Бат-Эрдэнэ.Б 2017.09.08

Б.Бат-Эрдэнэ: Батлан хамгаалах яамны томилгооны эрх мэдэл Монгол Улсын Ерөнхийлөгчид байдаг

Б.Бат-Эрдэнэ: Батлан хамгаалах яамны томилгооны эрх мэдэл Монгол Улсын Ерөнхийлөгчид байдаг

Өчигдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцсэн. Хуралдаанд нийт 73 гишүүн буюу 96,1 хувийн ирцтэй байлаа.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ байр сууриа илэрхийлэв.

Б.БАТ-ЭРДЭНЭ: МАШ ХУРДТАЙ УНАСАН ЭДИЙН ЗАСГИЙГ ТОГТВОРЖУУЛАХЫН ТӨЛӨӨ ЗАСГИЙН ГАЗАР ХИЧЭЭЖ АЖИЛЛАСАН

Би та бүхнийхээ итгэлийг хүлээгээд батлан хамгаалах салбарыг тэргүүлээд нэг жилийн хугацаанд ажилласан. Олон салбаруудад сахилга, хариуцлага суларсан байна. Энэ бол ганц хоёр жилийн дотор бий болсон нөхцөл байдал биш. Олон жилийн хугацаанд хуримтлагдсан асуудал. Тиймээс ч би хаалттай чуулган дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийг мэдээлэл хийх үеэр зэвсэгт хүчний салбарт бий болоод байгаа асуудлыг хөндөж байсан.

Хуулиараа улстөрийн дээд удирдлагыг хэрэгжүүлдэг байгууллага бол УИХ. 2016 оны хууль эрхзүйн зохицуулалтаар Зэвсэгт хүчний бүх хамаарал Ерөнхийлөгчид очсон. Шинэ хуулиар сайдын эрх мэдэлд байсан бүх түвшний томилгооны ажил байхгүй болсон. Удирдлагын томилгоог хийж байж бодлогоо хэрэгжүүлдэг, хяналтаа тавьдаг. Ийм боломж үнэхээр хязгаарлагдмал болсон.

Улс орны эдийн засаг маш хурдтай унасныг бид мэднэ. Энэ уналтыг зогсоох, тогтворжуулах, өсөлт бий болгохын төлөө Засгийн газар их ажилласан. Авч хэрэгжүүлсэн тодорхой зөв бодлогын үр дүнд эерэг өөрчлөлтүүд мэдрэгдэж байгаа. Засгийн газрын ажилд алдаа дутагдал байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ улс орны ирээдүйн том зургаар харвал нилээн эгзэгтэй цаг үе ирсэн учраас Засгийн газрыг унагаах асуудалд УИХ нухацтай, бодитойгоор хандах зайлшгүй шаардлагатай.