Ч.Хүрэлбаатар 2017.11.02 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Төсвийн байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн шийдвэрлэв

Төсвийн байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн шийдвэрлэв

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2017.11.02) хуралдаан 11 цаг 05 минутад, гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр эхлэв. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаартогтоолын 1 дүгээр заалтын 6 дахь дэд заалтад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр тогтлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэлэлцэж байгаа асуудлын талаар танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улс дэд бүтэц, уул уурхайн салбар дахь ашиг сонирхол, авлигаар холбогдсон гучин гэр бүлийн хяналт дарангуйлалд бүрэн автаж, аливаа төсөл, хөтөлбөр тэдэнд ашиггүй бол гацдаг, гацаадаг бөгөөд монголчуудын хүртэх ёстой ашгийг зөвхөн тэд л хүртдэг хэн бүхэнд ил болсон тогтолцоотой болоод удаж байна. Иймд эдгээр гучин гэр бүлийн төлөөлөл болсон Ч.Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар томилсон Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын 6 дахь дэд заалтад Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн хэсэгчлэн хориг тавьж байгааг дурдав.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж. Мөнхбат Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас “Хотгор шанага” ХХК-ийн уул уурхайн лицензтэй холбоотой асуудлын талаар тодруулав. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Миний бие болон манай гэр бүл, ах дүүс Монгол Улсын өмч хувьчлалтай холбоотой, ард түмний өмч хөрөнгөнөөс нэг ч хөрөнгө аваагүй. Мөн уул уурхайн лиценз, болон улсын төсвийн хөрөнгөөр баригдсан тендер, концессоос нэгийг ч авч байгаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэж байлаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат, Ч. Улаан нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв.

Ингээд 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын 6 дахь дэд заалтад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг  Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн авахыг дэмжсэнгүй.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийг үндэслэсэн Монголын Улсын Их Хурлын тогтоолын төслийг танилцуулав. Уг тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын 6 дахь дэд заалтад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзсүгэй хэмээн тусгасан байв.  Иймд энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.