Н.Амарзаяа: Төрийн бүх байгууллагын норм, нормативыг эргэж харах шаардлагатай
2016.10.06

Н.Амарзаяа: Төрийн бүх байгууллагын норм, нормативыг эргэж харах шаардлагатай

УИХ-ын гишүүн Н.Амарзаяатай боловсролын салбарын талаар ярилцлаа.

-Та багш мэргэжилтэй. Энэ өдрүүдэд дэлхийн багш нарын баяр тохиож байна. Уншигчдынхаа өмнөөс танд баярын мэндийг хүргэе? 

-Маш их баярлалаа. Монголынхоо нийт багш, сурган хүмүүжүүлэгч нартаа багш нарын баярын мэндийг өргөн дэвшүүлж байна. Тийм ээ миний ажлын гараа багшаар эхэлж, ээжийнхээ мэргэжлийг залгамжилсан. Ээж маань 36 жил хими, биологийн багшаар ажилласан, одоо гавьяаныхаа амралтад сууж байгаа. Багш гэдэг эрхэм алдрыг хүртсэн хүн бүр эх орныхоо ирээдүй хойч болсон хүүхэд, багачуудыг сурган хүмүүжүүлэх их үйлсэд нь түүхэн гавьяа байгуулж яваа эрхэм хүмүүс. Тэд маань нийгмийн салбарт, хүний хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө ажиллаж хөдөлмөрлөж байна, нийт багш нартаа дахин баяр хүргэе. 

-Та УИХ-ын гишүүн, Монголын боловсролын салбарын жаргал, зовлонг нь мэддэг хүний хувьд энэ салбарт хийж, хэрэгжүүлэх олон зүйл байгааг олж харсан байх, тийм үү?

-Тийм ээ, бодож төлөвлөж буй зүйл их байна. Би ШУТИС-ийн БУХС-ийн профессорын багтай хамтран эрүүл мэнд, боловсролын салбарт судалгаа хийж байна. Нийгмийн тулгуур болсон эдгээр салбарт маш сайн судалгаатай, үнэн бодит мэдээлэл дээр тулгуурлаж ажиллахыг хүсч байгаа.
Салбар, салбарын багш нартай уулзах, тэдгээрийн санал бодлыг сонсох, харилцан хамтран ажиллах зорилготой. Багшийн ажлыг үнэлж, тэднийхээ нийгэмд эзлэх үнэлэмжийг өсгөх хэрэгтэй байна. Боловсролын салбарт стандарт, норм нормативийг мөрддөг байх, түүндээ тохирсон нөхцөлөөр хангаж өгөх гээд л хийх ажлууд байна. Жишээлбэл, зарим сумын дунд сургуулиуд 200-аас доош сурагчтай. (Монгол Улсын хэмжээнд) Гэтэл сургуулийн төсвийг нэг хүүхдэд ногдох хувьсах зардлаар санхүүжүүлдэг учраас тэр сургууль олон багш ажиллуулах боломж байхгүй. Энд багш цагаа гүйцээж цалингаа авахын тулд 3-6 хичээл заадаг. Ийм нөхцөлд багшийн ч, хүүхдийн ч эрх зөрчигдөж байна. Гэтэл төвлөрөл ихтэй зарим сургуульд нэг ангид 58 хүүхэд суралцаж байна. Хүмүүс амьдрахын тулд, ажлын байр хаана байна түүнийг дагасан шилжилт хөдөлгөөнийг үүсгэж байна. Үүнд иргэд буруугүй. Төр урт хугацааны бодлого төлөвлөлттэй байж түүнтэй уялдсан бодлогоор асуудалд хандах шаардлагатай байна. 

-Таныг аймгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулах гол салбараа боловсрол руу чиглүүлж эрдэмтдийн багтай хамтран ажиллаж байгаа талаар сураг сонссон юм байна? 

-Тийм ээ. Энэ судалгааны үр дүнгээр Өмнөговь аймгийн “Сургалтын цөм хөтөлбөр-Хүүхэд бүрийн хөгжил” сэдэвт бага хуралд оролцож илтгэл, мэдээллээ тавьсан. Боловсролын салбарын хамгийн эхний бодлогын анхаарах асуудлын нэг нь хүүхдийн тоо, ажиллаж буй багш, ажиллагсдын ачаалал зэргийг харгалзсан харилцан адилгүй төсвийн бодлого баримталж ажиллах нь чухал байна. Багш нарын ур чадварыг хөгжүүлэх, хөгжлийг нь дэмжих шат дараалсан бодлого баримталж ажиллах шаардлага зүй ёсоор үүсч байна. Үүнийг мэдээллийн технологийн тусламжтайгаар хамгийн бага зардлаар, хамгийн их үр ашигтай байхаар хөгжүүлэх шаардлагатай. 
Мөн нөгөө талаас хүүхдийн мэдлэг чадварыг хөгжүүлж сургалтын чанарыг дээшлүүлэхийн тулд багшийн заах арга, ур чадвар, багшийн хандлага, боловсролыг үнэлж буй эцэг эхийн хандлагыг ч эерэгжүүлэх, эцэг, эхчүүдийг багш, сургуультай хамтраад хүүхдээ нийгэмд сайн хүн болгож төлөвшүүлэхэд харилцан хамтран үүрэг хүлээх ёстой гэдгийг ухамсарлуулах, хүүхдийн аливаа ажилд татан оролцуулах шаардлагатай байгааг ч дурьдах нь зөв. 

