БНЭУ-ын Төрийн албаны төв комиссын даргыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоогийн урилгаар манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Төрийн албаны төв комиссын дарга, доктор Давид Р.Суемлехийг хүлээн авч уулзлаа.
УИХ-ын дарга М.Энхболд түүх, соёл, үнэт зүйлийн олон зууны уламжлалт хэлхээ холбоотой Энэтхэг Улсын төрийн албаны төв байгууллагын тэргүүнтэй уулзаж байгаадаа баяртай байна гээд, хоёр орны харилцаа, хамын ажиллагаа олон салбарт амжилттай хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа уулзалтын эхэнд илэрхийлэв.
Тэрбээр “БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди 2015 оны тавдугаар сард манай улсад айлчлах үеэр хоёр орны хамтын ажиллагааг Стратегийн түншлэлийн түвшинд хөгжүүлэх баримт бичигт гарын үсэг зурсан нь Монгол, Энэтхэгийн харилцаанд нэгэн шинэ үеийг нээсэн. Таны айлчлал энэхүү баримт бичигт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх нэгэн чухал алхам, төрийн байгууллагууд, төрийн албан хаагчид, Төрийн албаны төв байгууллага хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болно гэдэгт итгэж байна. Төрийн албаны арвин баялаг түүх, уламжлалтай та бүхнээс бидэнд сурах зүйл их бий” хэмээн онцоллоо.
Ноён Давид Р.Суемлех цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд нь УИХ-ын дарга М.Энхболдод талархал илэрхийлээд, манай хоёр орны харилцаа худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын гээд олон салбарт амжилттай хөгжиж байна. Цаашид төрийн албаны төв байгууллагуудын хамтын ажиллагаа өргөжин гүнзгийрнэ гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд энэ үйл хэрэгт өөрийн хувь нэмрийг оруулахад бэлэн байна гэлээ.
УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалт, үндсэн зарчим, онцлог, УИХ-аар хэлэлцэх гэж буй Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар товч танилцуулаад, төрийн албан хаагчдыг сургах, давтан бэлтгэхэд анхаарлаа хандуулахыг хүслээ. Ноён Давид Р.Суемлех монгол оюутнуудыг бакалаврын болон магистрын түвшний сургалтад, төрийн албан хаагчдыг давтан сургах чиглэлээр манай Засгийн газраас хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа. Үүнийг цаашид үргэлжлүүлж, хамрагдах хүрээг өргөжүүлэх талаар анхаарах болно гэв.
БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Суреш Бабу “Энэтхэгийн их, дээд сургуульд Монголын 40 оюутныг, төрийн албан хаагчдад зориулсан богино болон дунд хугацааны сургалтад 150 хүнийг жил бүр хамруулах хөтөлбөрийг Энэтхэгийн соёлын харилцааны зөвлөлөөс хэрэгжүүлж байгаа. Сургалтын зардлыг манай Засгийн газар 100 хувь хариуцдаг. Энэ хөтөлбөрүүдэд монголчуудыг өргөнөөр хамруулах нь чухал байна” хэмээн онцоллоо.
УИХ-ын дарга М.Энхболд уулзалтын төгсгөлд соёл, боловсролын уламжлалт харилцаагаа эрчимжүүлэх, парламент хоорондын хамтын ажиллагааг парламентын гишүүд, найрамдлын бүлэг, Тамгын газар хооронд өргөжүүлэх нь чухал байгааг тэмдэглэлээ.
Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол, Энэтхэгийн найрамдлын бүлгийн дарга Б.Ундармаа, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Баатарзориг, С.Цэдэндамба, Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос нарын зэрэг албаны хүмүүс оролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээсмэдээлэв.