Л.Оюун-Эрдэнэ 2017.11.01 | Үндэсний Шуудан

“Жишиг сууц” эко төслийн анхны барилга хэнтий аймгийн Баян-Овоод ашиглалтад орлоо

“Жишиг сууц” эко төслийн анхны барилга хэнтий аймгийн Баян-Овоод ашиглалтад орлоо
2017.10.30 №214 /2911/
Сэтгүүлч О.Эрдэнэчимэг

Хөдөөгийн иргэд хотынхноос дутахгүй, сайхан амьдрах боломж бүрджээ гэдгийг Хэнтий аймгийн Баян-Овоо суманд томилолтоор ажиллаад ирэхдээ олж харлаа.

Сумын Засаг даргаасаа эхлээд хийж бүтээх зүйлийнхээ төлөө ам булаалдан ярьцгааж байна. Болохгүй байна, бүтэхгүй байна гэж ярьж байгаа хүн нэг ч алга. Өдрөөс өдөрт хөгжил гэрэлтэж буй тус суманд хийгдэж буй дараагийн нэг томоохон бүтээн байгуулалт бол “Жишиг сууц” эко төслийн сууц юм.
Уг төслийг Монголын хот байгуулалтын хөгжлийн танхимаас санаачлан эх­лүүлсэн бөгөөд анхны сууц нь Баян-Овоо суманд ашиглалтад орж өнгөрсөн бямба гаригт нээлтээ хийсэн юм.

“Жишиг сууц” эко төс­лийн нээлтэд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Монголын хот байгуулалтын хөгжлийн танхимын ерөнхийлөгч М.Батбаяр,  Барилга хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Соёмбоо, “монголын алт корпораци “МАК” компанийн бизнес хөгжлийн газрын дарга Х.Базарханд, Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун нар оролцсон. “Жишиг сууц” эко төслийг санаачлагч Монголын хот байгуулалтын хөгжлийн танхимын ерөнхийлөгч М.Батбаяр “Энэ сууцыг байгуулах хүсэл зорилго олон жилийн өмнө бий болсон.

Биеллээ олох энэ мөч ирсэнд тун баяртай байна. Энэхүү төсөл нь 2016-2020 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан бага дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэсэн үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монголын хот байгуулалтын хөгжлийн танхимаас санаачлан хэрэгжүүлж байгаа ажил юм. Орон нутгийн удирдлагууд дэмжсэн учраас энэ төслийн анхны сууц Хэнтий аймгийн Баян-Овоо суманд ашиглалтад орлоо.

Бидэнд хөрөнгө оруулж, анхны сууцыг худалдан авсан анхны найман өрхдөө талархал илэрхийлье” гэсэн юм. “Жишиг сууц” эко төслийн сууцын барилгын ажлыг өнгөрсөн хавар эхлүүлж, Г.Ууганбаяр  захиралтай “Их шовх” компани богино хугацаанд хүлээлгэн өгсөн байна. 

Хананаасаа халуун ус авах иргэдийн мөрөөдлийг биелүүлсэн “Жишиг сууц” хэд хэдэн давуу талтай.

Иргэдэд тав тухтай, халуун дулаан орчинг бүрдүүлж чадсанаас гадна эдийн засагт асар их хэмнэлтийг авчирч байгаа юм. Хүйтний буюу дулаан хамгийн ихээр хэрэглэх улиралд нэг айлын 100 мянган төгрөг зарцуулах бөгөөд 24 айл цогцоороо нэг хотхон болсон тохиолдолд үүнээс ч бага зардал гарах боломжтой байна.

Мөн өрхүүдэд өөрсдийн хүссэн загвараар өрөөгөө тохижуулах боломжийг олгосноос гадна айлуудын нэг нь байнгын ажлын байртай болж байна. “Жишиг сууц”-ын нэг айлын сууц нь 39.1 ам.метр талбайтай бөгөөд үүдний хэсэг, ариун цэврийн өрөө,  зочны өрөө, унтлагын өрөө зэргээс бүрдэж байгаа юм.