-Саяхан та тойрогтоо ажиллаад ирсэн. Иргэд, сонгогчид тань юу хэлж, ярьж байна бэ? 

-Аймгийнхаа арван суманд ажиллаж, иргэдтэйгээ уулзлаа. Цэцэрлэг, сургууль гээд төрийн бүх байгууллагын нөхцөл, байдалтай газар дээр нь очиж танилцлаа. Ингээд явж байхад багш нар өөрсдийгөө хөгжүүлэх боломж нөхцөл муу байна, шилэн кабель интернет, түүний хурд удаашралтай, төрөл бүрийн сургалтыг цаг алдалгүй авдаг байх, мэдээ мэдээллээр түргэн хангадаг байх хэрэгтэйг уламжилж байсан.

-Юу гэсэн үг вэ?

-Өөрөөр хэлбэл, тэд мэдээ мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа хэдий ч тухайн сургуульд интернэт байхгүй, байсан ч төлбөр өндөр, хөрөнгө санхүү хүндрэлтэй учраас төлбөрөө төлж чадахгүй таслуулдаг, иймээс мэдээллээс хоцрох, сурагчдаасаа хоцрох хүртэл нөхцөл байдал үүсч байна. Уг нь, боловсролын салбарт түгээж байгаа тэрхүү мэдээ, мэдээлэл нь минутаар хэмжигдэж хөдөө орон нутагт ажиллаж байгаа багш нар мөн цаг хугацаатай уралдан хөгжих хэрэгтэй. Ингэж байж Монголын боловсролын салбар тэгш, хүртээмжтэйгээс гадна чанартай болно. Нөгөөтэйгүүр судалгааны үр дүнгээс харахад төв суурин газар руу шилжих ард иргэдийн хөдөлгөөн боловсрол, эрүүл мэндийн чанартай шууд холбоотой байна. Тэд энэ мэт асуудлаас болж, хүүхдийнхээ ирээдүйг бодож хот суурин газрыг бараадаж байна. Дээр нь нилээд суманд зөвхөн төрийн байгууллагаас хамааралтай л ажлын байр байна. Өөр ямар ч ажлын байр алга. Тэгэхээр өнөөх л төрийн байгууллагын ажилтны хүүхдүүд нь эцэг, эхийгээ дагаж тэндээ үлдэж, бусад нь чанар дагаж төв газар бараадаж байгаа нь анзаарагдаж байна. Эндээс хотын төвлөрөл, сургуулийн ачаалал нэмэгдэж, хүүхэд нэг бүрийн сурах боломжид нөлөөлж байна. Иймээс хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй, шийдвэр гаргах, хамтран ажиллаж амьдрах, насан туршдаа суралцах чадвартай, үндэсний хэл, соёл, ёс уламжлалаа эрхэмлэдэг иргэн болгож төлөвшүүлэх орчныг бүрдүүлэхэд эцэг эх, төрийн үүрэг, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагаа нэн чухал бөгөөд боловсролын чанар хүртээмжийг нэмэгдүүлэн өрсөлдөх чадварыг сайжруулах, бие даасан бүтээлч үйл ажиллагааг дэмжих замаар багш, хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

-Таны ярьж байгаагаар бол аливаа сум, багийн хөгжил боловсролын салбартай шууд холбоотой гэсэн үг үү?

-Сум багийн гэхээсээ илүүтэй өрх гэр бүлд нөлөөтэй гол хүчин зүйл боловсрол, эрүүл мэндийн салбар, нөгөө талаар айл гэрийн эдийн засгийн ихэнх хэсэг нь энэ салбарт зарцуулагдаж байна гэж хэлэхэд болно. Жишээлбэл, хөдөөд малаа маллаад нөхөр нь амьдарч байхад, эхнэр нь хүүхдээ хараад л аймгийн төв дээр амьдарч байна. Хоёр тусдаа хоёр өрхийн бүртгэл дор тал, талд зардал, чирэгдэл болоод амьдарч байна. Энэ нь даяаршсан нийгэмд амьдарч байгаа иргэний үр хүүхдийнхээ сайн сайхан боловсролын төлөө хийж байгаа сонголт болохоор үүнийг үгүйсгэх аргагүй. Гэвч энд Монгол Улсын Үндсэн хуульд тусгагдсан хүн бүр тэгш, хүртээмжтэй боловсрол эзэмших төрийн бодлого алдагдаж байна гэж үзэж байна. Миний сонгогдсон тойрог, сумдад үйлдвэр байхгүй, уул уурхай байхгүй алслагдсан жижиг сумдад энэ асуудал хамгийн тулгамдсан асуудал болж байна. Хүүхдийн тооноос хамаарсан хувьсах зардал, хувьсах зардалд тулгуурласан төсвийн хуваарилалт, төсөвтөө захирагдсан сургууль, цэцэрлэг, эмнэлэг. Гол гурван салбарын хөгжил хөдөөд ийм байдалтай. Өрхийн эдийн засаг хямраад байгаа гол шалтгаан энэ. Багтаа, сумандаа төрийн үйлчилгээг жигд авч чадаж байвал иргэн тэндээ л амьдарна. 

