байгаа энэ үед Засгийн газрын тогтвортой байдал шууд нөлөө үзүүлнэ.

Засгийн газрыг огцруулах асуудлыг ярих ёстой орчин, улстөрийн дэс дарааллаар асуудлыг тавих ёстой байсан. Асуудлыг тавих болохоороо улстөрийн нам хамаагүй, шийдэх болохоороо хамаатай байж болохгүй.