Энхбаяр.Ж 2017.10.26

Ж.Энхбаяр: Ерөнхий сайд офицер хүний хувьд төсвийн тодотголд анхаарал хандуулахыг шаардаж байна

Ж.Энхбаяр: Ерөнхий сайд офицер хүний хувьд төсвийн тодотголд анхаарал хандуулахыг шаардаж байна

2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үед батлан хамгаалах салбарын 603 офицерийн цалингийн асуудал хөндөгдсөн юм. АБГББХ-оос оруулсан саналыг Төсвийн байнгын хорооны гишүүд төсөвт суулгах шаардлагагүй гэж үзжээ. 

Санал гаргасан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр байнгын хорооноос яагаад энэ саналыг унагасныг асуулаа

Эх орноо батлан хамгаалах үүрэг нь Монгол төрийн үндсэн үүрэг байдаг. Монголын төр бодлогоор гадаад, дотоодод асар өндөр зардлаар бэлтгэсэн 603 офицер мартсан, хаясан нөхцөл байдал бий болж. Монголын төрд ийм байдал бий болохыг анх удаа харлаа. Засгийн газар ой санамжаа алдаж. энэ бол Ж.Эрдэнэбатын Засгийн газрын оруулж ирсэн төсвийн тодотгол.

Үүнийг залруулахыг би хүсэж байна. Эрхээ хасуулаад, тангараг өргөөд, эх орноо батлан хамгаалах үйлсэд ухамсарт амьдралаа зориулна хэмээн зүтгэж байгаа 603 офицерынхоо цалинг нь хасчхаад, 7 сарын 1 хойш өгч чадахгүй сууж байна.

Ингэж болох уу? энэ бол Монгол төрийн үүрэг. Ялангуяа МАН эрх барьж байх үед нэг үед хамт үүссэн Монголын ардын армийн офицеруудад ингэж хандаж байгааг би ойлгохгүй байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх офицер хүнийхээ хувьд энэ тодотгол дээр анхаарал хандуулах ёстой гэж шаардаж байна.

Томилогдсон болон ажлаа өгсөн батлан хамгаалахын сайд нар үүн дээр үгээ хэлэх ёстой. Үнэхээр хэлэх үг олдохгүй байна. Монголын төр эх орноо батлан хамгаалах үндсэн үүргээсээ ухраж болохгүй. Тэдгээр залууст бид юу гэж хэлэх вэ? "Монголын төр та нарыг мартсан гэх үү? та нар хэрэггүй гэх үү?" ийм байдлаар бид санал хураах гээд сууж байна. Ямар тайлбар байгаа юм? тайлбарыг нь сонсмоор байна. 

МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд таныг анхааралдаа авахыг хүсэж байна.

Яагаад ийи асуудлыг удаа дараа оруулж ирж байна вэ? Үндэслэлийг нь хангалттай тайлбарлаад АБГББХ-оос явуулсан. гэтэл  Төсвийн байнгын хороо дээр хасчихсан байна. Манай байнгын хороо Батлан хамгаалах салбарт 25 тэрбум төгрөгөө шахсан байсныг хасаж, төсвийг нь хэмнэж өгөөд мартчихсан 603 офицерын 2,4 тэрбум төгрөгийн нэмэгдэл тусгай гэж өгч байгаа. Гэтэл хассан  байна.

Төсвийн байнгын хорооны байр суурь Д.Тогтохсүрэн

Төсвийн байнгын хороо 4 үндсэн зарчим барьж ажиллаж байгаа. Нэгдүгээрт, Төсвийн алдагдлыг бууруулах уу, хоёрдугаарт төсвийн зардлыг бууруулах, гуравдугаарт төсвийн орлогыг бодитой байлгах, дөрөвдүгээрт төсвийн сахилга батыг сайжруулахад анхаарч ажиллаж байгаа. Батлан хамгаалахын албан хаагчдын цалингийн асуудлыг Та ярьж байна.

Үүнийг Сангийн яамныхны тайлбарлаж байгаагаар бол сургууль төгссөн, одоо орон тоо нь байхгүй хүмүүс юм байна гэж ойлгосон. Тэгэхээр орон тоо байхгүй байгаа учраас орон тоог нэмэгдүүлэх боломж байхгүй байгаа юм. Яагаад гэвэл ОУВС-тай бид төрийн албан хаагчдын орон тоог нэмэхгүй гээд тохирчихсон. 

Эцэст нь санал хураалт болж гишүүдийн 72,3 хувь нь офицеруудын цалинг төсөвт суулгах ёстой хэмээн дэмжсэн юм.