-Та Төсвийн байнгын хорооны гишүүн, төрийн бүх байгууллагын норм нормативын талаар, чуулган дээр санаачлага гаргаж байсан, энэ асуудал энд хамааралтай юу?

-Хамааралтай байлгүй яах вэ, гол нь төсөв мөнгөтэйгээ уялдаж байж төрийн үйл хэрэг явагдана. Үүнд тулгуурлах гол асуудал нь энэ норм норматив, стандарт. Үнэндээ 2016 оны төсвийн тодотголтой холбогдуулан парламентын ихэнх гишүүд маань нэлээн олон санал, санаачилга гаргаж байсан. Ээлжит бус чуулганаар УИХ-ын тогтоолоор төрийн бүх байгууллагын норм, нормативыг эргэж хараач ээ, 2017 оны төсвийн жилээс эхлэхээр шийдвэрлэсэн, тэгж байж төсвийн сахилга хариуцлага гэдэг зүйлийг бид ярина. Чанар, бүтээмжийн асуудал үүнтэй нягт холбоотой шүү дээ.

-Бас та Үндэсний аудитын газрын тайланд тусгагдсан хариуцлага тооцох асуудлыг Төсвийн байнгын хороонд оруулах саналыг гаргаж байсан бил үү?

-Монгол Улсын төсөв санхүүгийн гүйцэтгэлд хяналт тавьдаг мэргэжлийн байгууллага бол аудит. Аудитын тайланг сонссон, хууль зөрчсөн үйлдлүүд, тайланд нь дүгнэлт, зөвлөмж чиглэл өгсөн олон асуудал байсан. Төсвийн хариуцлага алдсан төсвийн захирагч нартай хэрхэн ажилласан тухай заавал мэдээллээрэй гэсэн. Энэ чуулганаар мэдээлэх байх. Учир нь, аливаа улс төсвийн сахилга баттай байж бид ирээдүйгээ зөв төлөвлөнө. Төрийн байгууллагын чанар, хүртээмж иргэдэд ил тод, шударга хүрнэ. Ард иргэдийн төрд итгэх итгэл эндээс эхэлнэ гэдэгт бат итгэдэг. 

-Боловсролын салбарт их, дээд сургуулийн төлбөрийн асуудал их хөндөгддөг. Та УИХ-ын чуулганы хуралдаан дээр их, дээд сургуулийн сургалтын төлбөрийн асуудлыг хөндөж ярьж байсан?

-Наймдугаар сарын сүүлээр чуулганы хуралдаан дээр энэ асуудлыг хөндөж байсан. Саяхан сумдаар ажиллаж байхад сувилагч, бага эмчийн дутагдал их байна. Ажлын байргүй дээд мэргэжилтнүүд бүр их. Судалгаанд хамрагдсан иргэдийн ихэнх нь хүүхдээ их, дээд сургуульд сургахын тулд жилд таваас дээш сая төгрөгний зээл авч сургалтын төлбөр, амьдрах байр, хувцас хунар, хичээлийн хэрэглэлд зарцуулдаг. 
Үүнийг төлж дуусаагүй байтал дараагийн жил болдог. Гэтэл хүүхэд нь мэргэжлээ буруу сонгосон, сурч чадахгүй, сурах сонирхолгүй, сургалтын төлбөрийн боломжгүй гээд л олон шалтгааны улмаас 20 орчим хувь нь гэртээ буцаад л ирдэг. Эцэг, эх нь үр ашиггүй зээлийн өртэйгөө хоцордог тохиолдол олон байна. Дунд сургууль, МСҮТ, их дээд сургуулийн нөхцөл байдалд системтэйгээр хандахгүй бол энэ асуудал шийдвэрлэгдэхгүй төдийгүй хөдөлмөрийн зах зээл дээрх энэ гажуудал арилахгүй ээ. Одоо боловсон хүчний чанарт анхаарлаа хандуулмаар байна. Иргэн ажлын байраар хангагдах нөхцөл боломжинд тулгуурлах, үүнд чиглэсэн шинэчлэлийг хийх хэрэгтэй.