Хамгийн гол нь энэхүү жишиг сууцын давуу тал нь 24 яндангаас гарах утааг нэг утаа болгосноороо давуу талтай юм. Тиймээс энэхүү төсөл нь зөвхөн Монгол орны сум суурин гэлтгүй нийслэл хотод хэрэгжсэнээр утааг шийдэх нэгэн томоохон шийдэл болж байгаа юм. Тиймээс ч энэхүү төсөлтэй танилцахаар Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн орон сууцны корпорацийн төлөөллүүд Баян-Овоо суманд хүрэлцэн очсон юм.  

“Жишиг сууц”-ын өөр нэг онцлох зүйл нь үндэсний томоохон үйлдвэрлэгч болох “Монголын алт корпораци МАК”-ийн бүтээгдэхүүнээрээ барилгаа барьсан явдал юм.

Үндэсний үйлдвэрээ дэмжсэн, үндэсний брэнд болох зорилготой энэхүү төслийг “Монголын алт корпораци”-ийн  бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир өөрийн биеэр үзэж сонирхон сайшаасан нь энэхүү төслийн үнэ цэнийг илтгэж байлаа. 

Нээлтийн үеэр “Жишиг сууц” эко төслийн талаар Монголын хот байгуулалтын хөгжлийн танхимын ерөнхийлөгч М.Батбаяраас зарим зүйлийг тодрууллаа. 

М.БАТБАЯР: “ЖИШИГ СУУЦ” ТӨСЛИЙГ ХЭНТИЙ АЙМГИЙН ТӨВ ХЭРЛЭН СУМЫН “ТЭМҮҮЖИН” ХОРООЛОЛД ХЭРЭГЖҮҮЛЭХ ШИЙДВЭР ГАРСАН
-Монгол орны 330 сум сууринд барихаар төлөвлөж байгаа гэсэн. Эхний ээлжийн сууцуудыг хаана хаана барихаар төлөвлөөд байна вэ?

-МХБХТ-аас санаачлан хэрэгжүүлж буй уг төслийг эхний ээлжинд Хэнтий аймгийн бүх сумд, аймгийн төвд танилцуулж өнөөдөр Хэнтий аймгийн Баян-овоо суманд баригдаж анхны найман айл ашиглалтад орлоо. Цаашид үндэсний хэмжээнд бүх сум суурин газарт төлөвлөж байна. Эхний ээлжинд төсөл хэрэгжүүлэх газар, шугам сүлжээний эх үүсвэрүүдийг орон нутаг хариуцах буюу Засгийн газрын шийдвэрээр инженерийн шугам сүлжээнд холбогдсон орон нутгуудад хэрэгжүүлэх нь өөрийн өртөг зардал, ашиглалтын зардал буурна гэж үзэж байна. Одоогоор төслийг хамтарч хэрэгжүүлэхээр санал ирүүлсэн хэдэн газрууд бий. Тухайлбал, Хэнтий аймгийн төв Хэрлэн сумын Тэмүүжин хороололд хэрэгжүүлэхээр орон нутгийн шийдвэр гараад байна. Цаашид уг төслийг хэрэгжүүлэхээр санал ирүүлсэн орон нутагт судалгаа хийж хамтран ажиллахад бэлэн байна.

-Зөвхөн орон нутагт гэлтгүй нийслэл хотод “Жишиг сууц” төслийг хэрэгжүүлвэл утааг бууруулах оновчтой шийдэл санагдлаа.

-Нийслэлийн дүүргүүдэд загваруудыг барих саналыг холбогдох газруудад хүргүүлээд байна. Энэ шийдэл бол агаарын бохирдол утааг бууруулахад оновчтой шийдэл болно. Яагаад гэвэл одоо утаа гаргаж буй 24 янданг нэг болгох эсвэл огт яндангүй болгох боломжтой юм.  

-Бохирын шугам сүлжээ болоод дулааны асуудлыг хэрхэн шийдсэн бэ?

-Энэ удаад бохирын хувьд тухайн орон нутгийн хөрсний нөхцөлөөс хамаарч септик тунгаагуур тунгааж шингээх технологиор хийж байна. Цаашид дэвшилтэт технологийн шийдлүүдийг ашиглах болно. Дулааны хувьд найман айлыг цахилгаанаар халааж байна. Цахилгаан халаагуурын Монгол инженерүүдийн бүтээсэн шинэ технологи “BES”  халаагуурын тогоог ашигласан. 

-Эко гэж тодотгосон шалтгааныг дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу? 

