УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва
2016.02.01

Өөртөө үнэнч үлдэхийн тулд санал өгөөгүй

Ерөнхий сайдыг огцруулах санал хураалтын үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар хуралдааныг орхин явсан. Харин эвслийн бусад гишүүд бүлгийнхээ шийдвэр ёсоор засгийн газрыг огцруулахгүй гэсэн байр сууриа батласан байна.

Энэ хоёр гишүүний хувьд 2009 оны Оюутолгойн гэрээг сайжруулах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байсан тул өнөөдөр албан тушаал авсан бусад шигээ хувирч өөрчлөгдөхийг хүсээгүй гэлээ. Засгийн газрын унаж босдог гайг ард түмэн үүрдэг учраас цаг хугацаа нь биш гэж үзжээ. 

-Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар санал хураахад та байгаа­гүй. Яагаад санал хураалтад оролцоогүй юм бэ?

-Асуудлыг хэлэлцэх үеэр бол байсан. Харин санал хураах үед байгаа­гүй нь үнэн. Би ойрын хэдэн хоног эмчилгээ хийлгэж байгаа. Оюу­толгой төслийн гэрээг анхнаас нь сайжруу­лахын төлөө зөв, бурууг нь үргэлж ярьж байсан хүний нэг нь би. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг шиг 2009 оны гэрээ туйлын хариуцлагагүй болсон. Тэр үеэсээ улам муудаад л яваад байна. Энэ утгаараа тус гэрээг сайжруулах ёстой. 

-Тиймээс  та Ерөнхий сайдыг огц­руулахыг дэмжих ёстой байсан юм биш үү?

-Засгийн  газрыг огцруулах эсэх дээр бодох ёстой. Миний хувьд огцруулах тогтоолын төсөлд гарын үсэг зураагүй. Бүлгийн шийдвэр гарсан гэж сонссон. Би өөрөө байгаагүй. Өөрийн үзэл бодол, итгэл үнэмшилдээ үнэнч байдаг хүний хувьд энэ гэрээг цаашид засч, залруулах ёстой гэдэг дээр хатуу байр суурьтай байгаа. Яг өнөөдрийн хувьд сар шинийн баярын өмнө энэ асуудлыг ярих нь зөв үү, буруу юу гэдэг дээр харин эргэлзэж байсан.