Л.Энх-Амгалан Б.Саранчимэг 2017.10.25 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

ОХУ-ын Иргэний танхимын гишүүн Дмитрий Носовыг хүлээн авч уулзав

ОХУ-ын Иргэний танхимын гишүүн Дмитрий Носовыг хүлээн авч уулзав

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан өнөөдөр (2017.10.25) ОХУ-ын Иргэний танхимын гишүүн Дмитрий Носовыг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “Олимпийн хүрэл медальтай, нийгмийн идэвх зүтгэлтэй хүнтэй уулзаж байгаадаа таатай байна. Тамхины эсрэг тэмцэж, нийгмийн сайн сайхны төлөө олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгааг Монгол Улсын Их Хурал дэмжин ажиллах болно.

Монгол Улс 2003 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Тамхины хяналтын суурь конвенцид нэгдэн орсон. Мөн “Тамхигүй хүүхдүүд” олон улсын байгууллагын гишүүн орон, Евроазийн “Тамхигүй ирээдүй” хөтөлбөрт манай улс хамрагдаж Тамхины хяналтын тухай хууль дээр хамтарч ажиллаж байгаа. Та бүхэн ОХУ-д хэрэгжүүлсэн хөтөлбөр, туршлагаасаа манай улстай хуваалцаж байгаад УИХ-ын нэрийн өмнөөс талархал илэрхийлье” гэлээ.

Ноён Дмитрий Носов УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланг хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, тамхины эсрэг хэрэгжүүлдэг үйл ажиллагааныхаа талаар товч мэдээлэл өгөв. Мөн ОХУ-ын Тамхины хяналтын тухай хуулийг танилцуулав.

Уулзалтаар талууд тамхигүй орчинг бүрдүүлэх талаар санал солилцож, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Уулзалтад ОХУ-ын ЭМЯ-ны Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хуульч Виктор Зыков, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, “Монгол Улсад тамхины хяналтын эрх зүйн орчныг сайжруулах нь” төслийн зохицуулагч Б.Туяа, тус төслийн хуулийн зөвлөх Д.Инжинаш нар байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.