Баттөмөр.Б 2017.09.08

Б.Баттөмөр: Засгийн газар 14 сарын хугацаанд тогтвортой хөгжлийн суурийг тавьж чадсангүй

Өчигдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцсэн. Хуралдаанд нийт 73 гишүүн буюу 96,1 хувийн ирцтэй байлаа.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр байр сууриа илэрхийлэв.

Б.БАТТӨМӨР: ХЯМРАЛ УЛСТӨРЧДИЙГ СОРЬЖ, ШАЛГАЖ, ТОДРУУЛЖ ӨГДӨГ

Өнөөдрийн байдлаар төлбөрийн тэнцлийн алдагдал буурч байна. Урсгал дансны алдагдал буурсан. Хичнээн хүртээмжгүй ч гэсэн эдийн засгийн өсөлт 5,3 хувь байна. Алтны хэмжээ 11,2 тонн болж, валютын нөөц 300 орчим сая доллараар нэмэгдсэн гэх мэт эдийн засагт нааштай үзүүлэлт байгаа. Монголын эдийн засаг бол мөчлөлд суурилсан эдийн засаг. Бид одоо сайн мөчлөг нь ирсэн байна. Яг энэ үед хамтын ажиллагаа маш чухал.

Засгийн газар байгуулагдаад 14 сар болж байна. Календарын тоогоор үзвэл бага хугацаа. Гэхдээ монголын улстөрийн мөчлөг 48 сар. Өнгөрсөн хугацаанд хийсэн зүйлээ харахад Монгол Улсын тогтвортой хөгжлийн суурь тавигдсан байх ёстой. Ажил хийгдэж байгааг үгүйсгэхгүй ч гэсэн маш чамлалттай байна. Өнгөрсөн хугацаанд таван толгой, төмөр зам, зэс хайлуулах үйлдвэр, төмөр боловсруулах үйлдвэр, тавдугаар цахилгаан станц зэрэг их хэмжээний мөнгө зарсан том том төслүүд огт хөдөлсөнгүй.

ОУВС-тай хамтраад тодорхой ахиц, дэвшлүүд гарч байгаа. Санхүү, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдээд явж байна. Дэлхийн банк, ОУВС-гаас гаргасан улс орны хөгжих потенциалын судалгаагаар Монгол Улс эхний 10-т явж байна. Гэтэл хөгжлөөрөө сүүл мушгиж  байгаад харамсалтай. Өрийн их дарамтанд орлоо.

Монгол Улсын 10 жилийн төсвийн орлоготой тэнцэх хэмжээний өртэй.

Цаашдаа бидэнд хийх ажил их байна. Зах зээлийн нийгэмд шилжсэн 27 жилийн хугацаанд бид улс эх орноо авч явж чадсангүй. Энэ хугацаанд өдөр тутам хямралтай нүүр тулж явлаа. Хямрал гэдэг бол улстөрчдийг сорьж, шалгаж, тодруулж өгдөг. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд хэн ч тодорсонгүй.