-Бидний хэлж занш­санаар таун хаус буюу хана ханаар нийлсэн шийдлээр төлөвлөлтийн  шийдлээр хийсэн. Өөрөөр хэлбэл, нэг айлын дөрвөн хананы гурван хана нь айлтай нийлэх буюу дулаан алдагдлыг хэмнэх, хаших хийцэд “Монголын алт корпораци МАК”-ийн евро блок хэрэглэсэн.

Ингэснээр дулаан алдагдлыг багас­гаж, шугам сүлжээг хэмнэс­нээр бага зардалтай цахилгаанаар халааж утаагүй сууц болсноор эко сууц юм. Сууцны байрлалын хувьд баруун зүүн талдаа цонхтой бүх айлууд нарны тусгалыг боломжит хугацаанд бүрэн хүртэхээр төлөвлөгдсөн.

-“Жишиг сууц” төслийн амины сууцаас ялгарах гол давуу тал нь юу вэ? 

-Бие даасан сууц нь бүх талаасаа дулаалах, шугам сүлжээний эх үүсвэрүүд нь дан дангаар байснаар өртөг өндөр болно. Харин “Жишиг сууц”-ны онцлог нь дулаан алдагдлыг бууруулсан төлөвлөлт, шугам сүлжээнүүдийн эх үүсвэр хэрэглэснээр өртгийг бууруулахаас гадна ашиглалтыг зардлыг хэмнэх эдийн засгийн үр ашигтай төсөл юм. Хамгийн энгийнээр тайлбарлавал сумандаа өөрийн эзэмшил газартай, халуун хүйтэн устай, инженерийн хангамж бүхий орчин үеийн тохилог орон сууцтай болох боломж юм. 

Жишиг орон сууцыг нутгийн иргэд сонирхохоос гадна хөрш зэргэлдээ сумаас ирж сонирхож байсан юм. Жишээлбэл, Баян-Овоо сумтай зэргэлдээ орших Батноров сумын Засаг дарга Г.Тайванжаргал ирж сонирхон, дулаан, ус хангамжийг хэрхэн шийдсэн талаар судалж, сумандаа байгуулах ямар боломж байгаа талаар судалж байлаа. Мөн энэ үеэр Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун Хэрлэн суманд барих 72 айлын “Жишиг сууц” эко сууцын газрыг шийдсэн талаараа дуулгасан юм. 

БАЯН-ОВОО СУМЫНХАН “ЖИ-МОБАЙЛ”-ЫН 3.99 СҮЛЖЭЭ НЭВТЭРСЭН 200 ГАРУЙ СУМЫН НЭГ БОЛЛОО

Мөн энэ үеэр Хэнтий аймгийн Баян-Овоо суманд “Жи-Мобайл”-ын 3.99 сүлжээ орлоо. Сүлжээний нээлтэд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, “Жи-Мобайл” компанийн Хүний нөөцийн газрын захирал Д.Аюурбунь болон бусад албаны хүмүүс оролцсон юм.

3.99 сүлжээ Хэнтий аймагт 2013 оноос нэвтэрсэн бөгөөд одоогийн байдлаар Хэнтий аймгийн 17 сум, нэг тосгонд уг сүлжээ нэвтэрсэн байна. Нээлтийн үеэр Жи-Мобайл” компанийн Хүний нөөцийн газрын захирал Д.Аюурбунь “Жи-Мобайл” компани 330 сум 1000 гаруй багт сүлжээгээ нэвтрүүлсэн.

Өнөөдөр Баян-Овоо суманд 3.99 сүлжээ орж байна. Ингэснээр Баян-Овоо сумынхан 3.99 сүлжээ нэвтэрсэн 200 гаруй сумын нэг болж байна. Ухаалаг утсаараа дамжуулан дэлхийн нийтийн болон Монгол Улсын өнцөг булан бүрт болж байгаа мэдээ мэдээллийг цаг хугацаа алдалгүй хүлээн авах боломж бүрдлээ” гэв.

Сүлжээний нээлтийн үеэр 15 хүн G7 гар утас, дөрвөн хүн G2 утас, 15 хүн хүрэл, мөнгөн дугаарын азтанаар шалгарсан юм. Дашрамд дурдахад, мөн энэ өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо суманд “МТ” шатахуун түгээх станц салбараа нээлээ.