"АСК ХЭНТИЙ"- 2017 амжилттай зохион байгуулагдлаа
2017.12.11

"АСК ХЭНТИЙ"- 2017 амжилттай зохион байгуулагдлаа

АСК Хэнтий” 2017 Хэнтий аймгийн оюутнуудын дунд хоёр дахь жилдээ зохион байгуулагдлаа.  “АСК Хэнтий” 2017 хоёр үе шаттай явагдаж, арван нэгэн сумын  оюутнууд авьяас, ур чадвараараа өрсөлджээ.

Тус тэмцээний үеэр залууст тулгамдаж буй асуудал, хүний мөн чанар, эх орныхоо мандан бадрал, эх түүхээрээ бахархах, нийгмийн шилжилт, ороо бусгаа байдлаас болж хүн хүнээ байж, хүсэл мөрөөдөл нь замхран үгүй болж байгааг болон сошиал медиа хүн хоорондын харилцааг улам бүр бүдгэрүүлж байгаа зэргийг урлагийн хэлээр дамжуулан хүргэжээ.

Эхний шатнаас Гала тоглолтод шалгарч үлдсэн “Тэмүүжин” цогцолбор сургууль, Хэрлэн 4-р сургууль, Галшар сум, Бэрх хот, Хэрлэн 1-р сургууль болон Батноров сумын залуучууд авьяас чадвараараа хүч тэнцүү өрсөлдөж, шилдгүүдээ тодруулжээ. Батноров сумын “Андгай” баг шилдгийн шилдэг байж тэргүүн байрын эзэд болсон бол дэд байрыг Тэмүүжин цогцолбор сургуулийн “Пентагон” баг эзэлж мөнгөн шагнал болон батламжийн эзэд болсон байна.

УИХ-ын гишүүн Д.Гантулга Хэнтий аймгийн Оюутны холбоог тэргүүлдэг бөгөөд түүний хэрэгжүүлж эхэлсэн “Хэтийн Хэнтий”-2030 хөтөлбөрийн хүрээнд “АСК Хэнтий 2017” буюу Авьяаслаг Сэргэлэн Хэнтийчүүд тэмцээн хоёр дахь жилдээ ийнхүү амжилттай зохион байгуулагдаж буй юм байна. Тэмцээнийг Хэнтий аймгийн нутгийн зөвлөл болон аймгийн ГБХЗХГ дэмжин ажиллажээ.